Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Энэ сард тоглогдох жүжгүүд
Театр

Энэ сард тоглогдох жүжгүүд

Урлаг Урлаг01/11/2026Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ болон “Pro”, “Dolma”, “Монгол” театр тэргүүтэй улсын болон хувийн театруудын энэ арваннэгдүгээр сард үзэгчдэд хүргэх жүжгүүдийг танилцуулъя. 

“Pro” театрынхан Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 1-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дахин тоглоно.

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн гол дүр Зилов бол амьдралынхаа утга учрыг алдсан, олон хүмүүсийн дунд байгаа хэрнээ ганцаардсан нэгэн. Түүний эргэн тойронд хайр дурлал, нөхөрлөл, нууц амраг, худал хуурмаг, урвалт, архидалт, хүсэл мөрөөдөл бүгд бий. Гэвч…

Нугасны ан түүнд эрх чөлөө, зугтах боломж мэт санагдана. Харин тэр ан түүнийг хаашаа хөтлөх вэ?

“Сүүлчийн бороо” мета драмын жүжигт бодит амьдрал ба театрын хил зааг бүдгэрч, жүжиг доторх жүжиг, дүр ба жүжигчин, үнэн ба хуурмаг хоёр хоорондоо огтлолцоно.

Жорж Оруэлл “Амьтны ферм” мета драм /”Dolma” театр/

Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилна. Жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди,Г.Сэр-Од нар ажиллаж байна. Харин жүжиг Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүрэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглох юм.

“Амьтны ферм” жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглоно.

“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна.

Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэл жүжиг /УДЭТ/

УДЭТ-ын уран бүтээлчид театрынхаа ууган зохиолч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг 2016 онд анхлан үзэгчдэд хүргэж байв. Эл жүжгийн зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшин найруулсан юм.

Тэгвэл их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан тус уран бүтээлийг арваннэгдүгээр сарын 5-наас дахин олны хүртээл болгох гэж байна.

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулах бөгөөд гол дүрд Б.Шинэбаяр, бусад дүрд О.Хонгорзул, М.Тогтохжаргал, Т.Сэргэлэн, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Э.Идэрболд тэргүүтэй УДЭТ-ын уран бүтээлчид тоглоно.

Андрей Иванов “Түүний буруу” сэтгэлзүйн драм /”Pro” театр/

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл тус жүжгээс арваннэгдүгээр сарын 13, 14, 15, 20, 21, 22-нд РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дахин толилуулна.

Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.

Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх–хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.

Александр Володин “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг /”Donna” фильм/

Өнгөрсөн хавар /2026 оны дөрөвдүгээр сар/ театрын урлагт шимтэгсдийн сонирхлыг хамгийн их татсан “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулах гэж байна.

“Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн, хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлэх сэтгэлзүйн драм юм. Дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, жүжигчин Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглоно.

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг арваннэгдүгээр сарын 6, 7, 8-нд МҮЭСТО-нд гуравхан удаа тоглоно.

“Норсон зүрх” мюзикл /“Хурд” хамтлаг/

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээж байна.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжиж буй томоохон тайзны төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулна.

Төслийг Монгол болон Их Британийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт, хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт, дуу, гэрлийн дизайн болон тайзны техникийн шийдлийг олон улсын туршлагад үндэслэн боловсруулж байна.

Мөн төслийн хүрээнд Монголын театр, хөгжмийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтуудыг зохион байгуулж, мюзиклийн чиглэлээр мэргэшсэн шинэ үеийн уран бүтээлчдийг хөгжүүлэх зорилготой.

“Норсон зүрх” мюзиклийн дүрүүдэд залуу уран бүтээлчид тоглох бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс “UG Palace”-т тоглоно.

Альберт Рамсделл Герни “Love letters” драм /”Монгол” театр/

“Монгол” театр Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа амилуулахаар боллоо.

“Love letters” жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод Офф-Бродвейн тайзнаа анхлан тавигдаж, түүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдсоор ирсэн юм.

Хайр, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлэх “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглох бөгөөд арваннэгдүгээр сарын 21-нээс “Чингис хаан” зочид буудлын “Өргөө” танхимд үзэгчдийн хүртээл болгоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр

29/10/2026
Театр Урлаг

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026
Театр Урлаг

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

28/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Энэ сард тоглогдох жүжгүүд

01/11/2026

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

01/11/2026

Женнифер Лоуренс үс арчилгааны “Mes” брэндийг үүсгэн байгууллаа

31/10/2026

Квентин Тарантино нас ахих тусам өөрийгөө “бичгийн хүн” гэж үзэх болжээ

31/10/2026

Вупи Голдберг “The View” нэвтрүүлэгт ажилласаар байгаа шалтгаанаа илэн далангүй ярьжээ

31/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.