Их Британийн албан ёсны цомгийн жагсаалт (Official Albums Chart) байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан шинэ чансаагаар “Oasis” хамтлагийн 1995 онд гаргасан “(What’s the Story) Morning Glory?” цомог бүх цаг үеийн хамгийн амжилттай студийн цомгуудын жагсаалтад “The Beatles”-ийн домогт “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийг ардаа орхилоо.
Албан ёсны чансааг бие даасан болон дижитал борлуулалт, мөн стримингийн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг. Энэхүү жагсаалтыг “Queen” хамтлагийн ” Greatest Hits” цомог тэргүүлж, “ABBA” хамтлагийн “Gold” цомог удаалж, гуравдугаарт “Oasis” хамтлагийн “(What’s the Story) Morning Glory?” цомог, дөрөвдүгээрт дуучин Аделийн “21″ цомог, тавдугаарт “The Beatles” хамтлагийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог эрэмбэлэгджээ.
“Oasis”-ийн “(What’s the Story) Morning Glory?” цомог 1995 онд худалдаанд гарсан даруйдаа асар их амжилт олж байсан бөгөөд 2025 оны хамтлагийн эргэн нэгдэлтэй холбоотой тоглолтуудын дараа дахин өндөр эрэлттэй болж, стримингийн тоо огцом өссөн нь “The Beatles”-ийн сонгодог цомгийг гүйцэж түрүүлэхэд гол нөлөө үзүүлжээ.
Харин зөвхөн биет болон дижитал борлуулалтыг тооцвол “The Beatles”-ийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог “Oasis”-ийн өмнө бичигдсэн хэвээр байгаа юм. “Oasis”-ийн цомгийн давуу тал нь стримингийн асар өндөр үзүүлэлтээр бүрдсэн нийлбэр оноо юм.
Мөн хамгийн их стримингтэй цомгуудын жагсаалтыг дуучин Эд Шираны “÷” (Divide) тэргүүлсэн бол, “Fleetwood Mac”, “Oasis” хамтлаг, дуучин The Weeknd, репппер Эминем удаалжээ. Энэ нь өнөөдөр сонсогчид бүтэн цомог бус, дуртай дуугаа сонгон сонсох хандлага давамгай болсныг харуулж байна.

