Комедиан М.Баяржаргал Монгол Улсын Гавьяат тамирчин, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднаад хүссэн үедээ “Elite Travel” компанийн “Газрын Диваажин Хайнань” аялалд хайртай хүнтэйгээ аялах эрхийн бичиг бэлэглэхээр болжээ.
Энэ тухайгаа М.Баяржаргал цахим хуудсандаа “Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа танд үлгэрлэл авдаг фанатын зүгээс талархал илэрхийлэн, Хайнаньд амрах хос эрхийн бичиг бэлэглэж байна.
Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэхийн сацуу БНСУ-ын Дэгү хотод зохиогдсон Мастеруудын ДАШТ-ий 90-ээс дээш насны ангилалд 100 метрийн төрөлд алтан медаль хүртсэнд халуун баяр хүргэе.
Таны өдийг хүртэл хийсэн зүйлс, байгуулсан гавьяа тань олон олон залуучуудад урам зориг өгдөг юм шүү. Та бидэнд тууштай байдал, сахилга бат, хичээл зүтгэл, хамгийн гол нь нас бол тоо гэдгийг батлан харуулсан. Би шүтдэг тамирчдаа нэрлэ гэвэл Криштиану Роналдо, Лионел Месси, Лербон Жэймс, Цэрэн Раднаа гэж хэлнэ ээ…
Өнөөдрийг хүртэл байгуулсан гавьяаг тань төр зохих ёсоор нь үнэлнэ гэдэгт итгэж байна. Харин тэрнээс урьтаж залуу бизнес эрхлэгчийн зүгээс чадахаараа нэгэн бэлэг барихыг хүслээ. Та бэлгийг минь хүлээн авна уу.
Та манай “Elite Travel” компаниар хүссэн үедээ “Газрын Диваажин Хайнань” аралд хайртай хүнтэйгээ аялж, амраарай. Бид байгуулагдаад удаагүй байгаа ч салбарын шилдгүүд манай компанид байна. Танд мартагдахгүй аяллыг бүтээж өгөх болно. Танд дахин дахин баяр хүргэе. Бас баярлалаа. Та үүнийг, үүнээс ч илүүг хүртэх эрхтэй. Хүндэтгэсэн, залуу бизнес эрхлэгч, комедиан Баяржаргал” хэмээн нийтэлжээ.

