Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд сайн сайхан зүйлийг хүмүүст харуулахдаа үргэлж сайхан мэдрэмж төрдөг. Зураг бүр заавал гүн агуулга харуулсан байх албагүй шүү дээ, яагаад гоё өөдрөг, өнгө төрхийг харуулж болохгүй гэж…хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүйгээр хуваалцах нэгэн зураач залуухан бүсгүйтэй уулзлаа. Хэдий нас залуу ч Монголын томоохон галерей болох “Blue moon” арт галерейн захирал ажээ.Түүний нэр Э.Тэмүгэ.
-Мэргэжлийн зураач болоход сургууль төгсөөд л болчихдог уу. Бусад салбарын мэргэжилтнүүдтэй адил?
-Сургууль төгссөн гэдгээр нь зураачдын мэргэжлийн төвшинг тогтоохгүй. Сургууль төгссөн хэрнээ мэргэжлийн төвшинд хараахан хүрээгүй хүмүүс нилээд бий. Гэхдээ хоёр жил гаруй хугацаанд манай галерей үйл ажиллагаа явуулахад 30 удаагийн уран зургийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэсэн байна. Эдгээр үзэсгэлэнд маань мэргэжлийн хүмүүсийн уран бүтээл ч бий, мэргэжлийн төвшинд хүрээгүй хэрнээ бүтээж туурвисаар яваа хүмүүс ч оролцсон. Үзэсгэлэнд маань ирсэн бүтээлүүдэд манай галерейн зүгээс маш нарийн шалгуур тавьж, сонгон шалгаруулалт явуулдаг.
-Тэгэхээр мэргэжлийн зураач болоход диплом хамаагүй байх нь ээ дээ?
-Мэдээж зургаа авчирч байгаа зураачид диплом байна уу, үгүй юу гэдгийг харахгүй шүү дээ. Ямар ч салбарт харьцуулалт гэдэг зүйл байдаг. Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулж, галерейн нэр хүндийг унагахааргүй бүтээлүүдийг сонгодог гэж хэлж болно.
-Мэргэжлийн сайн уран бүтээлч хэрнээ шаардлага хангахгүй бүтээлийг үзэсгэлэнд оруулдаггүй гэж ойлгож болох нь ээ дээ?
-Төгс зүйл гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн хэрнээ бүх бүтээлүүд нь төгс байхгүй. Мэдээж тодорхой хэмжээнд учир дутагдалтай зүйл байна. Мэргэжлийн хэрнээ шаардлагад хүрэхгүй бүтээлүүдийг үзэсгэлэнд оруулахгүй хасдаг. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнгийн чанарыг алдагдуулах бүтээлийг мэргэжлийн, мэргэжлийн биш ч бай хасдаг гэж ойлгож болно.
-“Blue moon” арт галерейд хэчнээн гишүүн уран бүтээлчид байдаг вэ. Гишүүн уран бүтээлчид бүгд мэргэжлийн уран бүтээлчид байдаг уу. Насны хувьд хэд орчим насны хүмүүс байна вэ?
-Тэгэлгүй яахав. Залуу, ахмад гэж нас заадаггүй. Гол нь урлагтаа үнэнч, хайртай, байнга уран бүтээлээ туурвидаг хүмүүстэй хамтарч ажилладаг. Идэвхитэй уран бүтээл туурвидаг 70 орчим уран бүтээлчид манай галерейн гишүүн болсон. Тиймээс гишүүн уран бүтээлчдээ дэмжих, урамшуулах, уран бүтээлээ туурвихад нь чадах хэмжээгээр туслахыг хүсдэг.
-“Blue moon” арт галерей их идэвхитэй үйл ажиллагаануудыг гишүүддээ хандаж явуулдаг юм шиг ээ…?
