Монголын дүрслэх урлагийн түүх, уламжлал, хөгжлийн үе шат, уран сайхны сэтгэлгээний хувьслын чухал төлөөлөл болсон бүтээлүүдийг олон нийтэд толилуулах зорилготой Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн өнгөрсөн бямба гараг /2026.08.15/-т нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй үе үеийн уран бүтээлчдийн бүтээн туурвисан дүрслэх урлагийн үнэт өв, сор бүтээлүүдийг шинэ агуулга, үзүүлэнгийн зохион байгуулалттайгаар олон нийтэд хүргэж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн байнгын үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн өв, уламжлал, хөгжлийн үе шат, уран бүтээлийн олон талт байдлыг харуулсан зургаан хэсгээс бүрдэж байна. Хэсэг бүр өөр өөрийн сэдэв, уран сайхны хэлбэр, материал, техник болон үзэл санааны онцлогоороо ялгарахын зэрэгцээ Монголын дүрслэх урлагийн нэгдмэл түүхэн орон зайг бүрдүүлж буй юм.




