Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia Awards 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс Мөнхбатын Аззаяа тэмцээний хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Miss Talent” буюу “Авьяаслаг мисс” номинацын ялагчаар тодорлоо.
Энэ удаагийн Азийн гоо үзэсгэлэн, соёл солилцооны томоохон наадам болох “The Miss Asia Awards 2026” нь БНСУ-ын нийслэл Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
М.Аззаяа дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд хуран цугларсан тус тэмцээний тайзнаа монгол үндэсний уламжлалт бүжгийн гайхамшиг, нарийн нандин урлаг, утга соёлыг төгс хослуулсан гайхалтай үзүүлбэр толилуулсан байна. Мисс М.Аззаяа өөрийн ур чадвар, сэтгэл татам гүйцэтгэлээрээ дамжуулан Монгол Улсын баялаг соёлын өв, нүүдэлчин түмний агуу түүх, гүн гүнзгий уламжлалыг олон улсын үзэгчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд бахархалтайгаар сурталчлан таниулж, өндөр үнэлгээ авч чаджээ.
М.Аззаяа нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрж, өссөн, эх орныхоо өв соёл, үндэсний үнэт зүйлсээрээ бахархдаг шинэ үеийн төлөөлөл юм. Өдгөө БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуульд Сүлжээ ба шинэ медиа чиглэлээр суралцаж буй тэрээр орчин үеийн боловсролыг урлаг, спортын авьяас чадвартайгаа хослуулан хөгжүүлж ирсэн билээ.
Мисс М.Аззаяа нь бага наснаасаа Монгол үндэсний бүжгээр хичээллэн урлагийн ертөнцтэй хөл нийлүүлж, тайзны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх авьяасаа хөгжүүлсэн. Мөн 10 настайгаасаа таеквондогийн спортоор тууштай хичээллэж, хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хатуужлынхаа үр дүнд Монгол Улсын спортын мастер цол хүртсэн амжилттай.

