МУАЖ Ш.Чимэдцээеэгийн ярилцлагыг хүргэж байна. Түүнийг МУГЖ Т.Баясгалангийн аав, уртын дуучин Төвшинжаргалыг булааж суусан, айл гэр үйлмүүлсэн гээд л янз бүрээр ярьдаг. Харин тэрбээр энэ амьдралынхаа талаар ямар бодолтой явдагийг уншина уу.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг сайн дуучин, сайхан хүүхэн төдийгүй уртын дуучин Төвшинжаргалын гэргий гэдгийг тань бүгд мэднэ. Анх нөхөртэйгээ хэрхэн танилцаж байснаа дурсаач?
-Бид хоёр анх 1983 онд танилцаж байсан. Тэр хүн манай хүн спортоор л гүйдэг байсан үе л дээ. Нэг удаа Баянгол зочид буудалд байрлаж, бэлтгэлээ хангаж байхад нь би дуулах гэж хөдөөнөөс ирээд бас тэнд байрласан юм.
Манай хүн чинь их даруухан шүү дээ. Тэгээд өглөө цайндаа ороход нэг бор хүн “сүү буцалгаж уух уу” л гэдэг байсан юм. Би тэр үед буудлын гал тогоог хариуцдаг хүн юм байх гэж бодож байсан чинь манай хүн тамирчдын хоол ундыг хариуцдаг, түүнээсээ шомбоддог нэгэн байсан юм билээ /инээв/. Тэгээд тэр үедээ ч миний араас гүйгээгүй ээ. Харин хоёр жилийн дараагаас л араас гүйсэн дээ.
-Тэр үед та хотод орж ирээгүй байсан байх аа?
-Хөдөө байсан. Тухайн үед утсаар ярьж, захиа л бичилцдэг байсан.
-Та хоёрыг анх суухад хэл ам их л гардаг байсан. Хэцүү байсан биз?
-Хүмүүс намайг буруутай л гэж яриад байдаг юм билээ. Өөрийгөө би зөвтгөөд ч байгаа юм биш. Бид хоёрыг буруутгаад ч яахав, зөвтгөөд ч яахав. Хүний амьдралын зураг төөрөг, заяа тавилан гэж байдаг. Түүгээрээ л явж байна гэж боддог.
-Таныг Төвшинжаргал гуайн гутлыг нуучихаад гэрээсээ явуулдаггүй байсан гэж ярих юм билээ?
-Би тэгж ч гутал хувцсыг нь нуухгүй л дээ. Манай хүн ч тэгж нуулгаад байх шаардлагагүй. Бид чинь өчнөөн жил уулзсан улс юм чинь ийм юм гэж юу байхав. Инээдтэй л юм. Энэ хэл ам манай хүнд жаахан хүндээр туссан байх. Дайран дээр давс гэгчээр гэнэт сэтгэл нь шулуудсан юм шиг байгаа юм. Нэг өдөр хувцсаа бариад шууд хүрээд ирсэн. Тэр их ярианы үед чинь бид хоёр нэг гэрт арай орчихоогүй л байсан шүү дээ.
-Тэр үед та айл гэр үймүүлчихлээ гэж санаа зовж байв уу. Ах дүү, найз нөхдөөсөө зэмлэл хүртэж байсан уу?
-Үгүй ээ, элдвийн юм бодоогүй. Ингэх л ёстой юм байлгүй, тэр хүн л энэ хүнийг өөрөөсөө хөндийрүүлж дээ гэж бодсон. Төвшөөтэй гэр бүл боллоо гээд хүнээс зэмлэл хүртэж байгаагүй. Тэд бүгдээрээ л бид хоёрыг яаж нөхөрлөж байсныг, намайг гутал нуух үгүйг, манай өвгөнийг ч нуулгах эсэхийг бүгд мэднэ дээ. Ер нь эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Би ч, манай ах дүү ч нэгнийхээ амьдралд ороод байдаггүй.
-Та хоёрыг олон жил найзалсан гэдгийг эхнэр нь мэддэг байсан болов уу?
-Мэддэг л байсан байлгүй дээ. Би сайн мэдэхгүй шүү дээ. Тэр хүн ч надтай уулзаагүй. Би ч тэр хүнтэй уулзаж байгаагүй. Бид хоёрын хооронд уулзаад байх ч юу байхав дээ.
-Та Төвшинжаргал гуайн хүүхдүүдтэй хэр дотно вэ?
-Манай өвгөн чинь хүү, охин хоёртой. Манай хүний хүүхэд бол миний л хүүхэд гэсэн үг. Манайхаар ирж очно, хамт тоглож цэнгэнэ, яг л нэг гэр бүлийн хүмүүс шиг болчихдог юм билээ. Ер нь би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй.
-Ингэхэд таны хүү их том эр болоо биз?
