Америкийн кино урлагийн академийн дээд шагнал “Оскар”-аас “Шилдэг жүжигчин” шагналыг дөрвөн удаа хүртсэн хүн ганцхан бий. Холливудын домог болон мөнхөрсөн тэр уран бүтээлч бол Кэтрин Хэпберн. Тэгвэл түүний энэхүү амжилттай жил нэг хүн эн зэрэгцэж магадгүй нь. Мерил Стрипийн тухай ярьж байгааг уншигч авхай ойлгосон биз ээ.
Тэрбээр өмнө нь гурван удаа “Оскар”-ын эзнээр тодрохдоо гурвууланг нь эмгэнэлт киноны дүрээр авсан гэдгээрээ бас нэгэн өвөрмөц түүхийг бий болгосон байдаг. Тэгвэл энэ жил түүний тоглосон бас нэгэн бүтээл болох “Ойн гүн рүү” хэмээх үлгэрийн сэдэвтэй мьюзикл кино шүүмжлэгчдийн ярианы сэдэв болж, түүнийг энэ жил дөрөв дэх удаагаа “Оскар” хүртэхэд гайхах зүйлгүй хэмээн ярьж эхэллээ. Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Дүрийн хувьд таныг “Өргөн сонголттой жүжигчин” гэж магтмаар санагддаг шүү. Гэхдээ л ийм муухай ааштай, шулам шиг эхнэрийн дүрд яаж яваад тоглочихдог байна аа?
-Ер нь бол надад дандаа жирийн биш дүрүүд таалагдаад байдаг юм. Гэхдээ адсага шиг ааштай эхнэрийн хувьд бол, таны зөв. Би ийм дүрээс олон удаа татгалзаж байсан. Эхнэр илүү эрх мэдэлтэй байхад нийгэм дургүй байдаг шүү дээ. Тийм ч учраас би нөхрөөсөө дуугүй, яах гэж байгаа нь таагдашгүй тийм эмэгтэйн дүрийг бүтээдэг байлаа.
Гэвч энэ удаа хорон санаат эхнэрийн зан чанарыг өөрөөсөө илрүүлэхийг үнэхээр хүссэн. Үнэндээ бол, зөвшөөрсний гол учир нь хорон санаат эхнэрт ч бус, “мьюзикл” гэдэгт л гол учир байгаа юм. Стивен Сондхаймыг бичсэн гайхамшигтай аяыг нь сонсоод л тоглохоор зөвшөөрч орхисон. Би багадаа мьюзикл үзэх дуртай байсны дээр залуудаа дуурийн дуучны чиглэлээр сурч байсан юм. Өөрийгөө ч гайгүй хоолойтой ч гэж боддог. Гэвч энэ бүхэн маань хангалтгүй байж, маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон шүү.
-Та өмнө нь “Мамма Миа” мьюзиклд бас дуулж тоглож байсан. Муугүй болсон шүү?
-Тийм ээ, санаж байна. Агент маань утасдаж, санал ирсэн талаар дуулгахдаа татгалзана гэдэгт итгэлтэй байх шиг байсан. Харин би хариуд нь “Тийм ээ. Зөвшөөрч байна” гэж аялгуулан дуулж билээ. Саяхан юм шиг л тод санаж байна.
“Есдүгээр сарын 11”-ний аймшигт үйл явдлын дараа Бродвейн талбайд Британийн “Мамма Миа” мьюзикл тавигдаж маш их амжилт олж байсан юм. Гашуудаж гунигласан нью-йоркчууд, америкчуудад энэ дэлхий дээр сайн сайхан зүйлс, баяр баясгалан байсаар байгаа, дуулж, бүжиглэж инээх хэрэгтэй гэдгийг сануулж өгсөн юм болов уу. Би охиноо найзуудьай нь аваад театрт очсон. Тэгээд жүжигчидтэй хамт дуулж бүжиглэсэн.
Үзэгдэл явж байхад шүү дээ. Мөнхийн ус уух шиг л болж билээ. Ээж маань минийх тоглосон “Мамма Миа” мьюзиклийг үзэж чадалгүй бурхны оронд одсонд үнэхээр харамсдаг /Мьюзикл 2008 онд дэлгэцэнд гарсан/. Хөгжимд дуртай, бүтэн сайн өдөр бүр намайг Бродвейн шоунд дагуулж очдог байсан юм. Түүнээс болсон уу, би дуулах дуртай. Манай охидууд миний шүршүүрт орохдоо дуулдаг зуршлаас санаа зовдог гэж байгаа.
-Ингэхэд таны хамгийн дуртай үлгэр юу вэ?
-“Гурван тоорой”. Яаж ч бодсон бодитой, үнэний хувь ихтэй үлгэр. Харин “Цэнхэр сахалт” гэдэг үлгэр намайг үнэхээр айлгаж билээ. Цэнхэр сахалт эр бөглүү цайздаа өөрийнхөө эхнэрүүдийг нэг, нэгээр нь хөнөөж байгаа талаар өгүүлдэг нь үнэхээр аймшигтай. Миний бодлоор үлгэр бол эхчүүд орой хүүхдүүдээ унтахад нь санаа зоволгүйгээр уншиж өгч болохуйц, хүүхдүүдийн цаашдын амьдралд тус болох сургамжуудыг агуулсан байх ёстой. Тэд том болоод гэрлэж, өрхийн тэргүүн, эзэгтэй болно шүү дээ. Үлгэрийн ач холбогдол нь хүүхдүүдийг ирээдүйд тохиолдох эрсдлээс сэргийлэхэд оршдог.