-Удахгүй буюу аравдугаар сард модерн зургийн үзэсгэлэн, арван нэгдүгээр сард уран зураг, уран баримал гэсэн сэдвүүдээр үзэсгэлэн гаргах гэж байгаа. Харин арванхоёрдугаар сард график зургийн чиглэлээр үзэсгэлэн гаргахаар зэхээд байна. Эдгээр үзэсгэлэн бүрээс шилдэг бүтээлийн эздийг тодруулах болно. Шилдэг бүтээлийн маань эзэнд “Blue moon” арт галерейд хүссэн сараа сонгоод 10 хоног үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхийг олгох юм. Уран бүтээлч хүнд өгөх хамгийн том шагнал бол урам юм. Урам авч байж дараагийнхаа уран бүтээлийг хийх эрч, хүч, цэнэгийг олж авдаг. Зураач хүний хувьд үзэсгэлэнгээ, өөрийнхөө уран бүтээлийг уран зураг сонирхогчдод хүргэнэ гэдэг бол хамгийн чухал зүйл шүү дээ. Тиймээс галерейн зүгээс тухайн хүнд өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө ертөнцийг илэрхийлэх орон зайг бэлэглэж байгаа гэж ойлгож болно.
-Шилдгийн шилдэг гурван бүтээлийг тодруулах юм байна. Тэгэхээр удаах байрны шагналтнуудад юу өгөх вэ?
-Шилдэг гэдэг шагнал цор ганц байсан нь зөв гэж боддог. Тийм учраас удаах байрны шагналтан гэж байхгүй. Үзэсгэлэнгийн төрөл бүрт шалгарсан шилдэг гурван уран бүтээл л шагналтай. Галерейн зүгээс түрээсгүй арван өдөр үзэсгэлэнгээ гаргах боломж өгнө гэдэг бол маш том бэлэг шүү дээ.
-Үзэсгэлэн зохион байгуулахын үр дүн ер нь юу байдаг вэ. Зураач нар үзэсгэлэн гаргахын учир утга юу байдаг юм бэ?
– Урлаг гэдэг өөрөө маш том нийгмийн харилцааг, хам хүрээг илтгэдэг. Тэр дундаа дүрслэх урлаг маш том хам хүрээг өөртөө агуулдаг шүү дээ. Өөр орны, гадаад дотоодын гэлтгүй тухайн зураачийг хараагүй, ярилцаагүй хэрнээ уран бүтээлээр нь дамжуулан уран бүтээлчийн дотоод ертөнцтэй нь холбогдож ярилцдаг. Үр дүнгийн хувьд өнөөдөр үзэсгэлэн үр дүнгүй, дутагдалтай байж болно. Олон үзэсгэлэн гараад хүмүүс ирж үзээд л үр дүнгүй харагдаж болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр ганцаараа үзэсгэлэн үзсэн бол хоёр дахь удаагаа хүүхдээ дагуулаад ирнэ, найзуудыгаа дагуулаад л ирнэ. Үзэгчдийн хувьд ч мөн чанаржина. Тиймээс өнөөдрийн үр дүн гэхээсээ илүү ирээдүйн үр дүнг тооцох нь чухал. Үзэгчид маань өдөр ирэх тусам чанаржиж хурдтай хөгжихөөс гадна эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж, гоо сайхны мэдрэмж нь дагаад хөгжиж байгаа юм шүү дээ.
-Уран зураг юугаараа гайхамшигтай болоод хүмүүс тэгтлээ их дурлаад, зураад, зуруулаад байдаг юм бэ?
