Дуучин Тулгаа эр цэргийн баярт зориулж “Он жав” VIP cover тоглолтоо маргааш хийхээр болжээ. Тэрбээр “Нарны жим” ОАК-ны Орсоогийн дүрд чадварлаг тоглосон бөгөөд “Он жав” хэмээх киноныхоо дууг өөрөө дуулсан.
– Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Уран бүтээлийн олз омог арвинтай юу. Юуны өмнө таны дуучин болох сонголтын талаар яриагаа эхлэе гэж бодлоо?
-Энэ өдрийн мэнд.Уран бүтээлийн олз омог арвинтай. Би хүүхэд байхаасаа урлагт хайртай өссөн. Сургуулийн шинэ жилийн баяр, урлагийн наадмыг алгасдаггүй, олон нийтийн ажилд оролцдог идэвхитэй сурагч байлаа. Анх тавдугаар ангидаа ятга дарж дуулаад алтан медаль авсанаасаа хойш урлагт дурласан. Түүнээс хойш 11 дүгээр ангиа төгсөтлөө дуулж, төгсөлтийн баяраараа тайлан тоглолтоо Дорноговь аймгийн Сайншанд сумын Саранхөхөө театрт тавьж байсан. Оюутан болсоныхоо дараа ч мөн адил дуулж хөгжимдөн олон нийтийн ажилд идэвхтэй оролцож явсан. Уран бүтээлийн маань жинхэнэ гараа МҮОНРТ-ын “Нарны жим” хэмээх Онцгой байдлын ажилтнуудад зориулсан 50 ангит кинонд тоглох санал ирснээр эхэлсэн гэж болно. Өмнө нь намайг дуучин болно гэхэд олон хүн эсэргүүцдэг байсан. Одоо бол гэр бүл, найз нөхөд маань бүгд намайг дэмждэг. Яагаад гэвэл олон жил дуулж яваа болохоор тэд маань ойлгодог болсон.
-Та хүүхэд байхаасаа л дуулах дуртай байсан юм байна. Гэвч гэвч өөр мэргэжилтэй гэж сонссон.
– Аравдугаар ангиа төгсөөд дуучин болох байсан ч тухайн үед ээж маань сонголтыг маань зөвшөөрөөгүй, ШУТИС-ын инженерийн ангид шууд суралцахын ятгасанаар дуучин болж чадаагүй. Гэвч урлаг намайг мартаагүй. Надад нэгэн шинэ боломжыг олгосон бөгөөд Хууль Сахиулахын Их Сургуулиас соёл олон нийттэй харилцах мэргэжилтэнээр ажиллах санал ирж ажилласан. Тухайн үед жиллахынхаа хажуугаар “Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд”, “Оддын эрэлд” зэрэг тэмцээнд оролцож өөрийгөө сорьж бас олонд танигдаж эхлэсэн. Энэ завшааныг ашиглаад ажлынхаа хамт олон удирдлагууддаа талархаж явдгаа илэрхийлье.
– Та “Нарны жим” олон ангит кинонд Оросоогийн дүрээр үзэгчдийн танил болсон. Жүжигчний мэргэжилийн талаарх таны бодол?
– Жүжигчний мэргэжилээр ямар нэгэн сургуульд сураагүй ээ. Кинонд тоглоод гол ойлгосон зүйл маань жүжигчин хүн бол авъяас хичээл зүтгэлийн оргил юм л гэж дүгнэсэн дээ.
– Эр цэргийн баярт зориулсан “Он жав” VIP ковер тоглолтынхоо талаар уншигчидадаа мэдээлэл өгөхгүй юу?
– Өмнө нь аравдугаар ангид байхдаа уран бүтээлийн тоглолт хийж байсан. Оюутан байхдаа ч албан байгууллагуудын урилгаар очиж дуулдаг байлаа. Уран бүтээлчийн гараагаа эхэлсний хувьд анхны бие даасан тоглолт маань энэ удаагийнх. Энэ тоглолт маань VIP үдэш болж буйгаараа онцлогтой. Учир нь өмнө нь танилцаж, уулзаж явсан олон сайхан хүмүүстэйгээ эргэх холбоогоо бататгах, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ нэг үдшийг сайхан өнгөрөөх зорилгоор “Он жав” уран бүтээлийн тоглолтоо хийхээр шийдсэн.
– Анхны гэсэн бүхэн хэзээ ч мартагдахааргүй, сайхан байдаг. Таны анхны бие даасан VIP ковер тоглолтын хувьд шинэ, бусдаас онцгой зүйлийг хүмүүст хүргэхээр бэлдэж байна вэ?
– “Он жав” VIP cover тоглолт маань “Stadium” ресторанд болно. Үндсэн гурван хэсэгтэй. Тоглолтын гол зүйл бол мэдээж ковер хөгжим. Шинэ шинэ хөгжмүүдийг дуугаргахыг зорьж байна. Эхний үед дан Монгол ковер дуунууд эгшиглэх бол дараа нь гадаад коверыг хүрэлцэн ирсэн хүмүүстээ хүргэнэ. Нэг үгээр хэлбэл хүмүүст дуулагдаад байдаггүй ч хуучны сэтгэлд хоногшсон дуунуудыг эгшиглүүлнэ. Мөн “Мотив” хамтлаг болон дуучин Баярцэнгэл, Мааз хамтлаг тэр оройг хамтдаа өнгөрүүлнэ. Хамгийн сүүлд миний өөрийн гаргасан шинэ уран бүтээлүүдээ бэлдээд байна.
