Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” драмын жүжигт тоглохоор болжээ. Драмын театрын тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, хошин урлагийн салбарт үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр жүжигчин, хөтлөгч, продюсерын чиглэлээр ажиллаж, сүүлийн жилүүдэд “Хас урлан” фильмээ толгойлон дэлгэцийн уран бүтээлүүд туурвиж яваа.
Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, үргэлжлүүлэн Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”, Федерико Гарсиа Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг жүжигт тогложээ. 2002 оноос Монголын хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ээр овоглож, нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаа, хүмүүсийн зан араншинг хөгжилтэй, егөөдсөн хэлбэрээр үзэгчдэд хүргэж ирсэн юм. Хожим “Шилдэг өнгө” нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол удалгүй “Хас урлан” фильмийг байгуулжээ. Дэлгэцийн уран бүтээлтийн тухайд, 1993 онд найруулагч И.Нямгаваагийн бүтээсэн “Цахилж яваа гөрөөс” кинонд анхлан тоглож, “Их хааны удам”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Нинжин сэтгэл”, “Нийслэл хүүхэн” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.
Ташрамд дурдахад, “Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн, хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм. Дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглоно.

