Тавдугаар сард:
Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 10-14 градус дулаан буюу Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Энэ сард Баян-Өлгий, Завхан, Дундговийн хойд, Дорноговийн баруун хойд, Увсын баруун, Ховд, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтийн өмнөд, Баянхонгорын өмнөд ба зүүн, Архангайн зүүн хэсэг, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.
Зургадугаар сард:
Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-14, говийн нутгийн өмнөд хэсгээр 21-25, бусад нутгаар 15-20 градус дулаан буюу Увсын өмнөд болон зүүн, Ховд, Хөвсгөл, Булган, Дорнодын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгийн баруун хойд, Завхан, Архангайн баруун, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байна.
Энэ сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд ба зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсэг, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Долдугаар сард:
Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16, говийн нутгаар 22-27, бусад нутгаар 17-21 градус дулаан буюу Баян-Өлгий, Булган, Өмнөговийн хойд, Ховдын өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.3 градусаар дулаан байна.
Энэ сард Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур бороо орох төлөвтэй.
Наймдугаар сард:
Агаарын температурын сарын дундаж нь Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан буюу Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.2 градусаар дулаан байна.
Энэ сард Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд, Дорнодын хойд, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур бороо орох төлөвтэй.
Есдүгээр сард:
Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-8, говийн нутгаар 14-18, бусад нутгаар 9-13 градус дулаан буюу Төв, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.2 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байна.
Энэ сард Баян-Өлгийн зүүн хойд, Увс, Сэлэнгийн баруун, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Архангайын зүүн, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн зүүн хойд хэсэг, Булган, Төв аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Иймд хур тунадас улирлын эхээр уур амьсгалын дунджаас ахиу, дунд үеэрээ дунджийн орчим орох төлөвтэй тул зарим үед ширүүн аадар бороо, мөндөр орж, уруйн үер буух, дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх магадлал өндөр байна. Мөн хаврын сүүлч, зуны эхээр цочир хүйтрэх, зуны дунд үеэр хэд хоногоор хүчтэй халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд тааламжгүй нөлөөлөх, намрын эхэн сарын сүүлчээр нойтон цас орж тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүйг анхаарна уу.
Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн