Өдөр бүр бид толинд хардаг ч зүсээ тольдоход хэрэглэгдэхээс биш шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их нууцыг агуулсан гайхамшигтай эд гэдгийг нь төдийлөн анзаарч хардаггүй. Толийг XVI – XVII зууны тэртээгээс гэрийн тавилга болгож ирсэн бөгөөд галт уулын гаралтай шил, зэс, чулууг өнгөлж хийдэг байжээ. Ингээд үхрийн чих, эврээр чимэглэдэг байсан түүхтэй.
Толь биднийг цаг хугацаагаар аялуулдаг |
Толины тусламжтай цаг хугацаагаар аялах боломжтой гэдгийг Голландын физикч Хендрик Казимир (1909 – 2000) өөрийн туршилтаар нотолжээ. Казимирийн нөлөөллийн онолыг судалснаар толь ба вакум орчны харилцан үйлчлэлийн дагуу цаг хугацаагаар аялах боломжтой ажээ. Харамсалтай нь зөвхөн өнгөрсөн үе рүүгээ очихоос биш ирээдүй рүү аялж болдоггүй. Ингэж өнгөрсөн үе рүүгээ аялахдаа гэрлийн хурднаас ч түргэн аялаад ирэх боломж бий гэнэ.
Толины тусламжтай тархийг бүрэн судалж болно |
Мэдрэлийн эмгэг судлаач эрдэмтдийн явуулсан судалгаагаар толины тусламжтай хүний тархийг бүрэн судлах боломжтойгоос гадна мөчөө тайруулсан хүмүүсийн бие махбод, сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг ч анагаах боломжтой гэж үзжээ. “BBC” – гийн мэдээлснээр энэ судалгааг Энэтхэгийн эрдэмтэн Вилейанур Рамачандран 1990-ээд оноос эхлүүлсэн бөгөөд 20 гаруй жилийн туршилт судалгаагаараа тайллыг нь олсон юм. Энэ нь толины тусгалыг ашиглан мөчөө алдсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйн өөрчлөлтийг анагаах арга юм.
Тодруулбал түүний хамгийн анхны өвчтөн нь Мексикийн хилийг давж АНУ руу орох гэж яваад нэг гараа алдсан Виктор байсан бөгөөд түүний тайруулсан гар нь байнга загатнаж байж суухын аргагүй болдог байжээ. Энэ тохиолдолд ямар ч өвчин намдаах эм, мэс заслын арга нэмэргүй. Мөчөө тайруулсны дараа хүмүүсийн 90% нь ямар нэг байдлаар маш хүчтэй өвдөлт мэдэрч энэ нь тархи мэдрэл, сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлдөг. Үүнийг л толины тусламжтай анагаах нь гол зорилго нь ажээ.
Толь сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой |
Эрдэмтэд толины тусламжтай хувь хүний өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэдгийг мэдэх боломжтой сэтгэлзүйн тестийг боловсруулж эхэлжээ. Тэрхүү тестийг сүнсний баяраар тоглодог ийм нэгэн тоглоомноос сэдэвлэжээ. Энэ тоглоом ёсоор толинд өөрийнхөө төрхийг харах төдийхөн сүүмгэр гэрэлтэй орчинг бүрдүүлж толиноосоо 1 м зайд толь руугаа харж суухаас эхэлнэ.
Өөрийнхөө төрхийг ажиж 10 мин орчим болсны дараа зүс чинь аажмаар замхран алга болж, удах тусам төрх чинь чинийх биш мэт хачирхалтай зүйлийг олж харна. Зарим хүн мал адгуус, ад зэтгэр харж эхэлдэг бол зарим нь ард нь зогсож байгаа сүнс сүүдрийг ч хүртэл хардаг. Чухам энэ үйл явц дээрээс л эрдэмтэд судалгааныхаа санааг олж ажилдаа орсон юм. Энэ арга нь шизофрени өвчтэй хүмүүсийг анагаахад ч тустай байж магадгүй гэнэ.
Толь хүний ухамсрын төвшинг хэлж өгдөг |
Толинд харсан хүн, амьтан бүр толин дахь тусгалаа хараад өөрийгөө гэж мэддэг болов уу? Энэ талаарх судалгааг 1970-аад оноос хийж эхэлсэн бөгөөд энэ нь хүн, амьтны ухамсрын төвшинг тогтоох арга болж иржээ. Барууны ертөнцөд 18 – 24 сартай хүүхдүүд толинд хараад өөрийгөө таньдаг байхад Кени, Фижи арлын зарим хүүхэд 6 нас хүрчихсэн мөртлөө өөрийгөө огт танихгүй байсан гэдэг.
