Өнөөдөр Монголын театрын урлагийн залуу үеийн төлөөлөл, “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, найруулагч, жүжигчин Б.Анхбаатарын төрсөн өдөр.
Б.Анхбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академид хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр суралцаж, эх орондоо ирснийхээ дараа хамтран суралцсан нэг ангийн нөхөдтэйгөө өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр.
“Про” театрыг үүсгэн байгуулсанаасаа хойш Б.Анхбаатар Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгийн ерөнхий зураачаар, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласны зэрэгцээ Александр Дюмагийн алдарт зохиолоос сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Арамисын дүрээр тайзнаас үзэгчидтэй уулзсан. Мөн Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг найруулан үзэгчдэд хүргэжээ.
Хамгийн сүүлд тэрбээр Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойдоо зориулсан бүтээсэн “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийн уран сайхны удирдагчаар ажилласан юм.

