Дэлхийн алдарт дуучин, ая зохиогч Жастин Тимберлэйкийн амьдрал, уран бүтээлийн замналын тухай өгүүлэх “Timberlake” нэртэй дөрвөн ангит баримтат цувралыг “Apple TV” албан ёсоор танилцууллаа. Уг бүтээл 2026 оны арванхоёрдугаар сарын 11-нээс үзэгчдийн хүртээл болох юм.
Баримтат цувралыг “Оскар”-ын шагналт найруулагч Фишер Стивенс найруулж, Жастин Тимберлэйк өөрөө уран бүтээлийн багтай хамтран ажиллажээ.
“Timberlake” цувралд дуучны 30 гаруй жилийн хөгжмийн карьер, “N-SYNC” хамтлагийн гишүүн байх үеэс эхлэн бие даасан уран бүтээлч болон дэлхийн хэмжээний од болж өссөн замналыг нь харуулах аж.
Мөн түүний хувийн амьдрал, алдар нэрийн оргил үе, амжилт болон сорилтуудыг хөндөхийн зэрэгцээ өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй архивын бичлэг, гэрэл зураг, гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдын ярилцлагыг багтаасан байна.
Дөрвөн ангит баримтат цувралын эхний хоёр анги 2026 оны арванхоёрдугаар сарын 11-нд, гурав дахь анги арванхоёрдугаар сарын 18-нд, сүүлийн анги арванхоёрдугаар сарын 23-нд “Apple TV” платформоор тус тус цацагдана.

