Монголын анимэйшн, хүүхэлдэйн киноны уран бүтээлчид, уран бүтээлийг олон нийтэд таниулах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “ANIMO Festival 2026” есдүгээр сарын 12, 13-нд “AIC Steppe Arena”-д болно.
Энэ жилийн фестиваль нь Кино урлагийг дэмжих сангийн 2026 оны нэгдүгээр ээлжийн сонгон шалгаруулалтад шалгарч, санхүүгийн дэмжлэг авсан төслүүдийн нэг юм.
Фестивалийн хүрээнд Монгол болон олон улсын анимэйшн, хүүхэлдэйн киноны бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ уран бүтээлчид, мэргэжлийн салбарын төлөөлөл, хүүхэд залуусыг холбон, анимэйшн урлагийн шинэ боломж, чиг хандлагыг танилцуулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“ANIMO Festival 2026” нь анимэйшн урлагийг зөвхөн хүүхдийн контент бус, бүтээлч үйлдвэрлэл, кино урлагийн чухал нэгэн хэсэг гэдгийг олон нийтэд таниулах, үндэсний уран бүтээлчдийн бүтээлийг дэмжих зорилготой.

