Чамтай тасралтгүй мессеж бичилцэж, чамин чамин үгээр сэтгэл догдлуулж байгаа тэр залуутай хуримаа хийж байгаагаар чи магадгүй өөрийгөө олон удаа төсөөлсөн байх. Гэхдээ тэр чамайг эр нөхрийн, амьдралын хамтрагчийн хайраар хайрладаг болов уу? Эсвэл одоог хүртэл эргэлзээд л, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй яваа харилцаа чинь чиний өдийг хүртэл хүлээсэн насан туршийн хайр мөн ч юм билүү?
Чиний үерхэх залуу: Тэр зөвхөн чамайг өөрт нь юу өгч чадах нь вэ гэдэгт л анхаарлаа хандуулдаг. Чи түүнд хязгааргүй их цаг хугацаа, анхаарлаа зориулдаг учраас, та хоёр ижилхэн сонирхолтой, бас чи тун дур булаам учраас л тэр чамайг “хайрладаг”. Тэр чамайг өөрт нь тохирох эмэгтэй гэж итгэж найддаг.
Чиний гэрлэх залуу: Тэр чамаас юу ч хүлээдэггүй. Харин өөрөө л чамд юу өгч, зориулж чадахаа цаг мөч тутамд бодож явдаг. Тэр чиний гэнэт тас тас инээдгийг, хааяа өөрийгөө голоод л байдгийг чинь, өвөл болгон цасанд хүслээ шивнэдгийг чинь гээд өө сэвүүдээс чинь нэгийг ч үлдээлгүй, чамайг бий болгосон бүхнийг хайрладаг. Тэр чамайг ЧИ болохоор л хайрладаг. Тэр өөрийгөө чамд маш сайн нөхөр болж чадна гэж найддаг.
Чиний үерхэх залуу: Чамайг өөр залуучуудтай холбоо тогтоох л юм бол түүний хувьд хардах шиг амархан юм байхгүй. Тэр амархан уурлаж, урт хугацааны үл ойлголцлыг үүсгэдэг. Тэр бүх цагийг чинь өөртөө өмчлөхийг хүсдэг ба хааяа энэ нь хайр татмаар санагддаг ч ихэнхдээ дарамттай, хэцүү мэдрэмж төрүүлдэг.
Чиний гэрлэх залуу: Тэр чамд өөрийнхөө бүх итгэлийг өгдөг. Чамд эргэлзэх үе тохиолдвол юуны түрүүнд өөрөөсөө бурууг хайж, эргэлзээг өөр лүүгээ шилжүүлдэг. Өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас өмнө юм бүхэнд чиний өнцгөөс хандахыг оролдож, шаардлагатай бол чамд хэчнээн л бол хэчнээн орон зайг олгохдоо бэлэн байдаг. Асуудалд нээлттэй хандаж, чиний буруу байсан ч тэвчээртэй байх гэж хичээхээ зогсоодоггүй.
Чиний үерхэх залуу: Энэ залууд таалагдахын чи нүүрээ буддаг. Түүнд сэтгэгдэл үлдээхийг хүсч байгаа учраас чи болзооныхоо өмнө толины өмнө хангалттай эргэлдэх ёстой болдог. Чи түүнийг чамайг хөөрхөн гэж бодоосой, орой салахаасаа өмнө үнсээсэй, өөрийгөө үргэлж чинийх гэдгийг батлаасай гэж хүсдэг.
Чиний гэрлэх залуу: Энэ залуугийн дэргэд чи өөрийнхөө гадаад төрхөд огтхон ч голонгуй, хэт анхааралтай ханддаггүй. Тэр чиний дотоод хүнд хайртай учраас будаггүй байсан ч “Ямар хөөрхөн юм бэ!” гэж уулга алддаг. Салахдаа чамайг үнсэхгүй байсан ч чи түүнийг зөвхөн чинийх гэж мэдэрч чадна. Гэхдээ л тэр үргэлж чамайг үнсдэг, тэгээд цээжин дотор чинь эрвээхэйнүүд нисэлддэг.
Чиний үерхэх залуу: Тэр яг л таавар шиг байдаг. Үүнд нь ч чи татагддаг. Яг л тайлах ёстой оньсого шиг байдаг тэр залуугийн дэргэд чи ч бас тааварлашгүй, нууцлагдмал байж сонирхлыг нь өдөөхийг хүсдэг. Ирээдүйд хэн хэнээсээ уйдах вий гэсэн айдас чамайг үе үе зовоодог.
Чиний гэрлэх залуу: Чи түүнийг дэлгэсэн гарын алга шигээ л сайн мэднэ. Чи түүнд бүх нууцаа ярьсан ч чадах учраас ямар ч хамгаалалт, биеэ барилтгүйгээр, илүү юм бодолгүйгээр түүнтэй өөрийнхөөрөө харьцдаг. Та хоёр хамтдаа уйдаж байсан ч жаргалтай л байдаг.
Чиний үерхэх залуу: Хамт байхдаа хөгжилтэй байдаг тэр залуу. Түүнийг харахаар сэтгэл хөдөлдөг учраас чиний хамт байгаа тийм залуу.
Чиний гэрлэх залуу: Чиний хамтдаа хөгжилддөг бас хамтдаа уйлалддаг, маргалдаад л бас инээлдээд л үлдсэн бүх амьдралынхаа туршид хамт байж чадах тийм залуу. Чи зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө л түүнтэй хамт байдаг юм биш. Яаж ч ядарсан, уурласан, бухимдсан мэдрэмж төрж байсан хайрласаар л байх хүн чинь мөч учраас чи хамт байгаа. Чамайг хайрлахын тулд тэр өөрийнхөө цаг хугацаа, эрч хүчээсээ зөндөөг золиослох ёстой болно гэдгийг ойлгосон хойноо ч тэр үүнийг хүлээн зөвшөөрөөд чамтай хамт байхыг сонгосон. Амиа хичээсэн, өмчирхсөн хайраар биш тэвчээртэй, үнэнч, хүлээцтэй зангаар, хариу нэхэлгүйгээр тэр чамайг хайрладаг.
Хайр бол тэвчээртэй, хайр бол энэрэнгүй. Хайранд хардалт, атаархал гэж үгүй. Мөн сагсуурал, бардамнал ч гэж байхгүй. Хайр мэдэрч байгаа хүн амархан уурладаггүй, буруу бүхнийг нэхэн санаж дотроо хадгалдаггүй. Хайр үргэлж хамгаалж, үргэлж итгэж, үргэлж найдаж, бас цөхрөлтгүйгээр үргэлжилдэг. Тэр чиний үерхэх залуу байна уу, гэрлэх залуу байна уу?
Эх сурвалж: everyday.mn