Одоо ч бидний үзэх дуртай “Улаан дарцаг”, “Зуслангийн найзууд”, “Мартагдашгүй намар” зэрэг олон сайхан киног найруулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдиныг “Соён гэгээрлийн цуврал” буландаа урилаа. Монголын кино урлагт зүрх сэтгэл, амьдралаа зориулсан түүнтэй энэ салбарын хөгжил болон өнөөгийн нийгмийн асуудлаар ярилцсан юм.
-Сүүлийн үед кино урлагт залуус хүч түрэн орж байна. Үүнийг Монголын кино урлаг хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж болох уу?
-Монголын кино урлаг хөгжиж байна. Манай залуучууд авьяастай, сайн уран бүтээлчид олноор төрж байгаад баярлаж явдаг. Гэхдээ сайны хажуугаар саар гэж бий. Сайн бүтээл цөөхөн, ихэнх нь мөнгө олох кино хийж байна.
Хэдийгээр зарлагаа нөхөх гэж хичээх нь зөв ч уран бүтээлээрээ нийгэмд, хүмүүст чиглэсэн зөв үзэл бодол, мессэжийг заавал тусгах ёстой. Хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт их хичээх нь үзэгчдэд үр өгөөж муутай болдог. Харин зарим нэг уран бүтээлчид жинхэнэ уран бүтээл хийе гэсэн бодолтой байгаа нь сайшаалтай. Жилдээ нэг хоёрхон ч болов үзэгчдэд ухааруулах, юм бодогдуулах кино гарч байгаад баярлаж сууна.
-Яг одоо Монголд төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа кино бол “Чонон сүлд”. Та энэ киног үзсэн үү, ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Би киног нь үзлээ, номыг нь ч уншсан. БНХАУ-ын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг дэлхий нийтээр шуугиж байсан учраас би сонирхож уншсан юм.
Надад энэ роман таалагдсан. Зөвхөн чонын тухай гэхээс илүүтэй цаад утга санаа нь их чухал байсан.
Сайн бүтээл цөөхөн, ихэнх нь мөнгө олох кино хийж байна.
Чоно бол араатан амьтан. Монголчууд чоныг хийморьлог, тэнгэрийн амьтан гэж дээдэлдэг. Хэдийгээр зэрлэг амьтан ч асар ухаантай.
Монголчууд ийм амьтны ухааныг нь олж, мэдэж чадсанаараа чононоос илүү ухаантайгаа баталсан гэсэн санааг гаргасан байдаг. Тиймээс монгол үндэстэн хүн бүр бахархаж омогших сэтгэгдэл төрөх байх.
-Хятадын зохиолч Монголчуудын ухаан, аж амьдрал, ахуй байдлын нарийн зүйлсийг яаж олж харж бичсэн юм бол?
-БНХАУ-ын зохиолч Зян Рун Монголчуудыг таньж мэдэрсэний гавьяа гэж бодож байна. Хятадын соёлын хувьсгалын үед амьдрал мэдрүүлэх, таниулах нэрийдлээр сэхээтнүүдээ хөдөө нутагт цөлж байсан. Тэгж явахдаа өвөрмонголчуудын ахуй амьдралтай танилцаж, судалсан болов уу.
Ном шигээ кино нь ч сайн болсон байна лээ. Сайн зохиолыг дэлгэцийн бүтээл болгохын тулд сайн баг шилж сонгож олж бүрдүүлсний хүчинд ямар том амжилтад хүрч болохыг харуулж чадлаа.
Тэр том романыг цаг гаруй үргэлжлэх кино болгохдоо гол санаа, агуулгыг гаргаж чадсан нь Францын найруулагч Ж.Ж.Анногийн авьяас чадварын илрэл юм. Романыг нь уншчихаад киног нь үзэхэд их зөв хэсгүүдийг нь олж гаргасан, гол утга санааг зөв гаргажээ гэсэн дүгнэлт өгч суулаа.
