Ятгачин Ө.Ариунхишигтэй ярилцлаа.
-Та ятгатай анх хэзээ, хэрхэн холбогдож байсан бэ?
-Би 2007 онд Хөгжим бүжгийн коллежид Ё.Отгонтуяа багшийн шавь болж, анх ятга хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Үүний дараа СУИС-д Ч.Амарбаясгалан багшийн шавь болж, бакалавр болон магистрын зэргээ хамгаалсан. Харин Тайвань улсын Тайпей хотын Тайванийн урлагийн их сургуульд Хятад ятгын багш, профессор Fan Wei-Tsu-ийн шавь болж суралцан төгссөн.
Одоо Монгол Улсын Консерваторид ятга хөгжмийн багшаар ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар өөрийн цахим хуудсаар дамжуулан тоглолтын захиалга авч, мөн ятга хөгжим сурах хүсэлтэй хүмүүст ганцаарчилсан хичээл заадаг.
-Ятгын утсыг татахад хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Анх ятга сурч эхэлж байхдаа би 11 настай байсан. Тухайн үед нэг их гоё мэдрэмж авахаасаа илүү зөв сууж сурах, гарын зөв барилт, тавилтыг эзэмших, ур чадварынхаа суурийг зөв тавихад анхаардаг байлаа. Харин тоглож, суралцаж мэргэжилдээ гүнзгийрэх тусам ятга хөгжимдөө улам хайртай болсон. Одоо бол ганцхан утсыг хэрхэн татахаас хүртэл тухайн бүтээлийн өнгө аяс, сонсогчдод хүрэх мэдрэмж өөрчлөгддөг. Тиймээс тоглож буй зохиолоосоо шалтгаалаад бүтээлийнхээ санаа, мэдрэмжийг өөр өөрөр илэрхийлэхийг хичээдэг.
-Хөгжим тоглоход хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Анх сурч эхэлж байх үед бага зэрэг хүндрэлтэй санагддаг байсан. Ер нь ямар ч хөгжмийн зэмсгийг тоглоход тухайн хөгжмийн онцлогоос шалтгаалсан өөр өөр бэрхшээл, сорилт тулгардаг. Ятгын хувьд хурууны өндгөөрөө утсыг татаж тоглодог учраас анхлан суралцаж байгаа үед хурууны өндөг цэврүүтэх, цэврүү нь томорч хагарах, заримдаа цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ тогтмол бэлтгэл, сургуулилттай байвал энэ асуудал аажмаар арилдаг.
-Ятгын ямар зүйл нь таныг хамгийн ихээр татсан бэ?
-Манай үндэсний урлаг нүүдэлчин ахуй, соёл, ёс заншилтайгаа салшгүй холбоотой учраас тэр чигээрээ агуу гайхамшиг гэж хэлж болно. Тэр дундаа миний сонгосон ятга хөгжим нэрнийхээ утгатай ч холбоотой санагддаг. “Ятгах” гэдэг нь хүнийг итгүүлэх, үнэмшүүлэх гэсэн утгатай. Тухайлбал, 91 чавхдастай индэр мөнгөн ятга гэх мэтээр ятга хөгжимтэй холбоотой сонирхолтой түүх, домог олон бий. Энэ бүхэн ятгыг улам онцгой, үнэ цэнэтэй хөгжим болгож өгдөг гэж боддог.
-Таны гарч байсан хамгийн том тайз ямар тайз байсан бэ. Тэр мөчид ямар мэдрэмж төрж байв?
-Маш олон сайхан тайз байдаг. Тэдгээрээс хамгийн анх наймдугаар ангид байхдаа, 2011 онд сургуулийнхаа хаврын тайлан тоглолтоор Монгол Улсын Филармонийн тайзан дээр анх удаа гарч, ганцаараа гоцлол хөгжим тоглож байсан. Тэр миний хувьд хамгийн анхны том тайз минь байлаа. Дараа нь 2016-2020 онд Үндэсний урлагийн их театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж байхдаа 2017 онд “Үндэсний хөгжмийн их найрал”-ын 55 жилийн ойн гоцлол хөгжимчдийн тоглолтод хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын “Торгоны зам” бүтээлийг Үндэсний хөгжмийн их найралтай хамт хөгжимдсөн. Тухайн үед залуу хөгжимчин хүний хувьд маш их хариуцлага мэдэрч байсан ч надад үнэхээр гайхалтай санагдаж байсан.
