Хоолойн цар хүрээ сайтай, чадалтай хоолойтой гэгддэг МУГЖ Ж.Алтанцэцэг гурав дахь охиноо асраад гэртээ байгаа хэдий ч угийн дайчин болохоор уран бүтээлээ туурвисаар байна. Урлаг бизнесийн ертөнцөд хүч үзэж яваа тэрээр өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болоод аз жаргалтай амьдарч байна хэмээж байлаа. Ингээд элдвийг нуршилгүйгээр дуучин бүсгүйн яриаг хүргэж байна.
-Алтаа дуучин маань хүүхэд төрүүлээд хэсэгтээ чимээгүй байлаа. Гэсэн ч уран бүтээлээсээ хөндийрч чадахгүй л байгаа биз дээ?
– 2015 оны шинэ жилээр ая зохиогч гитарчин Д.Өлзийоршихын “Миний гэр бүлийн шинэ жил” гэж дууг гэр бүлдээ зориулж дуулсан. Шинэ жил болохоор гадуур бөөн ажилтай явж байгаад гэртээ ирэхээр яагаад ч зөөлөн гуниг төрдөг үйл явдлыг энэ дуугаараа харуулахыг зорьсон. Шинэ жилийн үдшийг айл гэр бүл болгон халуун ам бүлээрээ угтдаг гэдэг утгаар шинэ дуугаа дуулсан байгаа. Харин одоо “Чамайгаа үнсье” дууг ханьдаа зориулж дуулж байгаа. Энэ жил бид хоёрын танилцсаны 20 жил болж байгаа юм. Энэ хугацаанд Сүхбуян гэдэг айл өнөр өтгөн гурван хүүхэдтэй, дуулах гэж байсан оюутан МУГЖ болоод нөхрийн маань бизнес амжилт олсон гэх мэтээр амьдрал маань үргэлж зорьж тэмүүлсэн сайхан он жилүүд үргэлжилж байна. Энэ хэмжээгээр үр хүүхдүүдийнхээ өмнө ч өндөр үүрэг хариуцлага хүлээж байна. Бид хоёр нас чяцуу үхэр жилтэй. Хүмүүс манай нөхрийг надаас нэлээд ахимаг гэж боддог юм билээ. Одоогоор хөөрхөн хүүхдүүдээ асраад гэртээ байгаа ч зүгээр суусангүй. Өнгөрсөн жил буюу 2014 онд Тува улс руу тэмцээний шүүгчээр явсан. Хишигдалай дуучинтай хамт яваад Хишигдалай маань нэгдүгээр байр эзэлсэн. Мөн Хөх хот руу шинэ жилийн арга хэмжээнд оролцоод ирлээ. Дуучин СТА С.Наран бид хоёр оюутан байх цагаасаа л хамт дуулж ирсэн. Тиймээс бид ирэх тавдугаар сард хамтран дуулсныхаа 20 жилийн ойг тэмдэглэж тоглолт хийхээр төлөвлөөд ая зохиогч Өөжгийгийн шинэ дуунуудаар цомог гаргахаар ажиллаж байна.
-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчихөж. Анх танилцаж байсан гэгээн үеэ эргэн дурсахгүй юу?
-Би СУИС-ын оюутан, манай хүн компьютерийн сургуульд сурч байгаад бизнес хийх гээд сургуулиа орхисон ерөнхийдөө бизнес хийдэг залуу л анх танилцаж байсан л даа. Гэсэн ч өнөөдөр 20 жил хэдийнэ өнгөрчихөж. Бид гэр бүл өргөжихийн хэрээр байраа сольдог заншлаараа гурван хүүхэдтэй болоод Marsnal taynd байшин худалдаж авч тохижуулаад өаль болох хүүхдүүдийнхээ бага насыг гэрэл гэгээтэй, аз жаргалтай өнгөрөөе гэж бодсон юм. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад би оройтож анхны хүүхдээ төрүүлсэн. Гэтэл үеийнхнээс маань эхнээсээ эмээ болж байна шүү дээ. Амьдрал сайхан байна. Жаргал зовлон, ажил бүтэх бүтэхгүй байх гээд амьдралд юу эс тохиолддог билээ гэсэн тэр бүхнийг даван туулж байна. Нэг амьдрах насандаа хүн шиг амьдраад өтлөх насандаа эргээд харахад дахиад нэг амьдарсан юм шиг тийм сайхан сэтгэгдэлтэй үлдэе гэж бодоод олон сайхан зүйлийг хийж бүтээхийн төлөө эрмэлзэж явна даа. Ээж хүний хувьд хүүхдүүдийнхээ бага насыг үлгэр шиг байлгах юмсан гэж хүсдэг. Тиймээс гэр орноо унд ус сайтай, инээд хөөртэй, элэг бүтэн халуун дулаан уур амсгалтай байлгахыг илүүд үзэж байна.