-Энэ киног Монголчуудыг доромжилсон, амьдралаас хол болсон гэж зарим хүмүүс ярьж, бичлээ. Та эдгээр шүүмжлэлийг хэр байгаа оносон гэж бодож байна?
-Асашёрюү Дагвадорж, яруу найрагч Б.Батрэгзэдмаа нар энэ киног муу болсон гэж шүүмжилсэн байна лээ. Би эсрэг бодолтой байгаа. Бид хэтэрхий өнөөдрийнхөө бодит амьдралд тулгаж буулгаад байгаа нь буруу юм.
Хэдийгээр чоныг тахин шүтдэг Монгол угсаатны тухай боловч зохиолыг нь Өвөрмонголын амьдралаас урган гаргаж, киног нь ч тэнд хийсэн. Тиймээс өнөөдрийн Монголоороо сэтгэж, шууд халдааж болохгүй.
-“Хонины бэлчээрт Хятад хүнд өврөө нээж байгаа Монгол хүүхнийг харлаа” гэж Д.Дагвадорж аварга халагласан байсан. Энэ мэт амьдралаас хол үзэгдэл нэлээд байх шиг санагдсан?
-Ийм үзэгдэл манай Монголд байсан гэдгийг ахмад зохиолчид зохиол бүтээлдээ бичсэн байдаг. 50-аас дээш настай, хөдөө амьдарч байсан хүмүүс бол мэднэ дээ. Хонины бэлчээр гэдэг хайр сэтгэлтэй залуусын уулздаг ганц газар байсан.
Хонины бэлчээр гэдэг хайр сэтгэлтэй залуусын уулздаг ганц газар байсан.
Одоо бол өөрчлөгдсөн байж болох. Гэхдээ хайр сэтгэлтэй болоход үндэс угсаа хамаардаггүй биз дээ. Хятад, Африк, Герман, Монгол аль ч улсын иргэн байсан хайрлахад нөлөөлөхгүй. Гадны хүмүүстэй суусан монгол сайхан хүүхнүүд зөндөө л бий шүү дээ.
Кинон дээр хятад залуу гардаг нь Өвөрмонголын амьдрал шүү дээ. Заавал ийм талаас нь харж муулах хэрэггүй юм. Түүх соёл, ахуй байдлаа судалж мэдэх хэрэгтэй, сайн бодож тунгаан байж сэтгэгдлээ илэрхийлэх хэрэгтэй.
-Монголчууд эртнээс эсгий гэртээ амьдарч ирсэн. Гэтэл ахуй байдлыг арай л ядруу, нооройсон байдлаар харуулсан гэсэн шүүмжлэл ч олонтаа гарч байгаа?
-Энэ зохиолын үйл явдал 1970 оны эхэн үеийг харуулсан. Тэр үеийн Өвөрмонголын амьдрал ядуу дорой байсан. Үүнийг өөр дээрээ тусгаж өнөөдрийн Монгол болгон бодох нь тэнэглэл. Энэ зохиолыг бүрэн зөв ойлгож мэдэхийн тулд өөрийгөө боловсруулж, олон талаас нь судалж, мэдэж ойлгож байж бичих ёстой.
Анхны сэтгэгдлээр дүгнэж, түүнийгээ олон нийтэд хүргэж санаа бодлыг нь үймүүлж болохгүй. Ялангуяа олны танил хүмүүс, яруу найрагч, бичгийн хүмүүс бодолтой хандах хэрэгтэй.
Энэ киноноос таалагдахгүй зүйлсийг түүж суухаар зураглаачийн ажил, хөгжмийн зохиолчийн мэдрэмж, жүжигчдийн ур чадвар, найруулагчийн чадварыг харж, судалж, суралцах хэрэгтэй, манай киноныхон. Тэр байтугай кинонд тоглосон ан амьтны харцыг хүртэл гайхалтай олж авсан байдаг.
Өсөрхөж харж буй харц, хөөгдөөд, алуулаад, бэлтрэгээ суйлуулаад гуниж байгаа чонын нүдийг сонгож авсан чадвар үнэхээр сайн. Түүнээс биш чоно найруулагчийн үгэнд ороод тоглоно гэж юу байх билээ. Энэ мэтчилэн удаан жилийн туршид бэлдэж, сонгож байж мэргэжлийн төвшинд сайн бүтээл хийдгийг харууллаа.