-Манай хүү ХААИС-д байгалийн аялал жуулчлал, менежментийн ангид сурч төгссөн. Хүүхэд гараас хөтлөөд явдаг байх үедээ амар сайхан, гараас мултраад явахаар эх хүн зовдог гэж үнэн юм байна. Шөнө орой оройтоход нь санаа зовж, хүмүүс зодолдоход ингээд явж байгаа юм болов уу гээд шаналчихдаг. Гэхдээ манай хүү айлын ганц гэхэд ёстой эрх биш. Би ч хүүхэд эрхлүүлэх нэг их дуртай биш.
-Төвшинжаргал гуай дуулахаас гадна шаггүй барилдчихдагийг хүмүүс мэднэ?
-Манай хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай. Бүх цэргийн заан цолтой. Залуудаа их сайхан бөх байсан. Би чинь анх спортын хүн байхад нь танилцаж байлаа. Бид хоёр чинь их муухайгаар ярих юм бол олон жил далдуур найзалж байгаад суусан юм шүү дээ.
-Харин таны ярианаас тэгж ойлголоо. Ингэхэд танайх урлагийн гэр бүл. Хэн хэн нь урлагийнх болохоор асуудал их гарах уу эсвэл дажгүй юу?
-Хоёулаа урлагийнх болохоор зовлон жаргалаа сайн ойлгоно оо. Чадахгүй үедээ энэ хаалгаар хөөгдөөд гарах үе байдаг. Энэ үед нь сэтгэл санааг нь яаж дэмжих вэ гээд л нэгнээ олйгоход сайхан шүү дээ. Ер нь хүний хань гэдэг нэгнэгнийхээ зовлон жаргалыг л олйгоход л гол шинж нь оршдог.
-Та хоёрт өөр орлогын эх үүсвэр байдаг уу?
-Бид хоёрт урлагаас өөр орлогын эх үүсвэр байхгүй. Тэгээд ч бид хёорын ухаан хүрэхгүй, ямар ч бизнесийн ухаан байдаггүй юм. Найз нөхөд ямар тэнэг юм бэ гэж зэмлэдэг. Энд тэнд очиж хоолойгоо л урж, түүнээсээ хэдэн төгрөг олоод болоод л байна даа.
Бид ер нь хөрөнгө хураах дургүй. Ээж аав маань ч бидэнд нэг их юм хурааж өгсөн биш. Хүүхэддээ нэг их юм хураагаад өгчихөөр бэлэнчлэх сэтгэлгээ суучихна. Тийм болохоор хүүхдүүддээ нэг их юм хурааж өгөхгүй гэж боддог.
-Нээрээ та саальчин охин байхаасаа Монгол Улсын Ардын жүжигчин болтолоо өсөж, томорлоо. Энэ бүхэн таны байгалиас заяасан авьяасынх уу?
-Зөвхөн миний сайных гэж юу байхав ээ. Би ер нь өөрийгөө аливаа юманд сайн гэж боддоггүй. Би ямар нарнаас ургаж, навчнаас мэндэлчихсэн биш. ыЭэж аавын буян, Монголд орны буян гэж байна. Уртын дуу дуулдаг хүн ганц Монгол оронд л төрдөг, тиймээс Монгол оронд төрсөндө залбирч явдаг юм.
Хөдөөнөөс 1994 оны найман сард шилжиж ирээд шууд л Морин хуурын чуулгад дуучнаар орсон юм. 1993 онд ээж маань ойчоод өгсөнөөс хойшхот суурин газар бараадъя, арай дорвитой уран бүтээл хийе гэж бодоод ирсэн. Урлагийн дөрөө сайхан нийлсэн хамт олон дунд орж ирсэн нь амижлтад нөлөөлсөн дөө.
-Та хөдөөнөөс шилжиж ирээгүй, тэндээ байсан бол ямархуу дуучин байх бол оо. Энэ талаар бодож байв уу?
-Энэ талаар боддог л юм. Сав савныхаа хэмжээгээр байдаг гэгчээр тэр газраа өөрийгөө боломжийн байна даа гэж бодоод явах байсан биз. Би чинь тэнд нэг өрөө байртай, тэр нөхцөлдөө болромжийн байнаа даа гэж бодоод явдаг байсан болохоос биш одоо байгаа шигээ хэмжээнд хүрнэ гэж бодож ч байгаагүй.
Намайг Улаанбаатарт ирэхэд гурван өрөө байр бэлэглэсэн. Түүнээс хойш би гурав дахь машинаа уналаа. Би бас их хувь заяатай хүн шүү. Хөдөөнөөс ирэнгүүтээ л байр, машинтай болдог хүн ховор. Хураасан хөрөнгөгүй би чинь Улаанбаатарт нэг хөргөгчтэй, нэг Монел өнгөт зурагттай л хүүгээ дагуулаад ирж байсан. Хотын хүн болоод гадаад, дотоодын олон улсуудаар тоглолт хийж явж үзлээ.
-Таны хувьд тайлан тоглолт хийхэд хэдий хэмжээний ашиг олдог байв аа?
-Шоргоолж ч гэсэн хөдлөөд байвал нүхнийхээ шороог зөөчихдөг шиг ажил хийгээд л байвал бага ч гэсэн амьдралд минь нэмэр болдог. Мэдээж нэг тайлан тоглолт хийнэ гэдэг хэцүү л дээ. Янз бүрийн татвар, байр, хөгжмийн түрээс гээд асуудал их. Гэхдээ шантрахгүй л байвал зүгээр сууснаас хамаагүй дээр.
-Ингээд бодохоор таны амьдралд зовж, шантрах үе байгаагүй юм шиг. Гэхдээ хүн л юм чинь шантрах үе байсан байлгүй дээ?
-Надад хэцүү байсан үе ховор. Яагаад гэвэл би барагтай юмыг бэрхшээл гэж боддоггүй юм. Хамгийн хүнд байсан цаг гэвэл ээж,аавыгаа алдсан үе л юм даа. Би өөрөө айлын дагавар хүүхэд. Дүү нарын маань аав, ээж нэг жил өөд болсон. Тэр үед надад дуулах хоолой байхгүй, дуулах дуу байхгүй болчихож байгаа юм шиг л байсан.
-Уг нь таныг шүүдрийн усаар цай чанаж, ээжийнхээ ачийг хариулсан хүн гэдэг юм билээ?
-Би ээжийнхээ ачийг нэг их хариулчихсан хүн биш ээ. Бага байхдаа яагаад ч вм ээжийгээ даарлаа гэхэд орны араар толгойгоо шургуулаад уйлчихдаг, ээжийгээ зовлонтой юм хүнтэй ярихад нь бас л уйлж байдаг, эхийгээ л их хайрладаг хүүхэд байсан. Бурхан намайг ингэж л зохицуулсан юм байлгүй дээ. Ямар ч байсан эхийгээ амьд байхад нь зовоогоогүй ээ. Яг ингэж хайрлаж байсан хүн эхгүй болохоор их хэцүү байдаг юм билээ /уйлав/.
Эхдээ шүүдрийн усаар цай чанаж өгөхөд нэг шөнө өндийж хөхүүлсэн ачийг нь л хариулдаг гэдэг үг бий. Би нэг зуныхаа амралтаар хөдөө очоод шүүдэр их унадаг газраар шанаганы толгой бариад явсан. Тэгээд жаахан юм авчираад чанаж, ширгэж алга болохынх нь даваан дээр нэг уулгасан. Тэр үед ээж маань учиргүй баярлаад уйлж байсан. Дараа жил нь би хөдөө байдаг нэг эмэгтэй дүүдээ “Хоёулаа нэг шүүдэр цохиж үзье, өвсний шүүдрийг том бризент аваачаад цохиж болмоор юм билээ” гээд ярилцаж, тохироод байж байтал ээж маань өнгөрсөн дөө.
-Таныг бас Энэтхэгийн ганга мөрний рашаанаас авч ирж эхийнхээ газарт цацна гэж яридаг байсан гэх юм билээ. Энэ хүсэл тань биелсэн үү?
-Би эхийгээ амьд байхад Ганга мөрний рашаан авч ирэх юмсан гэж их боддог байсан. Тэр үед Н.Энхбаяр манай Соёлын яамны сайд байсан. Би “Энэтхэг явж үзмээр байна. Манайхаас хүн явах уу” гэж асууж байсныг хэдэн жил мартаагүй байж байгаад манай соёлын өдрүүд Энэтхэгт болоход намайг дуудаад “Чи ээждээ Ганга мөрний ус авчирч өгмөөр байна гээд байсан одоо явах уу” гэсэн. Тэр үед ээж маань өнгөрсөн байсан ч би яваад ганга мөрний ус авч ирж газар дээр нь цацсан даа.
-Ээжийгээ баярлуулсан хүн жаргадаг гэж үнэн байх. Та тэгээд л нэг зовлон үзэхгүй, сайхан амьдарч байгаа байх. Мөн таныг эхийгээ амьд байхад ганц ээждээ л хоргодож хөдөө байсан, нутгийнхандаа их гомдож явдаг гэж ярьдаг гэж сонссон юм байна?
-Манай нутаг усныхан намайг гомдоочихсон юм байхгүй. Ээжийг минь амьд байхад намайг нааш ир гэсэн байгууллага байсан. Ижийгээ байхад надад тэнд аргамжаатай юм шиг л санагддаг байсан болохоор л хот орж ирэхийг боддоггүй байлаа. Манай нутгйнхан надад жигтэйхэн хайртай шүү дээ. Би заримдаа яахаараа ийм олон хүнээр хайрлуулах заяатай байдаг байна аа гэж боддог.
Эх сурвалж: Mongolcomments.mn