Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
“Дэлхийн адууны өдөр”-ийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,
Эрхэм хүндэт адуучид аа,
Адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид ээ,
Эрхэм хүндэт зочид, наадамчид аа,
Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэгч Та бүхэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон Монгол Улсаас өргөн дэвшүүлье.
Монголчууд бид өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, Евроазийн өргөн уудам нутагт сүр хүчээ мандуулан хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Хүннү гүрэн, Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, гал голомтыг нь сахин ирсэн түүхтэй ард түмэн билээ.
Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч нар наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутгийг хамарсан Эзэнт гүрнийг байгуулан, өрнө, дорнын соёлыг өртөөлөн ойртуулж, хөгжил дэвшлийг хурдасгаж, хүн зоныг энхжүүлж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтооход монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монголчуудыг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй.
Монгол морь бол монголчууд бидний эрхэм бахархал юм.
Дэлхий дээр 60 гаруй сая адуу байгаагийн 5 сая гаруй нь Монголын тал нутаг, манай сайхан улсад байна.
Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бидний хүн төрөлхтний адууны өв соёлд оруулсан хувь нэмэр асар их бөгөөд цаашид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд бид бүхний үүрэг, оролцоо, манлайлал нэн чухал юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний ахуй амьдрал, соёл иргэншил, хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн адуу хийгээд түүнийг дагаж хөгжсөн өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, судлан хөгжүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2025 онд “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцэн баталж, дэлхий нийтээрээ Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэж байна.
Хүн төрөлхтний амьдрал, аж ахуй, соёлын түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн улс орнуудад Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Адуу болон адууны аж ахуйн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, адууны өв соёлыг хадгалан хамгаалах, мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг дэмжихэд “Дэлхийн адууны өдөр” нэн ач холбогдолтой байх болно.
Монголчуудын адууны өв соёлын нэг чухал хэсэг нь хүн төрөлхтний соёлын биет бус өв, мянга мянган жилийн түүхтэй монгол наадмын бүрэлдэхүүн хурдан морины уралдаан билээ.
Хурдан морины уралдаан нь эрт дээр үеэс тал нутгийн дайчин зоригт баатруудын үр удам монголчууд бидний цэрэг дайны бэлтгэл болж, манай ард түмнийг бие бялдар, зүрх сэтгэл, оюун санааны хувьд хүчирхэгжүүлэн хөгжүүлж ирсэн түүхэн уламжлалтай.
Ийм учраас “Дэлхийн адууны өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины уралдааныг анх удаа зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаанд олон шилдэг хурдан хүлэг оролцож, хурд хүчээ үзэж, торгон жолоогоо өргүүлж байгаад Монголын ард түмэн сэтгэл хангалуун байна.
Түүнчлэн Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан түмэн морьтны ид хавт жагсаал зохион байгуулж, өндөр дээд өвөг дээдсийнхээ байгуулсан түүх, соёл, бүтээсэн алдар гавьяаг дэлхий дахинаа дуурьсгаж байгаад баяртай байна.
Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг маань өсөн арвижихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэгч даян дэлхийн улс орнуудад “Дэлхийн адууны өдөр”-ийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, Эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлье.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай хэмээлээ.


