“Өв хамгаалагч” аяны хүрээнд Баян-Өндөр сумын Соёлын төвөөс “Баян-Өндөр сумын нутаг дахь археологийн дурсгалууд, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Дашзэвэг судалгааны үр дүн, сумын нутаг дахь археологийн дурсгалуудын онцлог, хадгалалт хамгаалалтын асуудлаар илтгэл тавьжээ.
Тэрбээр 2020 онд сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан “Баян-Өндөр Өв соёл” төсөл хэрэгжүүлж, археологийн судалгаа хийсэн байна. Судалгааны хүрээнд гурван байршлаас нийт 21 дурсгал шинээр илрүүлж, бүртгэсэн нь өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй, сагсай хэлбэрийн булшнууд байсныг онцоллоо.
Тухайлбал, Тэрэм хайрхны өвөрт шоргоолжин булшны төрөлд хамаарах хоёр дурсгал илрүүлсэн бол сумын төвийн ойролцоох толгодоос Улаан зуух хэлбэрийн булшнууд илэрснийг илтгэлдээ тусгасан байна.
Мөн Баян-Өндөр сумын нутагт нийт 129 хиргисүүр шинээр бүртгэсэн бөгөөд тэдгээрийн 50 нь дугуй, 56 нь дөрвөлжин хүрээтэй, дөрвийнх нь хүрээний хэлбэр тодорхойгүй байна. Түүнчлэн НТӨ X-III зуунд холбогдох дөрвөлжин булшны төрөлд хамаарах 58 дурсгалыг бүртгэжээ.
Тус сумын нутагт Түрэгийн үед холбогдох “Буурлын хөшөө тахилын онгон”, “Наран толгойн хадны зураг” зэрэг цөөнгүй дурсгалт газар байжээ. Гэвч хожим орон нутгийн хил хязгаарыг тогтоох ажлын явцад эдгээр дурсгал зэргэлдээх Есөнзүйл сумын нутагт харьяалагдах болсон байна.
“Сургалт, хэлэлцүүлгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын судалгааны ажлыг ирэх онд үргэлжлүүлэх, бүртгэлд байгаа дурсгалуудыг авран хамгаалах талаар ярилцаж, шийдэлд хүрсэн” хэмээн Баян-Өндөр сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Бямбадорж мэдээллээ.


