Энэ оныхамгийн анхны “Редакцийн зочин”-оор “Эх үрсийн элбэрэл”, "Ханийн дуу”, "Оюутны намар" зэрэг дуугаараа олны танил болсон Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ж.Уранчимэг болон түүний хань дуучин, жүжигчин СТА П.Хатанбаатар нарыг урьж ярилцлаа.
-Юуны өмнө манай редакцид хүрэлцэн ирсэн та хоёрт баярлалаа. Уран бүтээл өндөр үү?
Ж.Уранчимэг: -Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн ургац арвин байна. Шинэ уран бүтээл хийж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-нд “Орчлон дэлхийдээ бид жаргалтай” тоглолтоо хийсэн. Түүнээс хойш хөдөөгүүр явж тоглож байна. Мөн хорих ангиудад хандивын тоглолт хийдэг. Бид60, 70, 80-аад оны уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчдодоо хүргэдэг.
-Та хоёр хамтын уран бүтээлдээ хэрхэн анхаарч байна вэ?
П.Хатанбаатар: –Хэд хэдэн уран бүтээлчид бидэнд дуу өгнө гэсэн. “Уйдах завгүй залуу нас” гэдэг шинэ дуу бэлэн болж байгаа. Мөн нэг хайрын тухай дууны клип бэлэн болно. Хайрын баяраас өмнө гарна даа.
-Шинэ уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна уу, өмнө нь дуулж байсан дуунуудаа дүрсжүүлэхэд анхаарч байгаа юу?
Ж.Уранчимэг:-1960, 1970-аад оны дуунууд бол мөнхийн сэдэвтэй дуунууд юм. Өнөөдөр үе үеийн дуучид тур үеийн дууг сэргээн дуулж байна. Миний хувьд XXдууны дуучин. Өмнө нь дуулж байсан дуунуудынхаа хөгжмийн найруулгыг сэргээж саяхан шинэ цомог гаргасан. “Оюутны намар” дуугаа клипжүүлсэн. Миний дуулсан дуу бүхэн түүхтэй. Би 37 жил дуулж байна. Миний анхны дуулсан дуу “Орчлон дэлхийдээ би жаргалтай”. Тэр дуугаа сэргээж ханьтайгаа хамт дуулсан.
-Танд хослон дуулсан уран бүтээл хэр их байдаг вэ?
Ж.Уранчимэг:-“Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагуудтайгаа дуулсан маш олон дуу байдаг. Өнөөдөр шилдгийн шилдэг гэсэн дуунууд маань ард түмний санал хүсэлтээр дуулагдаж л байна даа.
-Таны дуулсан дуунуудын олон жил амьдраад байгаагийн учир нь юунд байдаг юм бэ?
Ж.Уранчимэг: -Дуу бол хэзээ ч хуучирдаггүй. Тухайн үеийн яруу найрагч, хөгжмийн зохиолчид өндөр чансаатай байсан. Дуу бүтээх гэдэг өндөр шалгууртай байсан. Өмсөх хувцас хүртэл сонгогдож батлагддаг. Ард түмэн тухайн цаг үеийнхээ дуучинуран бүтээлчдийг дуурайж хувцасладаг шүү дээ. Тийм л олон шалгуур давсан дуу олон жил амьдардаг байх.Одоо бол дуртай нь дуу бүтээж байна.
-Дуучид уран бүтээлээ олонд хүргэх гэж нэлээд ажил болдог гэж сонссон. Та хоёрын хувьд уран бүтээлээ хэрхэн нийтэд түгээж байна?
П.Хатанбаатар: -Бусад дуучдынхаа адилаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр л ордог доо. Бид “Хэзээ ч ам барьж дуулахгүй, тэгж ард түмнээ хуурайгүй” гэсэн уриатай.Яагаад хүмүүс зүрхнээс зүрхэнд гэж ярьдаг вэ.Хүний сэтгэл зүрхнээс гарч байгаа зүйл бусдын сэтгэл зүрхэнд л хүрдэг. Худлаа бол худлаа л байдаг. Зарим дуучид дуугаа “хүчээр” хүнд хүргэдэг. Энэ нь худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэсэн үгтэй агаар нэг юм. Хаана ч явсан нөгөө дуу явж байх жишээтэй. Ийм дуу насны хувьд их богино бөгөөд хэсэгхэн хугацаанд амьдраад л мартагдана.