-Та дуучид дундаасаа нэлээдгүй хүмүүнлэгийн ажил хийдэг байх шүү. Цаашдаа энэ ажил үргэлжлэл болоод явах байлгүй дээ?
-2011онд “Хүүхэд насны дурсамж“тоглолт, ЭНЭШТ-д амьсгалын замын аппарат найзуудтайгаа нийлж авч бэлэглэж байсан бол 2011,2013, 2014 он гээд би дандаа хүүхдийн баяраар тоглолт хийдэг л дээ. Харин энэ жил тоглолт хийх эсэхээ хараахан шийдээгүй байна. Би өнгөрсөн хавар Солонгос улсын Чейли эмнэлэгт төрсөн. Энэ эмнэлгийн удирдлагууд монголын охид эмэгтэйчүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлж байгаа. Танай улсад умайн хүзүүний хорт хавдраар маш их хүн өвчилж байна. Үүнд зориулсан хүмүүнлэгийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа элч болж ажиллаач гэсэн санал тавьсан. Ингэж надад итгэл үзүүлсэн учраас маш их хичээж ажиллана гэж бодож байна.
-Та их нээлттэй ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг. Тэгээд ч өнөөдрийн энерги гэж их ярьдаг болсон цагт хүний сайн муу бодол их танигддаг болсон байна шүү дээ?
-Эерэг сэтгэгдэл төрүүлдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнийг хайрлаж энэрч, тусалж чаддаг ч гэсэн хүний дотоод сэтгэл зүй маш хүчтэй байх ёстой гэж боддог. Өнөөдөр хэтэрхий зөөлөн, хүний төлөө явж байгаа хүн нэг талаасаа хохирдог нийгэмд бид амьдарч байна. Тийм учраас дотоод сэтгэлийн хүч маш их байгаасай,ялангуяа охид хөвгүүд зовлон зүдгүүр тохиолдсон ч түүнийг даван туулах сэтгэлийн хаттай байх ёстой. Энэ жишгээр хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Энерги хүчтэй байж зөв үйлийн хариу ирнэ гэдэгт итгэдэг. Миний хувьд оюутан байх үеэсээ л хүмүүстээ энгийн дотно ойлголцож чаддаг, надад байж болох юу байна түүгээрээ туслахыг хичээж ирсэн. Түүний хажуугаар тууштай хөдөлмөрлөж маш олон зорилгыг тавьж түүндээ хүрэхийн төлөө өөрийгөө ирлэж хурцалдаг байсан л даа. Хань ижил, зочид гээд гэр бүлд эмэгтэй хүний үүрэг их байдаг. Тийм учраас гэр бүлийнхээ аз жаргал, гэр бүлдээ болж байгаа бүхий л үйл явдлаар амьдралыг баялаг болгож амьдрах дуртай. Дүү нар болоод найз нөхдийнхөө дунд үлгэр дууриалтай,ээжийгээ баярлуулж халамжилж, гэр бүл дотроо үнэ цэнэтэй амьдрахыг хичээдэг. Энерги зайлшгүй байх ёстой зүйл. Хүн энергиэр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдардаг, нөгөө талаар хийж чадаж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь маш том аз жаргал гэж боддог. Бурхны хишиг гэж ярьдаг шиг сайн ханийнхаа буянд сайхан амьдарч байна. Би өөрөө шашинлаг хүн. Энэ ч утгаараа гэртээ залсан бурхан шашнаа дээдэлдэг. Угаасаа шүтэж хүн шүтэж биширч хайрладаг дотроо айж эмээх зүйлтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэгэхгүй зөвхөн олж авахын төлөө шунаж амьдарвал эргээд хариу нь ирдэг юм болов уу гэж боддог.
-Гэхдээ л хүн л болохоор дахиад тийм зүйлд хүрэх юмсан, үүнээс илүү амьдрах юмсан гэсэн битүүхэн бодол тээгдэж л явдаг байх даа?
