Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Г.Ариунбаатар 1988 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон мэндэлсэн бөгөөд 2005 онд Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг төгсөж, улмаар 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн байна.
Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, 2016 онд “Чингис хаан” одон хүртсэн юм. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж буй.
Түүний амжилтуудаас дурдвал, 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал, 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр, 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, 2017 онд Би-Би-Си Кардифф дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин /Ж.Россини, Ж.Верди, П.И.Чайковскийн уран бүтээлээс болон Б.Шаравын “Монголын тал нутаг”-ийг дуулсан юм/-аар тус тус шалгарч байв. Түүнчлэн өнгөрсөн 2025 онд ОХУ-ын “Каста Дива” хэмээх дуурийн шагналын оны шилдэг дуучин номинацийн эзнээр тодорсон юм. Эл шагналыг нь жил бүр дуурийн урлагт гаргасан гарамгай амжилтыг үнэлэн олгодог бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн зохиолчид, шүүмжлэгчид багтдаг байна.