Үүний дараа 2022 онд АНУ-ын Бостон хотод зохион байгуулагдсан “Global Musician Workshop” арга хэмжээнд Монголоос анх удаа ятга хөгжмөөр оролцсон. Мөн Тайваньд суралцаж байхдаа Тайпейн үндэсний их найрал хөгжимтэй хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ятгын концерт”-ыг хөгжимдөж байсан. Энэ тайз ч бас надад маш сайхан, мартагдашгүй мэдрэмжийг өгсөн.
-Таны тоглолтыг үзэж байгаа хүн юуг мэдрээсэй гэж хамгийн их хүсдэг вэ?
-Юуны өмнө тухайн бүтээлийнхээ утга агуулгыг мэдрээсэй гэж хүсдэг. Зүгээр нэг хөгжмийн аялгуу сонсоод өнгөрөхөөс илүүтэй тухайн бүтээлээр дамжуулж ямар мэдрэмж, ямар санаа хүргэхийг зорьж байгааг маань сонсогч мэдрээсэй гэж боддог. Тухайлбал, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын гуравдугаар уралдаанд оролцохдоо хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр багшийнхаа “Хайрын бүжиг” хэмээх лимбэ, морин хууртай хосолсон бүтээлийг тоглож байсан. Тэр үед би энэ бүтээлийг сонсож байгаа хүмүүс “Хайрын бүжиг”-ийн хөг аялгуугаар дамжуулан хайр гэдэг мэдрэмжийг өөр өөрийнхөөрөө мэдрээсэй гэж хүсэж байсан.
-Хамгийн мартагддаггүй, сэтгэлд үлдсэн ямар тоглолт байдаг вэ?
-Тайваньд суралцаж байхдаа Тайпейн үндэсний их найрал хөгжимтэй хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ятгын концерт”-ыг хөгжимдөж байсан үе хамгийн их санаанд үлдсэн. Тэр тоглолтод Монголоос гав ганцаараа оролцож байсан учраас надад маш их хариуцлага ногдож байсан. Тэр тоглолт надаар дуусах байсан болохоор сэтгэл зүйн хувьд ч нэлээд сандарч байлаа. Эргэн тойронд намайг дэмжиж, ярилцах хүн байгаагүй. Тоглолтын өмнө профессор Fan Wei-Tsu багш маань над дээр ирсэн. Би багшдаа сандарч байгаагаа хэлээд “Та миний нуруун дээр цохиод өгөөч. Тэгвэл бие арай хөнгөрөх юм шиг санагдаад байна” гэж хүртэл хэлж байсан. Тэр үед би “Миний цаана ятга хөгжим, ятга хөгжмийн цаана Монголын хөгжмийн урлаг, байгаа” гэж дотроо бодож байсан. Монголын үндэсний хөгжмийн урлагийг төлөөлж байгаа болохоор маш их хариуцлага мэдэрсэн. Тоглолтын дараа багш маань намайг “Тэнгэрээс буусан бэлэг” гэж хэлсэн.Тийм ч учраас тэр тоглолт миний хувьд хамгийн мартагдашгүй дурсамжуудын нэг болсон.
-Ятга бол Монголын үндэсний хөгжмийн зэмсэг. Гэхдээ өнөөдөр залуусын дунд ятга хөгжим хэр ойр байдаг гэж боддог вэ?