-Залуу дуучид ам барих нь техник хэрэгсэлтэй холбоотой гэдэг юм билээ?
Ж.Уранчимэг:–Ам бари хбуруу. Би 1970-аад оноос хойш хөдөө хээрээр явж уран бүтээлээ ард түмэндээ толилуулсан хүн. Байгаа техниктэйгээ хаана л бол хаана дуулдаг байсан. Бид зүрх сэтгэлээсээдуулж, уйлж явснаас ам барьж байсангүй. Техник муу байна гээд ам барьж байх нь утгагүй зүйл. Бүх салбарын мэргэжилтэн зүрх сэтгэлээсээ ажиллаж байж амжилтад хүрдэг шиг дуучид, уран бүтээлчид дуундаа зүрх сэтгэлээсээ хандаж байж л өөрийн гэсэн сонсогчтой болно.Нэг хэсэг ам барих гэдэг асуудал их замбараагүй байсан бол одоо харин арай гайгүй болж байгаа анзаарагддаг. Ам барьж байгаа дуучинтай хамт тоглолтод ороход санаа зовмоор шүү. 1970, 1980-аад оны дуучид бол гадаа шороо шуурч байсан ч тоодогггүй дуулж л зогсдог байлаа.
П.Хатанбаатар:-Одоо техникийн шинэчлэл хөгжиж байгаач үүнийгээ дагаад бэлэнчлэх сэтгэлгээ хөгжөөд байна уу даа гэж боддог. Хэдэн жилийн өмнө дуучид “Ам барьж дуулж байгаа дуучдад канондсан мөнгө өгье” гэсэн уриалга гаргаж байсан. Энэ их зөв санаа шүү.
-Дууныолон урсгалын талаар таны бодлыг сонсъё?
Ж.Уранчимэг:-Байх ёстой. Хөгжил дэвшил шүү дээ.
-Багын мөрөөдөл тань юу байв?
Ж.Уранчимэг:-Дуучин болох. Хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. 1аангийн дуучин байлаа. 1974 оноос хүүхдийн Пеонерийн ордонд дуулсан. 1979 онд “Баянмонгол” чуулгын дуучнаар ажиллаж олон сайхан уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарч явснаараа бахархдаг.
-Таны бодлоор одоо Монголд страдын хамгийн сайн дуучинхэн вэ?
Ж.Уранчимэг:-Урлаг хөгжиж байна. Монголд маш олонуралдаан зарлагддаг болж. Гэхдээ л Л.Оюучимэг, Б.Нандинцэцэгнаршиг дуучин гарч ирэхгүй байна. Тэд мааньдавтагдашгүй,маш өндөр шалгуураар гарч ирсэн дуучид. Тэр үеийнхэн бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой.Миний хувьд анх улсын уралдаанд Д.Бэхбатын хөгжимЛ.Гаваасүрэнгийн шүлэг “Нарлаг хорвоо” дуугаараа түрүүлж байсан. Одоо ч судлаачид намайг маш өвөрмөц хоолойтой гарч ирж байсан гэж ярьдаг. Ер нь дуучин бүр өөрийн гэсэн онцлогтой.
-Өндөр шалгуур гэхээр дууны үгийг зөв хэлэхээс эхлэх байх гэж бодож байна?
-Тийм ээ.Одоогийн залуус ямар хэлээр дуулж байгаа нь мэдэгдэхгүй хэлээ хазлах юм. Тэгээд өөрсдийгөө дуучин гэж нэрлүүлээд, зарлуулаад тайзан дээр гарч байна. Бид бол өөр байсан. Одоодуу зохиох нь хүртэл амархан болчихсон юм шиг байгаа юм. Аав, ээж нь мөнгөтэй бол дэмжээд “дуучин” болгочихож байна. Одоо бас “гар барилт” гэж нэг муухай юм гарсан байна. Хөгжмөө урьдчилж бичүүлчихээд амаа хөдөлгөөд зогсож байх юм байна л даа.
