Олон жилийн турш олны өмнө бараг үзэгдээгүй, өдгөө 50 настай, Хятадын алдарт жүжигчин, найруулагч Жао Вэй Сингапурт болсон арга хэмжээнд оролцож, олны анхаарлыг дахин татлаа.
Тэрбээр 2021 оны наймдугаар сараас хойш Хятадын энтертайнмент салбараас хөндийрч, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь эрс багассан юм. Энэ удаад Жао Вэй дотны найз, алдарт үсчин Ким Робинсоны “The Golden Age” шоунд уригдан оролцжээ.
Арга хэмжээний үеэр сэтгүүлчид түүнээс жүжигчний карьераа үргэлжлүүлэх эсэх, кино урлагаа санаж байгаа тухай асуухад Жао Вэй инээмсэглэн, “Зүгээр дээ, би хуучныхаа бүтээлүүдийг давтан үзчихдэг” хэмээн хошигнон хариулсан байна. Түүний энэ хариулт ойрын хугацаанд жүжигчний ажилдаа эргэн орох талаар тодорхой төлөвлөгөө зарлаагүйг илтгэжээ.
Жао Вэй 2021 онд Хятадын энтертайнмент салбарт өрнөсөн зохицуулалт, маргаантай үйл явдлуудын дараа олон нийтийн анхаарлаас холдсон юм. Түүний бүтээлүүд Хятадын зарим цахим платформоос хасагдаж, нэр нь хайлтын үр дүнгээс алга болсон нь тухайн үед олны анхаарлыг татаж байв. Гэсэн ч түүний нөхцөл байдлын талаар эрх баригчдаас нийтэд нээлттэй, дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд Жао Вэй жүжигчний ажлаас илүүтэй хувийн амьдрал болон кино бүтээхтэй холбоотой арын албаны ажилд анхаарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр найруулагч, продюсербн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд цаашид кино урлагт ямар хэлбэрээр оролцох нь одоогоор тодорхойгүй байна.

