Поп хөгжмийн домогт дуучин Жанет Жексон аравдугаар сарын 22-нд АНУ-ын Калифорни мужийн Беверли-Хиллст болсон “Gala of the Stars” хандивын арга хэмжээнд хүрэлцэн ирж, дэгжин төрхөөрөө олны анхаарлыг татжээ.
60 настай дуучин энэ үдэш нарийн хээ угалзтай, нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёсон байв. Даашинз нь гүн ухлаадастай энгэр, мөр хэсгийн чимэглэл, хормой болон их биеэр үргэлжлэх долгиолсон торон хээтэй байснаараа онцлог байлаа. Тэрээр хар бүсээр бэлхүүсээ тодотгож, мөнгөлөг өнгийн бөгж, том зууван ээмгээр гоёлын төрхөө бүрдүүлжээ.
Жанет Жексон үсээ арагш самнан янзалж, дарсны улаан өнгийн уруулын будаг болон утаат будалтаар нүүр будалтаа төгсгөсөн нь түүний сонгодог, эрхэмсэг хэв маягийг улам тодотгосон байна.
Дуучин энэ арга хэмжээнд зөвхөн загварлаг төрхөөрөө бус, хүндэт зочноор оролцсоноороо онцлог байв. Тэрээр хөгжмийн ертөнцийн нэрт уран бүтээлч Мисси Эллиоттод “Icon Award” буюу салбартаа онцгой хувь нэмэр оруулсан эрхэмд олгодог шагналыг гардуулжээ.
Энэ жилийн “Gala of the Stars” арга хэмжээг Dancers Against Cancer байгууллага зохион байгуулсан бөгөөд хорт хавдартай тэмцэж буй бүжигчид, бүжиг дэглээчид болон тэдний гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн уг үдэш Тони Бэзил, Хилариа Болдуин, Винсент Патерсон болон талийгаач Чита Ривера нарын уран бүтээл, хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ.
Жанет Жексон саяхан буюу аравдугаар сарын 11-нд Сингапурт болсон “Формула-1”-ийн Гран-при уралдааны үеэр тоглолтоо хийсэн юм. Түүний нэг цаг орчим үргэлжилсэн тоглолт нь тус улсад 15 жилийн дараа хийсэн анхны тоглолт байв.

