Холливудын нэрт жүжигчин Итан Хоук Францын Довиль хотноо зохион байгуулагдсан Америкийн кино наадамд оролцож, кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн тусгай шагнал хүртжээ.
Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 4-нд эхэлсэн Довилийн Америкийн кино наадмын үеэр “Deauville Talent” Award шагналын эзэн болсон байна. Энэхүү шагналыг түүний олон арван жилийн турш бүтээсэн уран бүтээл, дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн гардуулжээ.
Наадмын үеэр Итан Хоукийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох “The Weight” кино үзэгчдийн хүртээл болсон юм. Найруулагч Падраик МакКинлигийн бүтээсэн энэхүү түүхэн триллер кинонд Хоук гол дүр болох Сэмюэл Мерфиг бүтээжээ.
Киноны үйл явдал 1933 оны Орегон мужид өрнөнө. Эхнэрээ алдсаны дараа охиноосоо хагацаж, хүнд хөдөлмөрийн лагерьт хоригдсон Сэмюэл Мерфи эрх чөлөөгөө олж, охинтойгоо дахин уулзахын тулд амь насаа эрсдэлд оруулах аюултай замыг сонгодог байна.
“The Weight” кинонд Итан Хоукаас гадна “Оскар”-ын шагналт жүжигчин Рассел Кроу, Жулиа Жонс, Остин Амелио, Ави Наш нар дүр бүтээжээ. Тус кино 2026 оны нэгдүгээр сард болсон “Sundance” кино наадамд анх удаа үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дараа нь олон улсын кино наадмуудын хөтөлбөрт багтсан байна. Харин АНУ-ын кино театруудаар есдүгээр сарын 18-наас албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.

