Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутагт хийсэн палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаагаар 650 орчим үл хөдлөх дурсгал илрүүлжээ. Тэдгээрийн дунд Мазар, Зост хэмээх эртний хоёр хотын туурь байдаг байна.
Мазар хотын туурь нь Төгрөг сумын төвөөс хойд зүгт 26 км зайд оршдог Хушигана иш хэмээх газарт бий. Тус газраас олдсон шаазан савны хагархай, хүрэл зоос зэрэг олдворыг үндэслэн хотын үүслийг дундад зууны үетэй холбон үздэг.
Хотын туурийг 1957, 1998, 2016, 2021 онд тус тус судалжээ. Нэрт археологич Х.Пэрлээ судалгаандаа хотын нэрийн гарал үүслийн талаар “Түмэдийн Алтан хаанаас Мин улсад явуулсан бичигт зах зээл гэсэн утгатай Базар гэсэн үг дурдагдсан учраас уг хот нь Базар хэмээх нэртэй байгаад хожим Мазар болсон байх магадлалтай” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн судлаач А.Очир, Б.Анхбаяр, Ц.Цамбагарав нар хотын тууриас дөрвөн барилгын тойм зураг үйлдэж, шаазан эдлэл, төмөр цөн, ээрүүлийн дугуй зэрэг түүвэр олдвор цуглуулжээ.
Судалгааны явцад Юань улсын үед өргөн хэрэглэгдэж байсан Жүняао, Цинхуа, Жиндэжэн, Диняао зэрэг зууханд шатаасан хар хүрэн, цэнхэр, ногоон өнгийн паалантай шаазангийн хагархай олдсон байна. Мөн НТ-ын 1023-1031 онд Умард Сүн улсын үед цутгаж, гүйлгээнд хэрэглэж байсан “天圣元宝” (Tiansheng yuanbao) хэмээх ханз бичээстэй хүрэл зоос олноор илэрчээ.
Эдгээр түүвэр олдвор болон хотын ерөнхий зохион байгуулалтаас харахад Мазар хот нь Юань улсын үед хамаарах нь тодорхой бөгөөд энэ нь судлаачдын тогтоосон он цагтай нийцэж байгааг Төгрөг сумын Соёлын төвөөс мэдээллээ.


