Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх зорилготой энэхүү бүтээл нь олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжүүлж буй томоохон төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулж буй.
Төслийн санаачлагчаар Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг ажиллаж байгаа бол ерөнхий продюсероор Гавьяат жүжигчин, хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, продюсероор ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нар ажиллаж байна.
Харин төслийн менежер, гүйцэтгэх продюсероор О.Мөнхтуул, ерөнхий найруулагчаар “Про” театрын найруулагч, жүжигчин Б.Даваасүрэн, уран сайхны удирдаачаар “Про” театрын захирал, найруулагч Б.Анхбаатар, хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, зохиолчоор Х.Чойдогжамц, зөвлөхөөр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар нар ажиллажээ.


