Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Р.Хишигдэлгэрийг урьж ярилцлаа. Тэрбээр үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “Босуул” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн юм.
“Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр сонгосон”
-Юуны өмнө “Босуул” уран сайхны кинонд амжилттай тоглосонд баяр хүргэе. Анхны уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе?
-Хамгийн анхны уран бүтээл маань Ж.Сэнгэдорж найруулагчийн кино байлаа. “Босуул” кинонд тоглосондоо үнэхээр их баяртай байгаа. Энэ хүний кинонд тоогдож тоглоно гэдэг надад маш том аз юм. Анх проб өгөхөд олон охид байсан. Тэднээс шалгарч тэнцсэндээ өөрөөрөө бас бахархаж байна.
-Ямар мэргэжилтэй вэ. Энэ кинонд мэргэжлийн жүжигчин шиг их сайн тоглосон гэх магтаалыг цөөнгүй хүн танд өгөөд байгаа?
-Би мэргэжлийн жүжигчин биш. Сонирхлоороо л жүжиглэдэг. Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань бас нөлөөлдөг байх. Эмээ маань жүжигчин хүн байсан. Би одоо Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүйн ангийн хоёрдугаар курст сурдаг.
-“Босуул” киноны пробонд орох саналыг анх хэн тавьсан бэ?
-Анх найруулагчийн группээс над руу ярьсан. “Нэг уран сайхны киноны проб хийж байна. Ирж проб өгөх үү” гээд ярихаар нь хэн найруулж байгааг нь ч мэдэхгүй очсон доо. Өөрийгөө туршаад үзье л гэж бодсон.
-Өөрийнхөө дүрийг түүхэн кинонд мөнхлөх хэр санагдав. Ер нь анхны гэх сэтгэгдэл ямар байсан бэ?
-Өөрийгөө харахаар баярлаад уйлмаар л санагдаад байдаг юм билээ. Мөн анхны уран бүтээл түүхэн киногоор эхэлнэ гэдэг бол маш том аз. Цаашдаа олон гоё уран бүтээлд тоглох байх гэж итгэж байгаа. Би хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлээсээ их туршлага хуримтлуулж авлаа.
-Дүн өвлөөр бүтэн сарын турш хөдөө ажиллана гэдэг эмэгтэй хүнд тийм ч амар зүйл биш байх. Хэцүү байсан уу?
-Анх намайг проб өгөхдөө үстэй дээлтэй ирээрэй гэсэн болохоор үстэй дээлээ бариад очсон юм. Тэгээд дээл, лоовууз малгай өмсгөөд Кино үйлдвэр тойруулаад баахан гүйлгэсэн. Би гайхаад “Яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Чи сайн гүйгээд жаахан айсан царай гаргаарай” гэсэн. Тэгээд би үстэй дээл, малгайгаа өмсөөд баахан гүйсэн. Тэр хавиар явж байсан хүмүүс намайг гайхаж хараад л… Дотроо жаахан ичиж байсан ч би шантраагүй. Гадаа, дотор гээд бараг хоёр цагийн турш гүйсэн байх. Гүйж байхдаа би проб нь ийм байгаа юм чинь жинхэнэ зураг авалт нь хэцүү байх нь дээ гэж бодсон. Гэсэн ч өөрийгөө зоригжуулаад заавал чадах ёстой гээд кино зургандаа явсан.
Зураг авалт нэгдүгээр сараас эхлээд бүтэн сар, 10 хоногийн турш Тэрэлжид болсон. Бид шөнө 12:00 цагт унтаад үүрийн 04, 05 цагт босно. Зураг авалтын талбай руугаа машинтай нэг цаг явна. Машинаасаа буугаад дээшээ бас нэг цаг алхана. Тэгээд шөнийн, үүрийн зураг авахаар бол уулан дээр шөнө -50 градуст зогсож л байх болдог. Тэнд байсан бүх хүн үнэхээр тэсвэр тэвчээртэй байсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх. Би айлын бага хүүхэд болохоор ээжийгээ ч юм уу харвал өлсөж байна, даарч байна гээд эрхлэх л байсан байх. Тэнд байсан бүх хүн надтай л адилхан даарч хөрч байгаа болохоор би гомдоллож бусдадаа дараа болохыг хүсээгүй. Ингэхийн тулд өөрийнхөө зоригийг их чангалсан даа /инээв/.
-Ер нь цаашдаа кинонд тоглоё, жүжигчин болъё гээд шийдчихсэн үү?
-Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр л сонгож байгаа. Яг өөрийнхөө амьдралыг авч яваад хоолоо олж идэх мэргэжил бол хуульч.
