Өдгөө 91 настай, Их Британийн нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Жүди Денч “Is It Too Late to Make a Run for It?” хэмээх шинэ дурсамж номоо хэвлүүлжээ.
Эл номдоо тэрбээр Холливудын жүжигчин Вин Дизель түүнд завины дайтай том цэцгийн баглаа илгээж байсныг дурссан байна.
2004 онд нээлтээ хийсэн “The Chronicles of Riddick” шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглуулахын тулд жүжигчин Вин Дизель түүнийг ятгаж, асар том цэцгийн баглаа илгээсэн байна. Гэвч цэцэгсийг жүжигчний хувцас солих өрөө хүртэл шатаар оруулах боломжгүй байсан тул театрын тайзны арын хаалганы дэргэд үлдээхэд хүрчээ.
Денч цэцгийн баглааныхаа хэмжээг “Каяк завины урттай, бас түүнтэй адил өргөн байсан” хэмээсэн байна. Тэрбээр мөн “Тийм том баглаа илгээсэн хүний саналд үгүй гэж хэлж болохгүй биз дээ. Би уярамтгай хүн” хэмээн хошигножээ.
Энэ арга амжилттай болж, Жүди Денч “The Chronicles of Riddick” кинонд харь гарагийн элч Ареоны дүрийг бүтээсэн юм. Тус кинонд Вин Дизелиэс гадна Колм Фиор, Тэнди Ньютон, Карл Урбан, Алекса Давалос нар тоглож байв.