-Ятга хөгжмийг хүмүүс ихэвчлэн ардын урлаг, уламжлалт хөгжмийн зэмсэг гэдэг талаас нь мэддэг. Тиймээс залуучуудад ятгыг илүү ойртуулахын тулд бүжигтэй хослуулах уу, дуу хөгжимтэй хослуулах уу гэх мэтээр орчин үеийн бүтээл, cover хийхийг хичээсэн. Тухайлбал, бүжигчин Б.Халиун найзынхаа хамт Billie Eilish-ийн “Bad Guy” дууг ятгаар тоглож, найз маань бүжиглээд бичлэг хийж байсан. Тэр бичлэгийн доор хүмүүс “Ятгаар ийм ая тоглож болдог юм байна шүү дээ” гэж их таатай хүлээж авч байсан. Энэ нь ятга хөгжмийг зөвхөн уламжлалт хөгжим гэж харахаас илүү орчин үеийн хөгжимтэй хослуулж, залуучуудад өөр өнцгөөс хүргэж болохыг харуулсан. Тиймээс ятгынхаа үндэсний өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ орчин үеийн хөгжмийн чиг хандлагатай хослуулж, залууст илүү ойртуулахыг хүсдэг.
-Монголын хөгжмийн урлагт эмэгтэй уран бүтээлч байх ямар байдаг вэ?
-Эмэгтэй уран бүтээлчийн хувьд хөгжимдөө уян зөөлөн чанар, гоо сайхныг шингээж, өөрийн мэдрэмжээрээ илэрхийлэх боломжтой байдаг гэж боддог. Хөгжмийн салбар өөрөө их ариун нандин, гайхалтай ертөнц. Тэр дундаа ятга бол өөрөө их онцгой, бурханлаг хөгжим гэж би боддог. Ятгын аялгууг тоглож байх үедээ сэтгэл нэг л тайвширч, баясал, дотоод мэдрэмжтэй холбогддог. Тиймээс эмэгтэй хүний уян зөөлөн чанар, ятгын эгшиг хоёр хоорондоо их сайхан зохицдог гэж боддог.
-Ятгын хөгжмийг гадаадын үзэгчдэд хүргэхэд хамгийн том давуу тал нь юу гэж боддог вэ?
-Манай ятгын сургалт 1961 оноос эхлэхдээ солонгос багшийн арга барилаас тодорхой хэмжээнд суралцаж эхэлсэн түүхтэй. Тиймээс өнөөдөр Хятад, Солонгос зэрэг өөр өөр орны ятгын зохиолыг тоглоход дасан зохицох, тоглох арга барилаа өөрчилж хувьсах чадвар сайтай байдаг.
Сүүлийн үед бүр монгол ятгын тоглох арга барилыг дуурайн хумсгүй тоглодог болсон нь манай ятгын арга барил бусад орны хөгжимчдийн сонирхлыг татаж буйг харуулж байгаа гэж боддог. Энэ уян хатан байдал нь монгол ятгыг гадаадын үзэгчдэд танилцуулахад бидний нэг том давуу тал юм.
-Таны хувьд “сайн хөгжимчин” гэж ямар хүнийг хэлэх вэ. Зөвхөн техникээс гадна өөр юу хэрэгтэй вэ?
-Миний бодлоор сайн хөгжимчин хүн ур чадвар, техникээс гадна зөв зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүний зан чанар, дотоод мэдрэмж хөгжмөөр нь дамжиж илэрдэг гэж боддог. Мөн тоглож байгаа зохиолоо маш сайн ойлгож, ямар санаа, ямар мэдрэмжийг хүргэх гэж байгаагаа мэддэг байх нь чухал.
-Ятгачин болохыг мөрөөдөж байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Ятгачин болно гэдэг урт хугацааны тууштай хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс эхэндээ бага зэрэг хэцүү санагдсан ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн өнгө төрхийг бий болгох нь чухал. “Би яаж энэ хөгжмийг илүү сайхан илэрхийлэх вэ? Яаж хөгжимдвөл бусдаас онцгойрох вэ? Юугаараа ялгарах вэ?” гэдгээ олж, түүндээ үнэнч байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд Монголд маань олон сайхан ятгачин төрж, ятга хөгжмөө улам хөгжүүлж, дэлхийд таниулах олон уран бүтээлчтэй болоосой гэж хүсдэг.
Эх сурвалж: “Өдрийн сонин”