-Залуу дуучид “Алтан үеийн дуу”-нуудыг сэргээж дуулах нь ихэсчээ. Энэ нь сайн хэрэг үү. Эсвэл?
П.Хатанбаатар: -Уран бүтээлийг сэргээж дуулах тохиолдол аль ч нийгэмд байдаг. Гэхдээ бид нэг зүйлийг мартах ёсгүй. Энэ дууг анх хэн дуулсан, хэний хөгжим, хэний аяаар бүтсэн гэдгийг байнга хэлж занших хэрэгтэй. Дууг анхны хувилбараас нь хэтэрхий их эвдэх онцгүй.Эвдээд ямар дуу гэдэг нь танигдахгүй болчихсон уран бүтээлүүд байдаг. Хайрын тухай дуулж байхдаа тэс өөр зүйл бодоод дуулж байгаа нь ч хүнд мэдрэгддэг юм.
-Шагнал урамшууллыг шалгуургүй олгодог болчихлоо гэх шүүмжлэл байдаг. Одоо ч СТА цолгүй дуучин байхгүй болжээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
Ж.Уранчимэг: –Жаахан эвгүй лсанагддаг. Бидний хувьд бол 20 гаруйжил дуулж байж СТА цол авч байсан. Тэгэхдээжил бүр шинэ уран бүтээл хийж, аялан тоглолтоор явдаг байлаа. Хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ. Миний цол бол маш их үнэ цэнэтэй. Одоо ч ард түмэн маань хэлдэг.Би 2012 онд МУГЖ гэх хүндтэй шагналыг авсан.
-МУГЖ цолыг хүртээгүй өнгөрсөн “Алтан үе”-ийн дуучин олон байдаг байх?
-Олон бий. Миний үед бөгөөд надаас өмнө дуулж байсан сайхан дуучид, уран бүтээлчдээсэнэ хүндтэй цолыг хүртээгүй хүн олон байдаг. Гэсэн ч ард түмэн тэдэнд аль хэдийнэ “Гавьяат”-ыг нь өгчихсөн л байдаг.
-“Гавьяат”-аа гэж дуудуулахад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Гавьяат гэх эрхэм цолыг хүндлэл хамт дагадаг байх?
П.Хатанбаатар: –Би нэг удаа гадуур явж байсан чинь нэг хүн “Хөөе”гээд дууддаг юм байна. Өөр хүн дуудаж байгаа байх гэж бодоод эргэж харалгүй явж байтал “Хөөе. Гавьяатын нөхөр өө” гэж дуудсан.
Ж.Уранчимэг:-Хүмүүс “Гавьяат аа ийм арга хэмжээн дээр ирээд дуулаад өгөөч” гээд ярьдаг. Гадуур явж байхад хүмүүс “Сайн байна уу. Та манайд дээр үедирж тоглож байсан. Санаж байна уу” гэж асуудаг. Би тэр бүрийгсанадаггүй ч надад сайхан санагддаг. Монголчууд хүнийг хүндэлж чаддаг ард түмэн. Миний залууд урлагийн бригад хөдөө орон нутгаар аялан тоглолтоор их явна. Айлд орлоо гэхэд ахмадууд дээгүүр сууна. Би үүдэнд суудаг байсан. Нэг удаа тоглолтоор явж байхад манайхан цамцаа угааж өмсөх болдог юм байна. Хамгийн залуугаараа би цамцнуудыг нь угаасан. Хүйтэн усанд 25 дуучны цамц угааж суусан чинь хөгжимчин Нямбаяр ах ирээд “Миний дүү захыг нь л угаачих” гэж хэлж билээ. Бие биеэ ингэж л хүндэлж хайрладаг байсан. Одоо ч зарим дуучид хүндэлдэг л юм. Хүндэлдэггүй нь бас бий шүү. Зарим нь тоглолтон дээр таарчихаад “Та өнөөдөр ямар дуу дуулах вэ” гэж асууна. Яасан миний дүү гэхээр “Би өнөөдөр таны энэ дууг дуулах гэж байна. Та өөр дуугаа дуулчих тэгэх үү” гэж хэлдэг.
-Таниас дууг чинь дуулах зөвшөөрөл авсан хэр олон дуучин байдаг юм бэ?
