BTS-ийн Жонгүг болон хөрөнгө чинээтэй бусад хүмүүсийг онилсон олон улсын хакерын бүлгийн толгойлогч гэж сэжиглэгдсэн этгээдэд Өмнөд Солонгост 20 жилийн хорих ял оноожээ.
Сөүл хотын Төв дүүргийн шүүх наймдугаар сарын 20-нд БНХАУ-ын иргэн A хэмээн нэрлэгдсэн этгээдэд анхан шатны шийдвэрээр ял оноосон байна. Түүнийг залилан болон Өмнөд Солонгосын мэдээллийн сүлжээний тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ.
Прокуроруудын мэдээлснээр, уг бүлэг хөрөнгө чинээтэй хүмүүсийг зориуд сонгон онилж, тэдний хувийн мэдээллийг хууль бусаар олж аван санхүүгийн дансанд нь нэвтрэхийг оролддог байсан байна. A нь Тайланд зэрэг гадаад орнуудаас хакерын ажиллагааг зохион байгуулж, 2023 оны наймдугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд хохирогчдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэж үзжээ.
Тус бүлэг хохирогчдын нэр дээр зөвшөөрөлгүй гар утасны дугаар нээж, түүгээр дамжуулан санхүүгийн данс руу нэвтэрсэн байна. Ингэснээр нийт ойролцоогоор 38 тэрбум воныг завшсан гэх мэдээлэл гарчээ.
Хохирогчдын дунд BTS-ийн Жонгүг багтсан байна. Түүнийг цэргийн албанд татагдсаны дараахан хувийн мэдээллийг нь ашиглан брокерын дансанд нь хууль бусаар нэвтэрсэн гэж мэдээлэгдсэн юм. Үүний улмаас Жонгүгийн данснаас ойролцоогоор 8.4 тэрбум воны буюу 6 сая ам.доллар орчмын үнэ бүхий “Hybe”-ийн хувьцааг шилжүүлэх оролдлого хийсэн гэжээ. Гэвч эрх баригчид гүйлгээг цаг алдалгүй царцааж чадсан тул Жонгүг бодит санхүүгийн хохирол амсаагүй гэж аж.

