Будагны цаанаас ч тодорч харагддаг энэ асуудалтай байгалийн орцуудыг ашиглан тэмцэх боломжтой. Химийн өндөр найрлагатай бүтээгдэхүүнүүд арьсны эсүүдийг үхжүүлэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс сорви арилгагч органик маскуудыг хийж тууштайгаар хэрэглээд үзээрэй:
Нимбэг
Нимбэгний шүүсэн дээр ижил хэмжээтэй ус нэмээд цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Эсвэл түрхсэн хэвээр унтаад өглөө угаасан ч болно. Хамгийн чухал нь маскаа тавиад нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч тос заавал түрхээрэй. Үүнээс гадна нэг бүтэн нимбэгийг шахаж шүүсийг нь нэг аяга усанд хийгээд усаа өрөөний температуртай болох хүртэл түр хүлээгээд өглөө өлөн ходоодон дээр ууж байгаарай.
Хүнсний сод
Нэг амны халбага сод дээр хоёр амны халбага ус нэмээд гуужуулагч бэлэн болно. Нүүрээ цэвэрлэсний дараа энэ гуужуулагчаа түрхээд тойргийн дагуу зөөлөн үрнэ. Сорвитой хэсэгтээ 2 минут орчим үрэх хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар угаагаад арчихгүйгээр усаа нүүрэндээ шингээгээрэй.
Зөгийн бал
Зөгийн балны маск нь эмзэг арьстай хүмүүст илүү тохиромжтой. 2,3 ширхэг аспирин дээр хэдхэн дусал ус хийж эм уусахыг хүлээнэ. Үүн дээрээ хоёр амны халбага зөгийн бал нэмж сайтар хутгаж өгөөрэй. Ингээд бэлэн болсон маскаа сорвитой хэсэгтээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана.
Түүхий төмс
Түүхий төмсөө нимгэн зүсээд тойрог хэлбэрээр нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж өгнө. Төмс хатаад хуурай болчихвол шинэ зүсмийг авч энэ үйлдлээ давтах бөгөөд 15-20 минут иллэг хийнэ. Үүний дараа 2 минут арьсанд шингэхийг нь хүлээгээд бүлээн усаар угаана. Хамгийн сүүлд чийгшүүлэгчээ заавал түрхээрэй. Төмсний иллэгийг 7 хоногт 3-4 удаа, 2 сарын хугацаанд тасралтгүй хийж байж үр дүн нь гарна.
Улаан лооль
Нэг улаан лоолийг аяганд хийгээд нухаж бэлтгэнэ. Энэ маскаа нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Өдөр бүр нийтдээ 7-14 хоногийн хугацаанд тавьбал илүү үр дүнтэй.
Алое/зуун наст
Зуун наст бол хамгийн амархан, арчилгаагүй ургадаг ургамал учраас гэртээ нэгийг авч тариад хэрэглэж болно. Харин зүсч авахдаа ташуугаар хурц цаасны хутгаар аваарай. Зүсч авсан хэсгээ шахаж шүүсээр нь нүүрэндээ иллэг хийнэ. Зуун наст нь батганы сорвийг арилгаж, чийгшүүлэх давхар үйлчилгээтэй учраас түрхсний дараа угаах шаардлагагүй. Харин унтахын өмнө энэ маскийг хэрэглээрэй.
Хөргөгчинд хөлдөөсөн мөс
Хамгийн амархан арга бол хөргөгчинд хөлдөөсөн мөсийг ашиглах юм. Сайтар цэвэрлэсэн нимгэн даавуунд мөсөө ороогоод сорвитой газраа 2 минут орчим тасралтгүй жин тавина. Харин энгийн крантны ус биш цэвэршүүлсэн ус эсвэл сайн чанарын ногоон цайгаар мөсөө бэлдвэл илүү үр дүнтэй.
Алимны цуу
Нэг амны халбага алимны цуун дээр ижил хэмжээтэй ус нэмээд нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, сорвитой хэсгээ арчиж өгөөрэй. Батганы сорвиос гадна дөнгөж гарч ирсэн улайлттай батган дээр ч энэ аргыг хэрэглэж болно.
Оливын тос
Унтахын өмнө оливын тосыг сорвитой хэсэгтээ түрхэж, зөөлнөөр иллэг хийж өгнө. 3-5 минут иллэг хийсний дараа бүлээн усанд базсан алчуураар арчиж авна. Энэ үйлдлийг нэг удаад хоёр давтан хийнэ. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Хамгийн сүүлд нүүрэндээ оливын тосоо маш нимгэн түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана.
Өндөгний цагаан
Өндөгний цагаан нь сорвийг арилгахаас гадна нүхжилтийг багасгах давхар үйлчилгээтэй. Гурван өндөгний цагааныг хөөсөртөл нь сайтар хутгана. Хуруугаараа нүүрэндээ бүхэлд нь түрхээд хатах хүртэл нь хүлээнэ. Хатсан бол нэмээд 2 минут хүлээгээд бүлээн усаар угаагаарай. Энэ маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Эдгээр маскыг хэрэглэх хугацаанд баримтлах ерөнхий дүрэм
– Бүгдийг нь нэг дор туршиж болохгүй. Аль нэгийг нь сонгож үр дүнгээ өгөх хүртэл 1 сар орчим түрхэх хэрэгтэй.
– Эдгээр аргуудаас хэрэглэх хугацаанд батга арилгах өөр бэлэн маск хэрэглэхгүй байх.
– Хамгийн чухал нь тэвчээр. Ганц удаа хэрэглээд хашрахгүй байх хэрэгтэй.
– Чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх байх.
– Oil Free бүтээгдэхүүн хэрэглэх.
– Ус сайн уух.
– Спиртийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах.
– Кофеноос татгалзаж, хүнсний ногоо жимс тогтмол хэрэглэх.
– Ногоон цай уух зэргийг сайтар анхаараарай.