– Тэгэлгүй яахав. Хүний хүсэл хязааргүй гэдэгчлэн ингэх юмсан, тэгэх юмсан бодол байдгийг үгүйсгэхгүй.
-Сайн яваа нэгэндээ би энэ хүн шиг болох юмсан, надад дутаад байх юу байна гэж өөрийгөө хурцалдаг нэгэн байхад, түүнд атаархдаг ч нэгэн байна. Энэ байдал таныг тойрдоггүй байх. Энэ бүгдийг хэрхэн яаж давж гардаг вэ?
-Тийм зүйл гардаг юм аа. Заримдаа хүнд гомдох үе гарна. Гэсэн ч энэ бүгдийг тэгсхийгээд мартчихдаг юм. Өөрөө л дотор сэтгэлээ ариун байлгаж өөртөө хамгаалалт хийж чадвал тийм зүйлээс амархан гарч чадна. Найз нөхөддөө ч би хэр баргийн зүйлд ганхаж найгаад гуньж гутрах дэмий, өөрөө өөрийгөө л усалж тордож аз жаргалтай, гоё хувцаслаж гоо сайхнаа сайхан байлгах энэ бүгд л ерөөсөө дотоод сэтгэлийн хүч шүү дээ гэж хэлдэг. Хүний амьдралыг таашгүй. Бид дахиад олон жил амьдарна. Юу ч намайг хүлээж байгааг таашгүй. Хүний амьдрал болсон хойно зовлон жаргалын аль нь ч тохиолдсон дундуур нь чиг шугамтай өөрийн гэсэн амьдралын үзэл бодолтой байх юмсан гэсэн бодолтой байдаг. Атаархал гэдэг үгийг муу бодол сэтгэлээс гардаг юм болов уу гэж боддог. Магадгүй би зарим хүнийг ийм гоё амжилттай явдаг ямар сайхан хүн бэ гэж цагаахан атаархдаг байж болох юм. Дээр хэлсэнчлэн сайн зүйлийг олж харах, сайхан амьдрах энэ бүгд ерөөсөө л хүний бодол сэтгэлийн үр юм. Өөрийгөө олж таниад, тархи, зүрх сэтгэлээ чөлөөлөөд болохгүй байгаа зүйлийг болж байгаа юм шиг сэтгэж чаддаг байхыг чухалчилж амьдардаг. Энэ дашрамд залуучуудад хандаж хэлэхэд бат бөх гэр бүлийг хүн өөрөө л бий болгоно. Энэ бүхэнд эмэгтэй хүний мяндсан ухаан маш их нөлөөлнө. Зовлон жаргалыг даван туулаад ар талд нь гарч ирдэг маш их тэвчээр,хайр хүндлэл байх хэрэгэй. Өөртөө олон зүйлийг бий болгохын тулд олон сайхан анд нөхөдтэй байх, ах дүү нар дотроо нөлөө бүхий хүн байх гээд юу эсийг бодож санах билээ. Нэг мэдсэн чинь ах дүү нар дотроо нөлөө бүхий хүн байхаар барахгүй хүн болчихсон явж байна шүү дээ. /Инээв/
-Охин Номин-эрдэнэ тань цомог гаргасан. Ээжийгээ дууриасан чадалтай хоолойтой болох нээ гэж ярих хүн цөөнгүй байна лээ?
-Охин маань Монголын хүүхдийн ордны багш Ганчимэгийн зохиосон дуунуудаар “Би хүүхэлдэй” нэртэй цомог гаргаад хоёр гурван дуугаа клипжүүлсэн. Аав нь охиныхоо улаан фэн.
-Амьдралын сайхан нь уулзахад байдаг гэдэг. Бодвол хааяахан найз нөхөдтэйгээ уулзаж алжаалаа тайлдаг биз дээ?