Ж.Уранчимэг:-СУИС-ийн оюутнууд их ирдэг. Тэд уралдаанд оролцох гэж байгаа юм. Таны дууг дуулж болох уу гэж зөвшөөрөл аваад явдаг. Би тэдэнд зөвлөгөө өгдөг,дэмжиж ажилладаг. Хэлэхгүй дуулчихсан хүмүүс ч бас олон байдаг юм. Оюуны өмч гэж сүүлийн үед хурцаар яригддаг болжээ. Залуу дуучдад хэлэхэд дуугаа дуулахдаа тухайн дууныхаа яруу найрагч, хөгжмийн зохиолчийг нь хэлж байгаарай.
-Таны стиль имидж анхаарал их татдаг?
Ж.Уранчимэг:-Намайг залуу байхад үзэж харж, үлгэр авах зүйл цөөхөн байлаа л даа. Бид ихэнхдээ Оросын суваг үзнэ. Тэгээд Зөвлөлтийн нэрт дуучин Алла Пугачёва болон “АББА” хамтлагийн бүсгүйчүүдийг дууриаж хувцаслаж, үсээ янзалдаг байсан. Бидний үеийнхэн үргэлж тоглолтын хувцастай тайзан дээр гардаг. Одоогийн залуус гадуур хувцастайгаа л тайзан дээр гардаг болжээ. Дуучин хүн ард түмнээ хүндэлдэг байх ёстой.
Тэр үеийн урлаг, спортынхон гадагшаа яваад ирэхдээхувцасны загвар, стилийг тараадаг байлаа шүү дээ. Гинжийгдөрвөөс таван давхарлан зүүнэ. Гэхдээ мөнгө биш дууриамал л даа. Бид бас тарпецөмд их өмсөнө. Одоо дээр үеийн мода эргэн ирж байна.
-Танийг хамгийн ихээр баярлуулдаг зүйл юу вэ?
Ж.Уранчимэг:-Тоглолтын урилга ирэх бүрт би баярладаг. Дуучин хүний хувьд энэ л хамгийн том бэлэг.Ард түмэн намайг хүлээж байна гэдгийг мэдрэх сайхан.Манай ард түмэн дуу хуураар цэнгэдэг. Би нэг дуугаа олон жил дуулчихсан шүү гэж огт боддоггүй. Дуулах бүр надад шинэ санагддаг. Тайз болгон анхных мэт байдаг даа.
-Залуудаа хөдөөгүүр их явж тоглодог байсан гэсэн. Урлагийн бригадаар явж байхад хөгжилтэй явдал олон тохиолдоно биз?
Ж.Уранчимэг: -Зөндөө.Нэг удаа хөдөө баг дээр айлд дайлуулж, цайлуулаад шинэ шөл уудаг юм байна. Тэгээд тоглолт эхлэхэд бид ээлжээрээ тасалбараа тасалдаг байсан. Миний ээлж болоод ажлаа хийж байтал гоё булган малгай, шинэ дээлээр ижилссэн хоёр залуухан хос өмнөөс минь инээмсэглэдэг юм байна. Би “Хүмүүс ээ, билетээ аваад ороод байгаарай” гэсэн чинь нөхөр нь инээгээд шилээ маажаад, эхнэр нь билетээ аваад оръё гэж байх юм. Тэгсэн нөхөр нь “Та хэд түрүүн манайхаар ороод гарсан ш дээ” гэж хэлсэн.Би дайлуулсан айлынхаа хоёрыг таниагүй байсан. Санаа зовоод их эвгүй байж билээ.
