Америкийн реппер, хөгжмийн продюсер, P. Diddy нэрээрээ алдаршсан Шон Комбс “Дудус” хочит Ямайкийн хар тамхины мафийн толгойлогчтой зодолдсоны улмаас толгойдоо гэмтэл авчээ. Тэд Нью-Жерси муж улс дахь Форт-Дикс шоронд хоригдож байгаа юм.
TMZ цахим хуудсанд бичсэнээр, шоронгийн захиргаа камеруудад үзлэг хийж, хоригдлуудын гар утсыг хурааж авсны дараа тэдний хооронд зодоон дэгдсэн байна. Комбс хоригдох үедээ бусдаас давуу эрхтэй байдаг гэх мэдээлэл гарсан нь зодоон гарах шалтгаан болсон ажээ.
Гар утсаа хураалгасан хоригдлуудын дунд 2012 оноос хойш 23 жилийн ял эдэлж буй Ямайкийн хар тамхины мафийн толгойлогч Кристофер “Дудус” Көүк гэгч байв. “Дудус” болон бусад хоригдлууд Шон Комбсын асуудлаас болж шоронгийн захиргаа хяналт шалгалтаа чангатгаж байгаад дургүйцлээ илэрхийлжээ.
Ганцаарчлан хорих камерт байгаа Комбс салхилахаар гарах үед зодоон болсон бөгөөд хоёр хоригдлыг тусгаарлах камерт хорьсон байна. Реппер толгойдоо гэмтэл авсан нь 12-ны өдөр тодорхой болсон бөгөөд бямба гарагт түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр шоронгоос авч явжээ. Гэмтэл нь амь насанд аюулгүй байсан тул Комбсыг шоронд буцааж авчирсан байна.
Түүнийг бусдаас давуу эрх эдэлж байна гэх нийтлэл гарсны дараа аравдугаар сарын 1-нд тусгаарлах камерт оруулжээ. Нийтлэлд бичсэнээр, тэрбээр гар утсаа хэрэглэж, бусад хоригдлоор хоолоо бэлдүүлж, цэвэрлэгээ угаалга, иллэг хийлгэж, сард 1000 доллар төлдөг байжээ.
Сануулан дурдахад, 2025 оны есдүгээр сард АНУ-ын прокурорын газраас P. Diddy-д 11 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан юм. Тэрбээр өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгч Д.Трампаас хүсэж байжээ.