Аливаа юм хоёр талтай. Кинонд чонын бэлтрэгийг “Тэнгэрийн амьтан чи тэнгэртээ залар” гээд сүүлнээс нь эргүүлж байгаад чулуудаж байгаа нь монгол хүн бүрийг эмзэглүүлсэн байх. Бусдаар үнэхээр сайн бүтээл болжээ гэж дүгнэсэн.
-Энэ киногоор Монгол угсаатныг дэлхийд таниулах боломж гэж дүгнэж болох уу. “Чонон сүлд” Монголчуудыг төлөөлж чадах уу?
-Зөвхөн Монголчууд чоно шиг эрэмгий зоригтой, ухаантай, хатуужилтай ард түмэн учраас чоноо шүтдэг гэдгийг дэлхийд ойлгуулна. Энэ зөвхөн чонын тухай сэдэв биш. Сайн нягтлаад бодоод үзвэл хүн, араатан, байгалийн харилцаа, уялдаа холбоог харуулсан.
Нэг амьтан нөгөөгийнхөө тэнцвэрийг тогтоож, байгалиа хамгаалж байдаг.
Анхны сэтгэгдлээр дүгнэж, түүнийгээ олон нийтэд хүргэж санаа бодлыг нь үймүүлж болохгүй.
Кинон дээр хятадууд Өвөрмонголын нутагт ирж онгон сайхан байгалийг нь хагалж, тариа ногоо тарина гэж газар сэндийчээд, зээрийг нь алаад, чоныг нь буудаад, хунг нь устгадаг.
Үүнийг харуулна гэдэг харин ч сайн. Бид ч эндээс өөрсдийн үйлдэл, ажил амьдралдаа ухаарал авах хэрэгтэй.Бид Оюу толгой гэх сайхан газраа ямар болгов, хэдийгээр баялгийг нь авах учиртай ч яаж авах, хэрхэн байгалийг нь сэргээж үр хойчдоо сайхнаар нь үлдээх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ноён уул гэж сайхан байгальтай, олон янзын эмийн ургамал цэцэгтэй, Хүннүгийн булш бунхантай газрыг заавал ухах хэрэг байна уу, ухах байлаа ч өнөөдөр цаг нь мөн үү гээд бодох зүйл их байна.
-Энэ асуудлыг зөв зүйтэй шийдэхэд яагаад төрийн түшээд анхаарлаа хандуулахгүй байна вэ?
-Манай төрд хэтэрхий хувиа хичээсэн, өөрсдийнхөө баяжих арга замыг эрэлхийлэгчид байхаас үнэнхүү Монголынхоо төлөө сэтгэл зориулж яваа хүн алга.
Хамгийн их популизм хийж байгаа хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Гадаадад их популизм хийж эх орондоо гай тарьдаг. Дэлхий нийтийн том хуралд үг хэлчихээд эх орондоо хийхээр амлачихдаг. Энэ нь хэчнээн зардал мөнгө үрдгийг бүгд мэднэ.
Ингэж болохгүй шүү дээ. Хоёр нам хоорондоо хэрэлдэж, улс төрийн сайн шийдвэрүүд гарахгүйгээс ард иргэдийн амьдрал туйлдаж байхад Ерөнхийлөгч юу ч дуугарахгүй, хийхгүй мөртлөө гадны хурал чуулганд үг хэлж, нэр нүүрээ тордож явдаг. Энэ бол өөрийгөө рекламдах популист удирдагчийн шинж юм.
-Хүмүүсийн аливаа асуудалд хандах хандлага сөрөг болоод байгаа нь ажиглагддаг. Энэ нь нийгмийн стресс бухимдлын илрэл юм шиг?