-Гоё асуулт байна шүү. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд л гоё сайхан зүйлд татагддаг гэж хэлбэл буруудахгүй болов уу. Бүх хүний дотор байгалиасаа гоё сайхан зүйлд л татагдах чанар бий шүү дээ. Үзэсгэлэн төгс нэгэн гудамжаар явж байхад харахгүй өнгөрдөг хүн байдаггүй. Бүх хүн гоё амттай хоолноос татгалздаггүй, гоё зүйлсээс таашаал авдаг. Гэхдээ гоё гэдэг ойлголт хүн болгоны хувьд өөр. Урлагаас хүмүүс тэдгээр гоё зүйлсийг олж харж, таашаал, мэдрэмж, бие биентэйгээ урлагийн нандин холбоосоор дамжуулан ойлголцдог. Урлаг ашиг биш, бизнес ч биш. Амьдарлаас бид илүү өөр шинэ зүйлийг олж авч, харахад, мэдрэхэд тусалдаг. Галерей байхын хамгийн том ач холбогдол нь хүмүүст үнэ төлбөргүйгээр оюуны үйлчилгээ өгөх юм. Ямар ч урлагийн үйлчилгээ үнэ төлбөртэйгээр хэрэглэгчдэд хүрдэг шүү дээ. Үзэсгэлэнд маань 50 зураг өлгөөтэй байхад нэг хүн орж ирээд 50 өөр янзын таашаал авдаг. Хамгийн том онцлог нь энэ таашаалыг авч чадах хүн л авч, чадахгүй хүн нь авч чадахгүй.
-Яавал уран зургаас таашаал мэдэрдэг болох вэ. Уран зургийг ойлгох, мэдрэх, таашаах хүсэлтэй байгаа ч мэдэрч чадахгүй байгаа хүмүүс бий шүү дээ?
-Хүн бүрт өөр өөр мэдрэмж бий. Мөн мэдрэмжийг хөгжүүлж болдог. Монголын нийгмийн дийлэнх нь уран зургийг тэр болгон ойлгоод байдаггүй. Гэхдээ нийгэм маань маш хурдтай хөгжиж байна. Уг хөгжлийг дагаад Монголын уран зураг сонирхогчдын мэдрэмж, уран зураг сонирхдог хүмүүсийн тоо, чанар дагаад хөгжиж байгаад маш их баярлаж байгаа шүү. Урагийг ойлгодог болохын тулд мэдээж үзээд л байх хэрэгтэй. Ямар ч хүний мэдрэмж хурдтай хөгжих боломжтой.
-Тэгвэл уран зургийг ойлгодог гэхээсээ илүү өөрсдийгөө рекламдах, зиндаархах хандлагатай хүмүүс олон байдаг шүү дээ?
-Энэ зүйлийг үгүйсгэхгүй. Тухайн хүн өөрийгөө, бэл бэнчингээ гайхуулахыг буруутгах аргагүй. Ойлгохгүй байсан ч гэсэн тэр хүн худалдаж авч урлагт, уран зурагт хувь нэмэр оруулж байна шүү дээ. Ойлгодог цуглуулдаг, уран бүтээлчдээс илүү уран зургийг мэдэрдэг, хүндэлдэг хайрладаг хүмүүс их байгааг ч үгүйсгэж болохгүй. Яг үнэндээ худалдан авагч байхгүй бол урлаг оршин тогтнох боломжгүй. Худалдан авагч байгаа цагт л урлаг хүчтэй хөгжинө шүү дээ. Тиймээс энэ зүйл өөрөө хоёр талтай асуудал л даа. Харин ч миний хувьд ойлгохгүй ч гэсэн урлагийг ойлгохын төлөө худалдаж авч байгаа хүмүүст талархалтай байдаг шүү. Хөдөлмөрлөж олсон мөнгөө урлагт зориулж чадаж байна.
-Таны хувьд ч гэсэн зураач хүн. Таны зургаас хүн юуг илүү мэдрээсэй гэж боддог вэ?
-Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд хүн гоё мэдрэмж, сайхан зүйлийг хүмүүст харуулах юм болов уу. Заавал зураг бүр гүн агуулга харуулсан байх албагүй шүү дээ, яагаад гоё өөдрөг, өнгө төрхийг харуулж болохгүй гэж. / Инээв /
Э.ТЭКҮ