Өдгөө 65 настай, Холливудын жүжигчин Стэнли Туччи Европт “Masterplan” киноны зураг авалтад оролцох үеэрээ Парис хотын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байснаа ярьжээ. Энэ үеэрээ тэрбээр Итали, Франц зэрэг орны хоолны соёлтой танилцсан тухайгаа хуваалцсан байна.
Киноны зураг авалт Италийн Комо нуур болон Ром хотоос эхэлсэн байна. Туччигийн хэлснээр, Италид хаана ч хооллосон амттай хоол олох боломж өндөр байдаг аж.
Харин зураг авалт Парист үргэлжлэх үеэр жүжигчин Лондон дахь гэрээсээ Францын нийслэл рүү тогтмол зорчиж, долоо хоног бүр хэдэн өдрийг тэнд өнгөрүүлдэг байжээ. Энэ хугацаанд тэрбээр буудлынхаа ойролцоо байрлах “Camille” нэртэй жижиг ресторанд байнга үйлчлүүлэх болсон байна.
“Зочид буудлын маань ойролцоо Camille гэдэг жижигхэн ресторан байсан. Би тэнд бараг өдөр бүр хооллодог байлаа. Парист байхдаа цаг зав их гардаггүй байсан учраас явган очиход амар, бас хоол нь гайхалтай байсан” хэмээн Туччи ярьжээ.
Хоол хийх, амтлах сонирхлоороо алдартай жүжигчин өмнө нь “Stanley Tucci: Searching for Italy”, “Tucci in Italy” зэрэг хоол, аяллын нэвтрүүлгүүдээр дамжуулан Италийн хоолны уламжлал, соёлыг үзэгчдэд танилцуулж байсан юм. Мөн тэрбээр 2021 онд “Taste: My Life Through Food” хэмээх дурсамж номоо хэвлүүлжээ.
Түүний шинэ уран бүтээл болох “Masterplan” нь урлагийн бүтээл хулгайлах чиглэлээр мэргэшсэн Рожер хэмээх эрийн тухай өгүүлнэ. Тэрбээр Луврын музейгээс Леонардо да Винчийн алдарт “Мона Лиза” зургийг хулгайлах төлөвлөгөө боловсруулж, хоёр үл таних хүнийг багтаа элсүүлдэг. Гэвч тэд өөр хоорондоо холбоотой хүмүүс болох нь илчлэгдэж, түүхэн дэх хамгийн том урлагийн хулгайг хамтран гүйцэтгэх шаардлагатай болдог аж.
Туччи уг киног 1960–1970-аад оны дээрмийн тухай кинонуудтай төстэй, хөгжилтэй атлаа сонирхолтой бүтээл хэмээн тодорхойлжээ. Тус кинонд жүжигчин Виктор Белмондо, Симона Табаско нар мөн дүр бүтээсэн байна.
“Masterplan” кино 2026 оны аравдугаар сарын 16-наас “Amazon Prime Video” платформоор үзэгчдэд хүрч эхэлжээ.