-Та ирээдүйн нөхөр Дон Гаммертай ахаараа дамжуулж танилцсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Уг нь бол түүнтэй арай эрт танилцах онолын боломж байсан юм билээ. Намайг Йелийн их сургуульд сурч байхад Дон бас тэнд сурч байсан юм билээ. Надтай хамт сурч байсан Сигурни Уивер маш гайхалтай залуутай таарсан, түүнийг харахын тулд үхэхэд бэлэн байгаа гэж ярьдаг байлаа. Гэтэл тэр залуу нь Дон байсан нь хожим тодорхой болсон шүү.
Йелд ойрхон байсан ч гэсэн бид хожим Нью- Йоркод танилцсан юм. Найз Жон Казалегаа нас барсны дараа би жүжигчний хувиар пробонд орохоор тэнд очоод байлаа л даа. Надад толгой хоргодох газар байгаагүй, тэгээд ах маань Европоор удаан хугацаанд аялахаар явсан найз зураачийнхаа нэг өрөөнд түр байхыг санал болгосон юм. Би зөвшөөрсөн, гэтэл тэр найз нь төлөвлөж байснаасаа маш эрт буцаад ирсэн. Гэсэн ч тэр намайг үлдэхийг зөвшөөрч, нэг өрөөгөө суллаж өгсөн юм. Зургаан сарын дараа бид гэрлэсэн.
-Нэг хүнтэй 36 жил хамт амьдарна гэдэг жүжигчдийн хувьд ховор тохиолдол шүү?
-Зураач бас л адилхан уран бүтээлч. Бид бие биенийхээ уран бүтээлийн ажлыг ойлгодог. Хэрвээ бичиг хэргийн ажилтан, албан хаагчтай гэрлэсэн бол байдал хэцүү байх байсан. Би хамаг гай зовлонгоо түүнд дэлгээд байх шаардлагагүй, “Хонгор минь шинэ дүрийн ажил намайг галзууруулах гээд байна” гэх зэргээр хэлдэггүй. Дон ч адил. Би жишээ нь театр руу байнга явдаг байхад тэр огт сонирхдогүй. Бие, биендээ амьсгалах агаар, хөдлөх эрх чөлөөг олгодог гэх үү дээ. Манай нөхөр гольф тоглох дуртай, байнга тоглодог. Харин би спорт огт сонирхдоггүй. Гэлээ гээд ялгаатай байдал нь бидний харилцаанд сөргөөр нөлөөлөөгүй. Сайхан амьдраад болж л байна.
-Анхны хайртай залуу тань харин жүжигчин байсан гэсэн?
-Тийм ээ. Жон Казале үнэхээр гайхалтай, дүрээ үнэн сэтгэлээсээ амилуулж чаддаг уран бүтээч байсан. Аль Пачино, Роберт де Ниро нартай найзалдаг, кинонд хамт тоглодог байсан юм. “Загалмайлсан эцэг” киноны Фредо Карлеонегийн дүрийг маш гайхамшигтай бүтээсэн.
“Бугын анчин” кинонд тоглох үедээ тэр хүнд өвдсөн байлаа. Надад ч бас дүр ногдсон байсан юм. Түүний өвчний талаар уг нь цөөхөн хүн мэдэж байсан ч яагаад ч юм студийнхэн олоод сонсчихсон байлаа. Онош нь найдваргүй гэж гарсан болохоор нэг ч даатгалын компани эрсдэл үүрэхээс татгалзсан. Жоныг кино группээс хасахыг хүсэгчид ч гарч ирсэн. Гэвч продюссер Майкл Чимино тэр хүмүүстэй санал нийлэхгүй байсан юм. Эцэст нь сайн найз Роберт де Ниро бүх хариуцлагыг өөртөө авснаар үлдээж билээ.
Тэр маань киногоо дуусгаж чадсан ч дэлгэцэнд гарахыг нь хүлээж чадаагүй. Амьдралынх нь сүүлийн саруудыг аль болох хөнгөвчлөхийн тулд би их хичээж байв. Эмнэлэгт байнга очиж, хувь заяатайгаа эвлэрч үнэхээр чадахгүй байсан юм. Насан туршдаа хамт амьдарна гэж боддог байлаа. Гэтэл бүх зүйл эсрэгээр эргэдэг. Нас барснаас нь хойш орон гэр ч үгүй болж хувирсан. Гай зовлонгоо мартахын тулд галзуу юм шиг л ажилладаг байлаа. Нөхөрт гарсан нь ч үнэн хэрэгтээ хайртай залуугаа алдсан уй гашуугаа хурдан мартахын тулд хийсэн алхам байсан юм.
-Та үнэхээр сайхан харагдаж байна. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Баярлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр бидэнд дараагийн “Оскар” хүртэл элбэг хүрэлцэхүйц гоо сайхны бараа бэлэглэдэг юм. Тэрнийг нь би жилийн турш хэрэглэдэг. Тийм болохоор л би ийм сайхан харагдаж байгаа юм шүү дээ /Инээмсэглэв/.
Х.САЙХАН
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин