Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнтын ууган охин, 23 настай загвар өмсөгч Наталья Брайнт “Victoria’s Secret Fashion Show 2026” загварын шоунд анх удаа оролцож, тус брэндийн тайзнаа алхлаа. Шоу аравдугаар сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Калвер-Сити хот дахь “Sony Pictures Studios”-д зохион байгуулагджээ.
Наталья энэ удаад “Victoria’s Secret PINK” брэндийн загварыг сонгосон байна. Тэрбээр урдаа брэндийн нэр бүхий бичиглэлтэй хар өнгийн хөхөвч дээр тод ягаан өнгийн богино хүрэм өмсөж, олон өнгийн эрдэнийн чулуугаар чимэглэсэн жинсэн өмд, мөнгөлөг өсгийтэй гутал болон толин бөмбөлөг хэлбэрийн гар цүнхээр төрхөө бүрдүүлжээ. Мөн ягаан туузтай үсний даруулга, мөнгөлөг зүрхэн хэлбэртэй ээмэг зүүсэн нь түүний загварыг улам содон болгосон байна.
Тэрбээр шоуны өмнө “Page Six” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Victoria’s Secret”-ийн загварын шоуг багаасаа жил бүр үздэг байсан бөгөөд тайзнаа алхах боломж олдсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ. Мөн өмнөх жилүүдийн шоуны бичлэгүүдийг дахин дахин үзэж, тайзны уур амьсгалд бэлдсэн тухайгаа ярьсан байна.
Наталья Брайнт сүүлийн жилүүдэд загварын салбарт өөрийн байр суурийг бий болгож буй. Тэрбээр 2023 онд “Versace”-ийн 2024 оны хавар, зуны загварын шоунд оролцож, тайзны загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш “Boss”, “Off-White” зэрэг брэндийн шоунд алхаж, “Adidas”, “David Yurman” брэндийн сурталчилгаанд оролцжээ. Түүнчлэн 2024 онд “Victoria’s Secret PINK” брэндийн намрын кампанит ажилд оролцож байсан юм.