-Хэдэн сайхан гэр бүлийн найзтай. Саяхан бид Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар уулзалдаж бяцхан бэлэг солилцох арга хэмжээ болдог юм. Түүнийхээ хажуугаар халуун яриа өрнүүлээд найз нөхдөөсөө л бид ертөнцийн сайн муу мэдээллийг шүүн тунгааж ярилцаж бие биесээсээ суралцаж, бас бие биесээрээ хөглөгдөж сайн явж байгааг нь дэмжиж, халтирсан нэгнийгээ түшиж тулах жишгээр нөхөрлөдөг. Би л гэхэд Налайхын хүүхэд байсан чинь сүүлийн жилүүдэд нийслэл хотдоо амьдарч байна. Тэгэхээр их хотын бүсгүйчүүд ямар байх ёстой юм гэдгийг ярилцдаг. Ерөнхийдөө тэд маань хүмүүнлэгийн ажил хийдэг, хүнд тусалж өөрсдөө сайхан амьдаръя гэсэн хүсэл зорилготой бүсгүйчүүд байдаг юм. Хааяахан бид дарс шимж нийгэм,улс төрийн байдал гээд аль болохоор зөв эерэг мэдээлэл солилцохын төлөө тэмүүлдэг дээ. Гэхдээ одоогоор охин маань жаахан байгаа болохоор чөлөөт цаг гээд байх зүйл хомс, ерөнхийдөө сүүлийн нэг жил чөлөөт цагаа гэртээ зарцуулж байна. Яагаад гэвэл охин маань нэгдүгээр ангид орсон болохоор санаа тавихгүй бол болохгүй. Бага охин маань дөрвөн сард нэг ой хүрнэ. Одоо хавар болоод манай гэр бүлд витаминжуулалтын аян явагдаж байгаа. Удахгүй байшингийнхаа гадаа цэцэг ногоо тарьж хүүхдүүддээ тоглоомын талбай энэ тэр гээд амьдрах орчноо тохь тухтай болгоё гэж зүтгэж байна. Бас төрсний дараа хоолой өөрчлөгддөг болохоор өдөртөө хоолойгоо дасгалжуулаад шинэ дуунуудынхаа ард гарчих юмсан гэж зорьж байгаа. Харьцангүй оройтож 41 насандаа төрсөн болохоор ядарсан учраас ядрахгүйг хичээж байна.
Та хоёрыг сайхан хосууд хэмээдэг. Үлгэр жишээ гэр бүл болохын тулд,амьдралаа бүтнээр нь авч үлдэхийн тулд бүсгүй хүнээс их ухаан тэвчээр шаарддаг?
-/Инээв/ Дөнгөж гэр бүл болсны дараа хүмүүс ийм зүйл ярихаар нь юу яриад байгаа юм бол гэж боддог байж билээ. Тэр үед хүн юу асуусныг илэн далангүй ярьдаг байж. Гэтэл эргээд бодоход нөхрийгөө тухайн үед жижиг сажиг асуудалд ороход нуухын оронд дэвэргэснээрээ би буруутай байж болох юм. Ярих ярихгүй зүйлээ ярьдаг нь хэтэрхий миний цайлган итгэмтгий зантай холбоотой байх. Уурлаж инээсэн ч гэсэн бодож байгаа зүйлээ нуудаггүй нь урлагийн хүний зан юм шиг байгаа юм.
– Ар тал нь найдвартай гэр бүл амжилт гаргадаг гэдэг үг бий?
-Хань маань бусад гэр бүлүүд ямар байдаг юм, бизнес хийдэг хүн ямар байдаг юм гэдгээс гадна олон эрсдэлтэй ч тулгардаг, амжилттай ч тулгардаг.Урагшлах, эргэлзэх бүр болохгүй, шантрах үе ч байна. Мэдээж нөхрийнхөө сайн ар тал нь байж муу зүйлийг нь зайлуулж, сайн зүйлийг нь дэлгэрүүлэх гэж зорьж зүтгэж явна. Магадгүй илүү зүтгэдэг байж болох юм. Бизнес хийдэг хүн болохоор шөнө оройтно, стрестэнэ, гэвч ажил дээрээ гаргасан стресийг гэр бүлдээ гаргадаггүй сайхан чанартай. Хүүхдүүддээ маш их хайртай. Гэр бүлдээ халуун дулаан хандаж чаддаг. Ямар сайндаа охиныхоо “Би хүүхэлдэй” цомгийг бэлэн болж амжаагүй байхад төрсөн өдрөөр нь бэлэн болгоно гээд яараад аваад ирж байхав дээ. Тэгэхээр нь би арай болоогүй байсан шүү дээ гэсэн чинь зүгээрээ алдаатай дуулсан ч гэсэн хүүхэд юм чинь гээд инээж байсан гэх мэтээр хүүхдүүдийнхээ төлөө миний ч гэсэн уран бүтээлийн амжилт, сайн сайхан амьдрал энэ бүхний эх үүсвэр ханийн маань ач гавьяа. Би өөрөө биенес хүн биш учраас бизнесийн нарийн зүйлүүдийг мэдэхгүй л дээ. Гэсэн ч хажууд нь сайн дэмжигч байхыг хүсдэг. Хань ижлээ сайн сайхан яваасай гэж залбирдаг бусад бүсгүйчүүдийн адилаар ажил үйлс нь бүтэмжтэй байгаасай гэж өглөө бүр бурхандаа сүү өргөдөг.