– Яагаад “Он жав” гэж нэрлэсэн юм бэ. Кинонд дуулсанаараа нэрлэсэн юм уу?
– Энэхүү тоглолтоо дууныхаа нэрээр нэрлэсэн. Эмэгтэйчүүдийн баяр өнгөрөөд хийе гэж төлөвлөсөн маань эр цэргийн баярын өдөр тохиож буйтай холбоотой. “Он жав” нэртэй дуу маань эрчүүдэд, эр цэрэгт зориулсан учраас ингэж нэрлэсэн. Одоогоор тоглолтын билэт маань 100 гаруй ширхэг нь борлогдоод байна.
– Билетийг хаанаас авах вэ?
Тоглолтын билетийг “Stadium” ресторан болон 88118587 дугаараас авч болохоос гадна ширээгээ урьдчилан захиалах боломжтой.
-Тоглолтынхоо дараа шинээр хийх уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна вэ?
– Гуравдугаар сарын 18-нд тоглолт дууссаны дараа шинэ уран бүтээлийнхээ ажилд шууд орохоор бэлдсэн. Шинэ клип хийхээр зорьж байна. Дөрөвдүгээр сарын эхээр клип маань үзэгчдийн хүртээл болно.
– Уран бүтээлээс гадна өөр ямар ажил хийж байна вэ?
– Кинонд тоглосноос хойш кинонд хамт тоглосон Guess хамтлагийн Төгсбаяр ах, хөгжмийн зохиолч, найруулагч Хишигбүрэн ах бид гуравын хамтарсан “Рек” рекордсыг байгуулсан. Би өөрөө мөн тус рекордсын үүсгэн байгуулагч болон артист гэж явдаг. Миний дуу шүлэг аяыг Guys хамтлагын Төгсөө ах зохиож найруулдаг бол ая, хөгжмийн найруулгыг Хишигээ маань хийж өгдөг.
– Урлагийн авьяас удам дамждаг. Магадгүй танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу ?
Хүүхэд байхаас л аав маань гитар дарж байнга дуулдаг байлаа. Гэхдээ мэргэжлийн хүн биш. Харин манай ээж залуудаа ятгын чуулгад ятга тоглодог байсан ч өөр мэргэжил сонгосон. Манай удамд урлагийн хүн байхгүй ч ээж аавын маань авьяас надад үлдэж дээ гэж боддог
-Та өөрийгөө гитаргүйгээр төсөөлшгүй гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Хэзээнээс гитартай амьдралаа холбож эхлэв?
– Гитар бол миний эхнэр. Түүнгүйгээр би өөрийнхөө амьдралыг төсөөлшгүй. Хар багаасаа аавыгаа дагаад л аавынхаа гитарыг булаацалдан өссөн дөө.
Хөгжимчин хүний хамгийн аз жаргалтай мөч нь хөгжмөө тоглож байх үе болов уу. Таны хувьд?
-Хэдийгээр би мэргэжлийн хөгжимчин биш ч дуулдаг хүнийхээ хувьд тайзан дээр хүмүүст дуугаа хүргэсний дараа алга ташилтыг сонсохтоо хамгийн жаргалтай байдаг.
– Хүүхэд байхын тань “биелэшгүй” санагдаж байсан хамгийн том мөрөөдөл юу байв?
– Мэдээж хүүхэд байхад сайн ажил хийх, сайхан амьдрах гэж бодож байв. 10 жилдээ хүмүүст хүрсэн, эргээд хархад үлдэх ажил хийе гэж бодсон бодол маань “дуучин” байсан. Цаашид энэ эрчээрээ улам их хичээж ажиллахаар төлөвлөөд байна.
– Таны хувьд урлагын салбарын хүндэлж явдаг ямар хамтлаг дуучид байна?
– Анх хөгжимд дурлаж эхэлэхэд “Green day”, “Night wish ” “Cold play” зэрэг хамтлагууд их нөлөөлж даган дууриадаг байлаа.
– Амьд хөгжмийн тухайд хэзээнээс сонирхож, дуулж эхлэв?
– Оюутан байхдаа найзуудтайгаа хамтран хамтлаг байгуулж ресторан, пабуудаар дуулж эхэлсэн үе. Хамгийн анх СУИС-ын наана байдаг “Sparta” пабд найзуудтайгаа дуулж тухайн үедээ 7500 төгрөгтэй болж байсан сайхан түүх бий. Хоёр жил гаруйн хугацаанд бид бүрэн хэмжээний хөгжимын болж, байр түрээслэдэг болсон.
– Хүн бүрт хайрлаж нандигнадаг эрхэм зүйл бий. Таны хамгийн эрхэмлэж нандигнадаг зүйлийн тухайд?
– Урлагт хайртай болсоноосоо хойш хөгжимийг л эрхэмлэдэг болсон доо. Гитараа аль болох хойморт залахыг бодно. Өглөө бүр Янжинлхам бурхандаа залбирч гарна гэх мэт урлагийг л их хайрлаж нандигнаж явж байна.
– Танд найз охин бий юу?
– Одоогоор байхгүй. Найз нөхөд маань ойрын хоёр жилдээ хүнтэй үерхэж, гэрлэх хэрэггүй гэж зөвлөдөг. Миний хувьд намайг ойлгож, хүндэлдэг хүн байвал заавал хоёр жил байх нь хамаагүй.
Таньд баярлалаа. Уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл өгч илэн далангүй ярилцсанд тань баярлалаа. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье
Эх сурвалж: Arslan.mn