Хөдөөгүүр явахдаа бүгдээрээ нэг их том автобусанд суугаад л явна. Хотоос гарахдаа дуулалдаад их л сэргэлэн байцгаана. Хэсэг явж байгаад харахад бүгдээрээ унтацгаачихсан жолооч маань лмашинаа бариад явж байдагсан.Хүүхдүүдийг том анги, дунд ангигэж хуваагаад, орой нь насанд хүрэгчдэд тоглоно. Ховд аймгийн Булган суманд шиг санагдаж байна. Хүн нь багтахаа байгаад цонхоорморины толгой цухуйчихсан, их бүгчим орчинд тоглож байсан. Б.Нандинцэцэг эгч дуулчихаад орох гэсэн чинь гутлынх нь өсгий шалны завсарт гацчихсан. Үзэгчид нижигнэтэл инээлдсэн. Нандиа эгчдахиад л хөлөө татсан сугардаггүй ээ. Тайзны ард байсан бид сандралдаад өмнөөс нь нүүр улайгаад л… Тэгсэн Нандиа эгч хөлөө сугалж авчихаад туфлиэ гараагаа татаж аваад үзэгчид рүү харуулчихаад тоосон шинжгүй гүйгээд орчихсон. Хэрэв би тийм байдалд орсон бол бөөн юм болох байсан байх аа /инээв/.
-Та хоёр хэр их зөвшилцдөг бол?
П.Хатанбаатар: -Зөвшилцөх юм олон.Манай хүнд чинь асар их туршлага байдаг. Тэр туршлагаа надад хэлдэг нь алт, эрдэнэсээс илүү үнэтэй. Мөн бид хоёр хөгжмийн найруулга дээрээ санаа оноогоо ярилцдаг.Зөрөлддөг гэхээсээ илүү дандаа санал нийлдэг дээ.
-Урлагийнхан ихзавгүй хүмүүс. Ар гэрийн амьдралдаа хэр санаа тавьж амждаг вэ?
Ж.Уранчимэг: -Хоёулаа урлагийн хүн болохоор хөдөө явсан ч хамт, гадаад явсан ч хамт л байдаг. Манай хүн чинь жүжигчин мэргэжилтэй. Бид саяхан Солонгос, Станбулд тоглоод ирсэн. Өвөрмонголд олон удаа тоглосон. Тоглолтоо дуусаадбид Чежү арал амраад ирсэн. Миний хувьд гурван сайхан хүүхэдтэй. Миний анхны хань Хөгжим бүжгийн сургуулийг төгссөн урлагийн хүн байсан юм. Охидууд мааньч гэсэн урлагийн хүмүүс болсон. Миний бага охин зургаан наснаасаа төгөлдөр хуур тоглоод ОХУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн. Гэр бүлээрээ сайхан л амьдарцгааж байна. Удахгүй ачтай болно.
-Таныг дуучин Х.Төмөрбаатартай Өвөрмонголд бааранд дуулдаг байсан гэж ярьдаг?
Ж.Уранчимэг: -Зах зээлийн нийгэмд шилжээд “Баянмонгол” чуулга тарсан юм. Дуучид наймаа хийх нь хийгээд л тус тусдаа амьдралаа хөөсөн.Миний хувьд наймаа хийх авьяасгүй, ер нь миний чаддаг ганц зүйл дуулах л байлаа. Тухайн үед надад их хэцүү байсан юм. Анхны хань минь нас бараад хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн. Эхлээд хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд уран бүтээлээ хийдэг байсан. Арай том болохоор нь Хөгжим бүжгийн сургуулийн дотуур байранд өгчихөөд машин хөлслөөд ард түмний хайртай дуучин С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг бид хэд хөдөөгийн ард иргэдээ урлагаар цэнгүүлж, тэр хэмжээгээрээ өөрсдөө ашиг орлогоо олж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. 1998 онд С.Цэрэнчимэд ахтай Өвөрмонголд урилгаар очиж тоглосон. Өвөрмонгол руу явж байхад вагонд нь бидний дууг хятад хэлээр дуулж байдаг байлаа. Тэр үед оюуны өмч гэж байгаагүй. Дараагийн ээлжинд нь би Х.Төмөрбаатар ахыг авч яваад эхнэртэй нь гурвуулаа тэнд байр түрээсэлж, хэсэг хугацаанд амьдарсан. Нэг оройхоёроос гурван бааранд дуулдаг байсан.
-Таны ямар дууг хятад хэлээр дуулж байсан юм бэ?
