Жүжигчин Антонио Бандерас болон түүний хуучин эхнэр, жүжигчин Мелани Гриффит нар гэрлэлтээ цуцлуулснаас хойш 11 жил өнгөрсөн ч харилцаагаа сайн хадгалж, дотно найзууд хэвээр байгаа аж.
Антонио Бандерас 2026 онд өгсөн ярилцлагадаа Мелани Гриффитийг “миний хамгийн сайн найз биш юм гэхэд хамгийн сайн найзуудын маань нэг” хэмээн тодорхойлжээ. Антонио Бандерас Лос-Анжелес хотод очих бүрдээ Мелани Гриффиттэй уулздаг хэвээр. Тэд охин Стелла Бандерастай хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж, гэр бүлийн дотно харилцаагаа үргэлжлүүлдэг байна.
Бандерас, Гриффит нар 1995 онд “Two Much” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд дараа жил нь буюу 1996 онд гэрлэсэн. Тэд 18 жил ханилсны эцэст 2014 онд тусдаа амьдрахаар шийдэж, салалтаа 2015 онд албан ёсоор эцэслүүлсэн. Тэд салалтынхаа талаар тухайн үед бие биенээ хүндэтгэж, хайр хүндэтгэлтэй, найрсаг байдлаар гэрлэлтээ дуусгана хэмээн мэдэгдэж байсан юм.

