Колумбын поп од Шакира Мадрид хотод үргэлжилж буй цуврал тоглолтынхоо үеэр Дуа Липаг гэнэтийн зочноор тайзнаа урьж, хамтдаа дуу дуулжээ.
Шакирагийн “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолтын Мадрид дахь цувралын хүрээнд аравдугаар сарын 3-нд болсон тоглолтын үеэр Дуа Липа тайзнаа гарч ирсэн байна. Хоёр дуучин Шакирагийн 1995 онд гаргасан “Pies Descalzos” цомогт багтдаг “Antología” дууг акустик хувилбараар хамтран дуулжээ.
Тоглолтын дараа Шакира Дуа Липатай хамт авахуулсан зургаа инстаграм хуудсандаа нийтэлж, “Бидний олонхын хувьд мөрөөдөл биелсэн мөч” хэмээн тайлбар бичсэн байна.
Харин Дуа Липа Шакирад талархаж, “Antología” дууг түүнтэй хамт дуулах боломж олгосонд баярласнаа илэрхийлжээ. Тэрбээр тоглолтын үеэр Шакира болон үзэгчидтэй хамт нэгэн бүхэл болсон мэт мэдрэмж төрсөн хэмээн бичсэн байна.
Мөн энэ тоглолтыг “Amazon Music” шууд дамжуулсан бөгөөд тус тоглолт нь платформын эмэгтэй уран бүтээлчдийн тоглолтын дундаас хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалт болсон байна.

