Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Театрын тайзнаа 20 гаруй жил ажиллаж, үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээсэн түүний хувьд энэхүү жүжиг нь тайзны урлагтайгаа эргэн холбогдож буй онцлох уран бүтээл болж байна.
Б.Отгонбат 1995 онд Соёл урлагийн их сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын удирдлага дор төгсөж, 1997 оноос Улсын драмын эрдмийн театрт уран бүтээлээ туурвижээ.
“Тамгагүй төр”, “Үгүйлэгдсэн хайр”, “Саран хөхөө”, “Амьгүй албат”, “Цахлай”, “Туйлшрал” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн дүрүүдээр тайзнаа “амьдарсан” тэрбээр хамгийн сүүлд УДЭТ-ын бүтээл, Л.Н.Толстойн “Анна Каренина” драмын жүжгийн Степан Аркадьевич Облонскийн дүрээр тайзнаа гарсан юм.
Ташрамд дурдахад, “Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн, хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм. Дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглоно.

