Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн ур чадвар, хөдөлмөрөөрөө танигдаж яваа уран бүтээлчдийн нэг бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат юм.
Өнөөдөр түүний төрсөн өдөр.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуу оруулагч Ж.Дарамсүрэн зээ хүү Г.Ганбат өвөөгийнхөө зөвлөснөөр Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын удирдлага дор ур чадвараа хөгжүүлжээ. Оюутан байх үеэсээ Улсын драмын эрдмийн театрын жүжгүүдэд олны хэсэгт оролцож, тайзны амьдралтай танилцсан байна. 2016 онд сургуулиа төгссөн жилээ УДЭТ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэнээр мэргэжлийн жүжигчний замналаа эхлүүлжээ.
УДЭТ-ын тайзнаа тэрбээр ЛевТолстойн “Адууны түүх”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Л.Н.Толстойн “Анна Каренина”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгүүд, мөн Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Феб, Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын сайд Ли Линий дүрээр гараад байна.
2019 онд Г.Ганбат “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Торгон дэнлүү” жүжгийн Синзаборугийн дүрээр хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байв.
Дэлгэцийн уран бүтээлийн тухайд Г.Ганбат оюутан байхдаа найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч” уран сайхны кинонд, дараа нь “Нинжин сэтгэл”, “Нийслэн хүүхэн” зэрэг уран бүтээлд тогложээ.

