Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли Тайланд улсад зохион байгуулагдсан олон улсын эрэгтэй гоо сайхны “Mister Global 2026” тэмцээний тэргүүн байрын эзэн боллоо. Тэмцээний финал аравдугаар сарын 10-нд Тайландын Нонтхабури хотын “MCC Hall”-д болж, дэлхийн олон орны төлөөлөгчид өрсөлджээ.
Дилхан Диврикли Нигери болон Филиппиний төлөөлөгчидтэй хамт шилдэг гуравт шалгарсан бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр өрсөлдөгчдөө тэргүүлж, “Mister Global 2026” титмийг хүртсэн байна.
Тэмцээний дэд байрыг Нигерийн төлөөлөгч Бетел Мбамара эзэлсэн бол Филиппиний оролцогч МЖ Ордиллано гуравдугаар байрт шалгарчээ. Мөн Хмонг үндэстнийг төлөөлсөн Энтони Муа гуравдугаар дэд байр, Венесуэлийн төлөөлөгч Алехандро Кинтеро дөрөвдүгээр дэд байрыг тус тус хүртсэн байна.
Дилхан Диврикли өмнө нь Туркт зохион байгуулагдсан загвар өмсөгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан бөгөөд “Mister Global 2026” тэмцээнд түрүүлснээр олон улсын тавцанд нэрээ таниуллаа.
Тэрбээр Бельгийн нийслэл Брюссель хотод амьдардаг бөгөөд дөрвөн хэлээр ярьдаг тухай хэвлэлүүд мэдээлжээ. Загвар өмсөхөөс гадна жүжигчний мэргэжлээр карьераа хөгжүүлэх зорилготой аж.
2014 оноос Тайландад зохион байгуулагдаж ирсэн “Mister Global” нь олон улсын эрэгтэй гоо сайхны тэмцээнүүдийн нэг юм. Оролцогчид финалын өмнө арав орчим хоногийн турш төрөл бүрийн арга хэмжээ, танилцуулга, үнэлгээний шатанд оролцсон байна.