Энэ жил миний төрсөн өдрөөр бид хоёр танилцаад 20 жил болсныхоо ойг тэмдэглэе гэж ярилцаж байгаа.
-Бүхэл бүтэн компани толгойлдог болохоор олон хүний амьдралыг залгуулах маш том хариуцлагыг бас давхар үүрч яваа шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн өөрийгөө биш ардаа олон хүн тэжээж байна. Манай нөхөр эхээс есүүлээ. Айлын том хүүхэд. Өнгөрсөн жил хадам аав маань бурхан болсон болохоор айл гэрийн хамгийн том ноён нурууг үүрч яваа.
-Таны гангараа юу вэ. Мэдээж чамин хийцтэй, даашинз туфль, гоёл чимэглэлүүд их байдаг байх гэж бодож байна?
-Урлагийн хүн гоё байна гэдэг үзэгчдээ хүндэлж байна гэсэн үг. Бусдаас илүү гоёж гангалж гайхуулахаасаа илүү ажил мэргэжлийн шаардлагаар үс зүсээ гоёж үлгэр дууриал болж явах юмсан гэсэн үзэл бодолтой явдаг. Эмэгтэй хүний хувьд гоёл чимэглэлээс аль болох сайныг нь сайхныг нь олоод авчих юмсан гэсэн хүсэл бодол ч байлгүй яахав. Тоглолтын хувцасны тал дээр олон жил дуулж байгаа учраас нэлээд хувцастай. Баяр ёслолын үеэр хаана юунд оролцож байгаагаасаа шалтгаалаад гоёхыг хичээдэг. Харин одоо шинэ уран бүтээлээрээ үзэгчдэдээ цоо шинэ Алтанцэцэг гэдэг мэдрэмжийг төрүүлэхийг зорьж байна.
-Амьдрал дандаа сайхан байдаггүй. Хааяа санал зөрөлдөж маргалдах үед хэн нь эхэлж буулт хийдэг вэ?
-Гэр бүл болсны дараахан би ялдаг байсан байх аа. Энэ нь хэтэрхий хурц түргэн зангаараа түрий барьдаг байж магадгүй. Харин одоо бараг ялангуяа хүүхдүүд гарсны дараа маргахаа больсон доо. Мэдээж амьдрал болсон хойно маргалдах үе гарахад сайныг нь дэлгэрүүлж, саарыг нь дардаг эхнэр байхын тулд хөдөлмөрлөнө шүү дээ. /Инээв/ Хань маань гадаад дотоод явах, уулзалт цуглаан зарим ажил нь болно болохгүй гээд нэлээд асуудал гарна. Тэр бүхэн дээр хамтраад зовлонгий нь даван туулах гээд явж байна. Амжилтанд хүрэн хүртэл ард талд хань нь байх юмсан гэдэггчлэн нойр нь хүрэхгүй стрестсэн үед нь унтаад байхгүй хамт нойргүй хонодог. Гэхдээ миний чадахгүй зүйл байдаг ч хань ижлийнх нь хувиар урам зориг өгнө, бас хатуу үгийг хэлнэ ээ. Заримдаа архи уусан үед чангарна аа. Хамгийн гол нь ханийнхаа ажлыг дэмжиж ташуурдах үед нь ташуурдаж эргээд харахад энэ бүхэн зөв амьдрал байгаасай гэсэн үүднээс ханддаг.
-Бүсгүйчүүд төрсний дараа их жин нэмдэг шүү дээ. Таны хувьд?
-Угаасаа би төрөхөөрөө их жин нэмчихдэг юм аа. Тийм учраас хэвийн жингээ барихын тулд одооноос арчилгаагаа хийж эхэлж байна. Наад зах нь өглөө босоод дасгал хийж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Д.Нэргүй
www.urlag.mn