“Грэмми”-ийн шагналт продюсер, хөгжмийн зохиолч Тимбалэнд буюу Тимоти Мосли хуучин менежер Гари Марелла болон бизнесийн менежер Брюс Секендорф нарын эсрэг 15 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн шүүхийн нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр тэднийг санхүүгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй төлбөр авсан, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, өөрийн хөрөнгийг бууруулсан гэж буруутгаж байна.
Тимбалэнд аравдугаар сарын 29-нд Калифорни мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнд залилан, итгэл хүлээсэн үүргээ зөрчсөн, иргэний журмаар эд хөрөнгө завшсан зэрэг үндэслэл дурджээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, түүний хуучин менежер Гари Марелла хөгжмийн бизнесийн хамтын төсөл болох “Beatclub”-ын санхүүг буруу удирдаж, зөвшөөрөлгүй шимтгэл, зардал хэлбэрээр хэдэн сая ам.доллар авсан гэх аж. Мөн Тимбалэндийн орлогоос авах шимтгэлийг хэтрүүлэн тооцож, хувийн зардлаа түүний санхүүжилтээр төлсөн, зарим санхүүгийн баримт болон харилцааны мэдээллийг өөрчилж нуусан гэж үзэж байна.
Тухайлбал, 2021 онд Тимбалэнд болон Swizz Beatz нарын үүсгэн байгуулсан “Verzuz” платформоос орж ирсэн хоёр удаагийн таван сая ам.долларын төлбөрөөс Марелла зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү шимтгэл авсан гэж нэхэмжлэлд дурджээ. Түүнчлэн 2019 онд хөгжмийн каталогийг “Hipgnosis” компанид худалдсан хэлцлээс зөвшөөрсөн 10 хувийн шимтгэлээс 775 мянган ам.доллар илүү авсан хэмээн буруутгасан байна.
Харин бизнесийн менежер Брюс Секендорфыг Тимбалэндийн орон сууцны зээлийн төлбөрийг төлөөгүйгээс байшин нь барьцаанд хураагдах эрсдэлд орсон, холбооны татварыг хугацаанд нь төлөөгүйгээс олон сая ам.долларын торгууль, алданги үүсгэсэн гэж буруутгажээ.
Тимбалэндийн мэдүүлснээр, 2025 оны гуравдугаар сард гэрт нь барьцаалан хураах тухай мэдэгдэл ирсний дараа санхүүгийн асуудлаа шалгуулж эхэлсэн байна. Улмаар бие даасан хуульч, санхүүгийн зөвлөхүүдээр шалгуулахад зөвшөөрөлгүй төлбөр, нууцалсан өр төлбөр болон өөрийнх нь мэдээгүй зээлийн хэлцэл зэрэг асуудал илэрсэн гэж нэхэмжлэлд өгүүлжээ.

