Хүүхэд, залуус, иргэдэд хөгжмийн боловсрол олгох зорилгоор зургаан сумын Соёлын төвд үндэсний хөгжмийн бүрдлийг гардууллаа. Ёочин, морин хуур, шанз, хуучир, ятга, лимбэ зэрэг зургаан төрлийн нийт 54 ширхэг хөгжмийн зэмсгийг ССАЖЗЯ-аас 60 сая төгрөгөөр санхүүжүүлж, орон нутагт олгожээ.
Эдгээр хөгжмийн зэмсгүүд нь сургалтын болон тоглолтын зориулалттай.

Сумдын соёлын төвд үндэсний хөгжмийн зэмсэг хангалт муу, байгаа нь ашиглалтын хугацаа дууссан зэргээс шалтгаалан хөгжмийн дугуйлан тогтмол хичээллэхэд хүндрэл үүсээд байсан. Тиймээс энэ бол цаг үеэ олсон, нэн шаардлагатай, хүүхэд багачууд, соёлын ажилтнуудын авъяас сонирхолыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих том дэмжлэг байлаа гэдгийг Түмэнцогт сумын Соёлын төвийн эрхлэгч Г.Анхзул хэллээ.
Дэргэдээ олон төрлийн секц, дугуйлан хичээллүүлдэг соёлын төвүүдийн нэг бол Эрдэнэцагаан сум. Одоогоор үндэсний хөгжмийн дугуйланд 20 гаруй хүүхэд суралцдаг, албан хаагчид нь үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагтай. Дутуу байсан хөгжмийн зэмсэг дээрээ хүн нэмж сурган, хамтлагаа өргөжүүлэх боломжтой. Мөн тус соёлын төвийн циркийн дугуйланд 10 гаруй хүүхэд хичээллэж байна.

