Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар баталж, уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ жил анхны “Дэлхийн адууны өдөр”-өөр Түмэн морины жагсаал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа Хүй долоо худагт болж өндөрлөв.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсав. Энэхүү жагсаалд Монголын салбар салбарын төлөөллөөс гадна алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар Түмэн морины парадад оролцжээ. байна. Энэ нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлснийг зохион байгуулагчид онцоллоо.
“Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Дэлхийд 50 сая гаруй адуу байдгаас 10 гаруй хувь нь буюу 5 сая орчим нь манай улсад бий. Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг юм.