Харин амьтдын хувьд толинд хараад шууд танихгүй ч өөрийгөө гэдгийг аажмаар мэдэх чадвартай байдаг ажээ. Тэдгээр амьтанд заан, горилла, бонобо, шимпанзе, дельфин, алуурчин халим, алаг шаазгай зэрэг орно.
Сар дэлхийн хоорон дахь зайг толиор хэмжсэн гэнэ |
Сар дэлхийгээс 384.403 км алсад оршдог бөгөөд энэ нарийн хэмжээсийг толины тусламжтай гарган гэнэ. Сарны дэлхийгээс хэр хол зайд оршдог эсэх нь дэлхийн тойрог замын нөлөөгөөр харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн ойр нь 363.104 км бол хамгийн хол нь 406.696 км байх ажээ.
Ийм нарийн хэмжээсийг эрдэмтэд Аполло хөлгийнхний саран дээр байршуулж үлдээсэн “The Laser Ranging Retroreflector” төхөөрөмжийн тусламжтай гаргасан юм. Энэ нь толин гадаргуутай шоо хэлбэртэй лазер юм. Энэ төхөөрөмжийн тусламжтай 3 см зайг ч алдалгүй хэмжиж гаргадаг. Түүнчлэн сарны тухай бүхий л мэдээллийг авах боломжтой бөгөөд сар жил бүр дэлхийгээс 3.8 см холдож байдгийг ч олж тогтоожээ.
Толийг маш олон зориулалтаар ашигладаг |
Дэлхий дээр толины маш олон төрөл бий. Тэдгээрийн нэг нь дууны долгионыг дамжуулдаг дуу авианы толь юм. Энэ толийг дэлхийн II дайны үед Их Британичууд өргөнөөр хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь дайсны онгоцыг хаанаас ирж байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг байжээ.
Өдгөө ийм толь Их Британий газар нутагт нэлээд хэд байдгийг тусгай зөвшөөрлийн дагуу хөтөч тайлбарлагчийн хамт үзэж сонирхох боломжтой байдаг гэнэ. Ийм толь Их Британиас гадна Малтад бий. Малтагийн толь нь 61 м өндөр бөгөөд толины ойр орчим явахыг хориглодог.
Хагархай толинд битгий хар |
Тольтой холбоотой маш олон мухар сүсэг бий. Хэрвээ хагархай толинд харвал буг чөтгөр харагдахаас гадна эрч хүчийг тань сорох нигууртай. Толь нь та бидний хоёр дахь бие болдог учраас толийг хагалахаас сэрэмжлэх хэрэгтэй юм. Толь хагалбал танд долоон жил гай зовлон учирдаг гэлцдэг. Хоёрдогч бие болдог гэсэн утгаараа толь өөрийг нь гэмтээсэн хүнийг ч гэсэн зовооно гэж итгэдэг. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хийж явуулах хэрэгтэй ажээ.
Нялх хүүхдийг толинд битгий харуул |
Нялх хүүхдийг толинд харуулахгүй байх хэрэгтэй. Үүний уршгаар хүүхэд аймхай болохоос гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн байнга өвчин тусах магадлалтай гэнэ.
Сарын тэмдэг ирсэн үед толинд харж болохгүй |
Зарим оронд эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн эсвэл төрсний дараа толинд харж болохгүй гэж үздэг. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэж итгэдэг эмэгтэйн амьдралд сөрөг мууг дагуулна гэж итгэдэг ажээ.
Толь заавал хүрээтэй байх хэрэгтэй |
Айл гэр, албан байгууллагын гээд аль ч газрын толь заавал хүрээтэй байх ёстой. Хүрээ нь эрч хүчийг бэлгэддэг учраас эрүүл мэндэд хор хөнөөл учруулж гэмтээхээс хамгаалах учиртай юм. Мөн түүнчлэн унтлагын өрөөнд толь байх нь зохисгүй бөгөөд амьдралдаа алдаа гаргахгүй байя гэвэл орныхоо дээр толь өлгөхгүй байхыг зөвлөдөг.