“The Odyssey” кино нээлтийнхээ дараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, ирэх оны “Оскар”-т шагнал хүртэх боломжит гол өрсөлдөгчдийн нэгээр яригдаж эхэллээ. Грекийн эртний яруу найрагч Гомэрийн алдарт туульсаас сэдэвлэсэн гурван цаг үргэлжлэх тус бүтээлийн дэлхийн нээлт Лондон хотноо болсон билээ.
Кино үзсэн шүүмжлэгчид тус бүтээлийн талаар анхны сэтгэгдлээ хуваалцахдаа “Кристофер Ноланы ‘The Odyssey’ кино нь дайны дараах хоосрол, итгэл найдвараа алдсан хүний сэтгэл зүйг үхэгсдийн ертөнцөөр дамжуулан өгүүлсэн асар том цар хүрээтэй домогт бүтээл юм” хэмээн онцолсон байна.
“IndieWire”-ийн ахлах редактор Энн Томпсон тус киног Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвших төдийгүй ялах боломжтой бүтээл гэж үнэлжээ. Мөн гол дүрийн жүжигчин Мэтт Дэймон тус шагналын хүчтэй өрсөлдөгч байж болох талаар сошиал хуудаснаа онцолсон байна.
Олон шүүмжлэгч киноны өнгөний зохицлын шийдэл, тулаант хэсгүүд болон жүжигчдийн тоглолтыг онцгойлон магтаж байна. Ялангуяа эсрэг талын дүр болох Антиноусын дүрийг бүтээсэн Роберт Паттинсоны тоглолт хамгийн их анхаарал татжээ.
Кино шүүмжлэгч Дэвис киноны бүтээмж, тайз, орчны дизайн болоод тулааны хэсгүүд болон нийт цар хүрээг өндөр үнэлжээ. Тэрбээр “Зураг авалтын орчин үнэхээр бодит мэт санагдаж, тулаант хэсгүүд нь гайхалтай хүчтэй болсон. Харин намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол Нолан аймшгийн элементүүдийг хэрхэн шингээсэн явдал байлаа. Зарим хэсэг нь үнэхээр түгшүүр төрүүлэм бөгөөд энэ нь түүний найруулгын хэв маягт шинэ өнгө нэмсэн” гэж байлаа.