-Мэргэжлийн бус хүн түүхэн кинонд тоглоно гэдэг хувь хүнээс их зориг шаардах байх. Таны хувьд анхнаасаа л болчихмоор санагдаж байв уу?
-Би өмнө нь жүжигчдийг хараад ядаж нэг ч гэсэн кинонд тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Ямар ч байсан хүсэл маань биелэлээ. Би ер нь зүгээр байсан ч янз бүрийн киноны хэсэг юм уу, жүжигчдийг дууриагаад бэлтгэл хийж байгаа юм шиг л байдаг.
-“Босуул”-д тоглосноос хойш мэргэжлийн хүмүүс чамд ямар дүгнэлт өгч байна. Өөр найруулагчаас кинонд тоглох санал тавьж байна уу?
-Энэ кинонд Монголын “акул” гэж хэлж болохоор жүжигчидтэй хамт тоглосон. Анхных болохоор алдаж, оносон зүйл мэдээж их байсан. Харин тэр болгоныг манай кинонд тоглосон ах, эгч нар, найруулагч маань засч залруулсан. Киноны саналын тухайд гэвэл дөнгөж сая Ж.Сэнгэдорж найруулагчийн бас нэг уран бүтээлийн пробонд ороод ирлээ. Хэрэв дахиад энэ найруулагчийн кинонд тоглох юм бол бас л азтай хэрэг болно ш дээ. Сая пробонд орохдоо тэнд байсан олон охидоос яаж илүү байх вэ гэж их бодсон. Гайгүй өгсөн байх гэж найдаж байна.
–Түүхэн кинонд тоглоход жүжигчдээс судалгаа их шаардах юм уу?
-Миний бодлоор хүний дотоод мэдрэмжийн асуудал л юм шиг санагдсан. Заавал түүхэн кинонд тоглоно гээд судалгаа хийгээд ийм, тийм байх ёстой гэх хэрэггүй байх. Хүн яаж хүлээж авна, зохиолоо уншаад зүрх сэтгэлд нь хэрхэн бууж байна, түүнээс л шалтгаалдаг байх. Харин тэрийг нь найруулагч маань өөрийнхөө сэтгэлд хүртэл янзалдаг байх гэж бодож байна.
-Киноныхоо талаар цухас дурдвал?
-“Босуул” киног ялангуяа залуучууд заавал үзэх хэрэгтэй. Яагаад гэхээр 1930-1940 оны хооронд ямар их гэмгүй хүмүүс амиа алдаж байсан, энэ бүгдийг хэн зохион байгуулж байсан, яагаад ийм юм болсон гэдгийг энэ киног үзээд мэдэх хэрэгтэй. Дээрээс нь энэ киноноос хүн хүндээ ямар их хэрэгтэй байдаг вэ гэдгийг маш сайн ойлгож авна. Одоо бидний энэ амьдарч байгаа эх орон, эрх чөлөөг ямар олон хүний амь нас, халуун цусаар сольж авсан гэдгийг заавал ойлгох хэрэгтэй гэж бодож байна.
“Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас маш их зориг шаардсан”
-Киноны нүцгэлдэг сцений талаар асууя гэж бодлоо. Ялангуяа залуу жүжигчдэд энэ их хэцүү байдаг байх?
-Намайг хамгийн их айлгасан нь секс сцен байсан. Зургийн төгсгөлд тэр сценээ авна гээд хэлчихсэн, би ч “сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг одоо яанаа л гэж бодож байсан. Кино зургийн турш бид Тэрэлжид нэг баазад байрлаж байсан болохоор усанд ороход их хэцүү. Тэгээд би байрлаж байсан баазаасаа урагшаа UB2 руу очиж усанд ороод, тос түрхээд сайн бэлдсэн л дээ /инээв/. Харин миний бодож байснаас гайгүй зураг авалт болсон. Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас их зориг шаардсан. Энэ сценийг 10 гаруй удаа давтсан шүү. Нүцгэлснийхээ дараа эротик кинонд тоглосон эмэгтэй жүжигчдийг үнэхээр их зоригтой юм даа л гэж бодсон.
-Хүмүүс залуу эмэгтэй жүжигчдийг кинонд нүцгэлэхийг янз бүрээр л хүлээж авдаг шүү дээ. Элдэв ярианаас хэр эмээж байна?
-Үзэгчид уран бүтээл гэдэг талаас нь хүлээж авах байх гэж найдаж байна. Жүжиглэнэ гэдэг мэргэжил учраас нүцгэлж байгаа жүжигчид ч гэсэн мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа нь гэдгийг хүмүүс ойлгоосой.
