Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин, бизнес эрхлэгч Бейонсе Жизель Ноулз-Картер өнөөдөр 45 нас хүрч байна.
Өвөрмөц хоолой, төгс тайзны үзүүлбэр, уран бүтээлийн зоригтой шинэчлэлээрээ тэрбээр орчин үеийн поп хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн онцгой байр суурийг эзэлсэн билээ.

Бейонсе 1981 оны есдүгээр сарын 4-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод төржээ. Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой байсан тэрбээр урлагийн авьяасаа эрт харуулж, улмаар хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байна.

Түүний амьдралын хамгийн том эргэлтийн нэг нь “Destiny’s Child” охидын хамтлаг байлаа. 1990-ээд оны сүүлээр тус хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, Бейонсе дэлхий дахинд танигдсан юм. “Say My Name”, “Bills, Bills, Bills”, “Survivor” зэрэг хит дуу нь “Destiny’s Child”-ийг тухайн үеийн хамгийн амжилттай охидын хамтлагуудын нэг болгожээ.

2003 онд Бейонсе анхны бие даасан цомог болох “Dangerously in Love”-оо гаргасан нь түүний карьерын шинэ үеийг эхлүүлэв. Тус цомогт багтсан “Crazy in Love” болон “Baby Boy” дуунууд дэлхий даяар хит болж, Бейонсег зөвхөн хамтлагийн гишүүн бус, бие даасан дэлхийн хэмжээний супер од гэдгийг баталсан юм.

Дараагийн жилүүдэд тэрбээр “B’Day” (2006), “I Am… Sasha Fierce” (2008), “4″ (2011), “Beyoncé” (2013), “Lemonade” (2016), “Renaissance” (2022), “Cowboy Carter” (2024) зэрэг цомгуудаараа хөгжмийн хэв маягаа тасралтгүй шинэчилж иржээ. Түүний цомгууд R&B, поп, хип хоп, хаус, кантри зэрэг олон төрлийг нэгтгэж, Бейонсег үе үеийн хамгийн олон талт уран бүтээлчдийн нэг болгосон байна.
Бейонсе өнөөдрийн байдлаар “Грэмми” шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч юм. Тэрбээр нийт “Грэмми”-д 99 удаа нэр дэвшиж, 35 удаа хүртэж байв.
Бейонсе хөгжмөөс гадна кино урлагт ч амжилт гаргасан. Тэрбээр “Dreamgirls”, “Cadillac Records”, “The Lion King” зэрэг кино, төслүүдэд оролцжээ. Мөн тэрбээр продюсер, бизнес эрхлэгчийн хувиар “Parkwood Entertainment” компаниараа дамжуулан хөгжмийн болон дүрслэх урлагийн олон төслийг хэрэгжүүлдэг.