Ж.Уранчимэг: -“Нарлаг хорвоо”-г саяхан болтол манай дуу гэж ярьдаг байсан. Уг нь бол би л миний дуу гэж ярина шүү дээ. П.Хатанбаатар бид хоёр Ордост очсон л доо. Тэгээд би хамгийн анхны дуугаа дуулъя гээд “Нарлаг хорвоо”-г дуулсан. Тэгсэн Өвөрмонгол хөтлөгч Хатнаад энэ дууг анх манайх дуулсан байхаа гэж хэлсэн байсан.Одоо Өвөрмонголоор дуулсан хувилбар нь ч байдаг. Би тэнд дахиж очихдоо пянзаа бариад очно гэж бодож байгаа.
-Одоо хөдөө нутгаар тоглолт хийгээд явахад хүмүүс хэрхэн хүлээн авч байна?
Ж.Уранчимэг: -Манай ард түмэн сайхан хүлээн авдаг. Дээр үед бид хөгжимчидтэйгээ хамт явдаг байлаа. Одоо болбэлэн хөгжим тавиад дуулчихдаг болсон. Сумын соёлын төвүүд ч тэр үеийг бодвол хөгжсөн байна. Гэрэлтүүлэг нь сайжирсан. Дээр үед бид өөрсдөө л гэрэлтүүлэгчээ хийдэг байлаа. Амьхандаа гадаадынхныг дууриаж гэрлээ анивчуулна. Би үзэгчдээ харж дуулах дуртай болохоор урдаасаа гэрэл тавих дургүй. Дээхнэ үед хөлдсөн гутлаа зууханд нь ээж байгаад л өмсөөд тайзан дээр гардаг сан. Үзэгчид үстэй дээлтэйгээ тоглолт үзэж байхад бид урлагийн нимгэн хувцастайгаа тайзан дээр гардаг байсан. Хөдөөгүүр явж байгалийн үзэсгэлэн харах үнэхээр сайхан шүү дээ. Сүүлийн үед монголчууд гадаадаар явж амарчзугаалах нь нэмэгдсэн. Гэвч Монголын байгалийг гүйцэхгүй гэж би хэлнэ.
-Хамтлагтайгаа тайзан дээр дуулж байсан тэр үе тань мэдээж сайхан дурсамжаар дүүрэн байх. Өнөөдөр тэр тайзан дээр ганцаараа гарах хэцүү байдаг болов уу?
Ж.Уранчимэг: -Сэтгэл тавгүйрхэх үе зөндөө. Би анхны ханьтайгаа олон жил тоглолтод хамт явсан. Эрдэнэт хотод бидэнд байр өгөөд л сайхан үе байсан шүү. Ханийгаа бурхан болсны дараа тэр тайзан дээр гарах үнэхээр хэцүү байсан /уйлав/. Одоо бол би жаргалтай гарна. Яагаад гэвэл хүүхдүүд минь сайн сайхан явж байна. Би бас сайхан ханьтай болсон. Бас Б.Нандинцэцэг эгчийгээ их боддог. Хөдөөгүүр явж байхдаа хамт тоглож байсан газартаа очихоор хүмүүс “Тэр жил та бүхэн хамтлагаарааирж тоглохдоо…” гээд л ярьдаг. Сумын төв харагдаад эхлэхэд л олон жилийн өмнө бөөнөөрөө тоглож байсан минь санаанд бууна. Өнөөдөр тэднийхээ дууг би ханьтайгаа хамт ард түмэндээ хүргэж явна. Эргээд дурсахад бид маш их хөдөлмөрлөж байж энэ амжилтад хүрсэн байдаг. Загас усандаа байхдаа жаргалтай гэдэг шиг бид дуулж явахдаа л жаргалтай. Энэ мэргэжилдээ үнэхээр хайртай.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг нээлттэй үлдээе?
Ж.Уранчимэг: -Дуугаар амьдруулж, биднийг хөглөж байдаг Монголынхоо нийт ард түмэнд баярлаж явдаг. Энэ 2015 ондоо аз жаргалтай, эв нэгдэлтэй байж бие биедээ дандаа урам өгч, хайрлажбайгаарай. Миний монголын ард түмний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.
П.Хатанбаатар: -Шинэ он гараад удаагүй байна. Энэ ондоо илүү ихийг бүтээж, амжилтын оргил өөд тэмүүлээрэй гэж ерөөе.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: MNB.MN