-Энэ алхмыг гэр бүлийнхэн болон ойр дотныхон тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Дотроо бол бүгдээрээ л эмзэглэж байсан байх. Ээж маань л хамгийн их санаа нь зовсон. Өдөр бүр л секс сцендээ орсон уу, юу болж байна гээд л утсаар ярина. Тэгээд тэр зураг авалтад орсныхоо дараа шууд ээж рүүгээ залгаад хэлсэн. Гэхдээ энэ чинь ажил л юм чинь гэр бүлийнхэн, нөхөр ч юм уу, найз залуу нь ойлгох л хэрэгтэй.
-Кинонд хэлгүй эмэгтэйн дүр бүтээхэд хэр бэрхшээлтэй байсан бэ?
-Хэлгүй хүний дүрд тоглоно гэдэг их хэцүү юм байна лээ. Амнаас гарах авиа болгон нь өөр байдаг учраас тэр бүрийг гаргах гэж их хичээсэн. Найруулагч маань надтай их сайн ажилласан тулдаа л би энэ дүрийг бүтээж чадсан болов уу.
-Энэ дүрийг бүтээхэд хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн зовлон, жаргалыг ойлгосон байх?
-Тэгсэн. Тэдгээр хүн их сэтгэлийн шаналалтай байдаг байх гэж бодсон. Мэдээж дохионы хэл байгаа л даа. Гэхдээ хүн амаараа ярьж өөрийнхөө сэтгэлийг онгойлгож чадахгүй байна гэдэг бол хамгийн аймшигтай зүйл юм шиг надад бодогдсон. Би зураг авалт эхлэхийн өмнө дүрдээ орох гэж ганц, хоёр хоног хүмүүстэй юм ярихгүй явж үзсэн. Хэцүү л юм билээ.
-Түрүүн дурдсанаас өөр зураг авалтын үеэр хамгийн хэцүү, олон давтсан сцен байсан уу?
-Зураг авалтын төгсгөлд хамгийн хэцүү байсан. Хамгийн сүүлд би Хүдэрийг хүлээгээд зогсдог хэсэг байдаг юм. Тэр хэсэг нь, бас тэр морьтой буцаж ирдэг хэсэг л хамгийн хэцүү байсан. Яагаад гэхээр бид мянган уулын орой харагддаг уулын орой дээр гарч зураг авсан юм. Тэнд маш их салхитай, хүйтэн. Тэр л миний хувьд хамгийн хэцүү нь байсан.
-Морь их сайн унаж харагдсан. Орлон тоглогч ашигласан уу?
-Би морь унах их дуртай. Кинон дээр морь унасан хэсгүүд бол дандаа минийх. Харин тэр мориноос унадаг хэсгийг орлон тоглогч маань хийсэн.
-Унаган хотынх гэхэд морь сайн унаж сурчээ?
-Би кинонд тоглохоосоо жилийн өмнө л морь унаж сурсан. Тэгээд морь унах хоббитой болоод өнгөрсөн зуны гурван сарыг морь унаж л өнгөрөөсөн. Ингээд бодохоор их сонин хувь тавилан байгаа биз. Морь унаж чаддаггүй байсан хүн чинь гэнэт морь унаж сураад л. Тэгснээ дараа жил нь морь унаж кинонд тоглоод л…
“Би Христийн шашин шүтдэг ч бусад шашныг хүндэлдэг”
-Зарим уншигч таныг миссийн тэмцээнд оролцож байсныг санаж байгаа байх. Тэр үеэ эргэн дурсвал?
-Би 2009 онд загварын “Look” агентлагт харьяалагддаг байсан. Тэр үед “Next model” гэдэг тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Түүнээс урам аваад өөр олон хүний хүрээлэл дунд орж үзэхийг хүссэн. Дараа нь 2010 онд “BBQ Азийн модель” тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Мөн “Miss USA Globe International”-ийн Монгол дахь тэмцээнд нь оролцож “Хүмүүнлэгийн мисс” болж байсан. 2013 оны “Miss Mongolia” болон 2014 оны “Манжуурын мисс”-ийн тэмцээнд топ 10-т багтсан.
-Одоо яагаад миссийн тэмцээнүүдэд оролцохгүй байгаа юм бэ?
-Би шивээстэй болохоор тэмцээн бүрт ороод байж чаддаггүй юм. Тэгээд ч одоо надад миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй. Үнэхээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байгаа хүмүүс бол байгаа л даа. Над шиг урдаа өөр зорилго тавьсан хүн тэгж дэмий зүйлд цаг үрээд хэрэггүй гэж бодож байна.
Үргэлжлэлийг эндээс: http://mnb.mn/v/63298