-Төр түмний хөрөнгийг ууж идэж, завшиж баяжиж байсан хүмүүсийн нүүр царай одооноос дөнгөж илрэх суурь тавигдаж байна. Урьд нь сайхан сэтгэлээр хандаж, хэлсэн болгонд нь итгэж байсан бол одоо асуудалд нухацтай хандаж буруу зөвийг хэлдэг боллоо.
Тиймээс төрийн түшээдийн үг үйлдэл бүрийг цэнэдэг болоод байна. Ялангуяа сэхээтнүүд дуугарч, хөдөлж байгаа нь сайшаалтай. Харин ч булхайг нь илчилж, хаашаа ч гарах гарцгүй болгож, хавханд оруулах хэрэгтэй. Тэгвэл луйварчид айж улс орон маань жинхэнэ хөгжлийн замдаа орох биз.
-Хамгийн их хүмүүсийн анхааралд орж, ярьж байгаа нь уул уурхай. Гэвч сайн үр дүнд хүрэхгүй байна. Үүний араар бусад салбаруудын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэгсэд ч байна. Тухайлбал, Хуримын ордны хувьчлалыг Ноён уулын шуугиан дунд яриад эхэллээ шүү дээ?
-Энэ эрх мэдэлтэй хүмүүс өнөөдрийнхөө амбицыг бодож хувьчлалд хандаж байгаагаас ирээдүйд ямар хор уршиг дагуулахыг тооцохгүй байна. Улсын ямар ч хөрөнгийг байсан хувьчилъя, заръя, худалдъя, тэр мөнгөөр нь цэцэг ургуулж, зам тавья гэж байна. Үнэндээ хувьчлалд зааг ялгаа байх ёстой.
Хуримын ордон жирийн байшин барилга биш шүү дээ. Байшинг бүхлээр нь зөвхөн хуримлах зан үйлд зориулан хийсэн утга учиртай урлагийн бүтээл, соёлын өв юм. Манай урчууд олон янзын хээ угалзыг ур ухаан гарын дүй, авьяасаа ашиглан утга учир бэлгэ дэмбэрлийг шингээн урласан. Байшингийн хэлбэр загвар ч Монгол, Азийн соёлыг агуулсан байдаг. Одоо бүү хэл хэдэн арав, зуун жилийн дараа үнэлэгдэх уран хийцтэй урлагийн бүтээл.
Хэдийгээр хувьчилж авсан хүн хуримын зан үйлийг илүү шинэлэг сонин содон болгож хөгжүүлнэ гэж ярьж байгаа ч худалдаж авсныхаа дараа яаж нурааж сүйтгэхийг мэдэхгүй. Ингэж хууртсан жишээ манайд олон бий. Хэчнээн олон кинотеатр хувьчлагдаад юу болсон гэдгийг бүгд мэднэ.
Хэл ам хийж байж “Өргөө” кино театрыг дахин сэргээсэн шүү дээ. Тиймээс тэр сайхан яриа амлалтад огтхон ч итгэхгүй байна. Хотын төвд байрлалтай газрыг ашиглаж өндөр барилга барих хүсэлт тээж буй нь дамжиггүй.
“Оргил” сувилалд Улаанбаатар хотын хөгшид хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл бас хувьчилчихвал байшин барилга бариад рашааныг үгүй хийж ч мэднэ. Төрд гарсан хүмүүс хэтэрхий хувийн эрх ашгийг боддогоос улс орноо гаргуунд нь гаргаж, сүйрүүлж буй нь олон жишээн дээр харагдаж байна.
Хуучин юм бүхэн хэрэггүй болдог юм биш. Хуучрах тусмаа үнэд ордог зүйл гэж бий. Ялангуяа Монголын өв соёлыг тээж буй түүх, соёлын бүтээлүүдийг ад үзэхээ больж, сэргээн засч, ирээдүй хойчдоо үлдээх ажил хийх сийрэг ухаантай, зөөлөн сэтгэлтэй ганц ч болов удирдагч гарч ирээсэй гэж хүсэх юм. Тийм ганц хүний үүрэг түүхэнд асар том тустай байдаг. Манайд даанч тийм хүн алга.