-ЦАГААН ХООЛ ИДЭЖ, МАЦАГ БАРИХ НЬ ХОДООДОО АМРААХ ГОЛ АРГА-
Сар шинийн баяраар манай монголчуудын хувьд мах сүү, ааруул тос, чихэр жимс, архи дарс, айраг ундаа гээд олон төрлийн хоол хүнс хольж хэрэглэдэг. Үүний улмаас гэдэс дотор, ходоод үрэвсэж өвчлөх тохиолдол цөөнгүй гардаг билээ. Бид энэ удаад уншигч та бүхэндээ цагаан сарын баярын дараа ходоодоо хэрхэн амраах талаар эмч О.Доржхандын зөвлөснийг хүргэж байна.
Цагаан сараар бараг өдөржингөө хоол идсэний улмаас ходоод дээд зэргээр ядардаг учир ходоодоо амраах хэрэгтэй. Хүний ходоод нэг удаагийн хоолыг боловсруулах гэж зургаан цаг ажилладаг. Шөнөжингөө ажилласан ходоодонд өглөө дахиад бууз нэмэгдэж, ходоодонд ирэх ачаалал улам ихэснэ. Иймд юуны өмнө ходоодоо амраахын тулд их уураг, гурилаас татгалзаж, цагаан хоол идэж, эсвэл мацаг барих хэрэгтэй. Хүмүүс шинийн 8, 15-нд цагаан хоол идэж, мацаг барих нь ходоодоо амраах гол арга юм. Мах идэхгүйгээр, бүр зориудаар өлсөж, ходоодоо амраах хэрэгтэй.
Цагаан сарын баяраар бид айл болгонд бууз иддэг ч шингээгээд байдаг. Өвлийн урлиралд мах идээд, ходоод илүү тамиртай байгаа үед буузаа шингээгээд байна гэсэн үг. Бууз бол хүнд хоол. Дандаа мах, нүүрс ус холилдсон хоол иднэ гэсэн үг. Бууз хийхдээ сүүлийн үед хүмүүс янз бүрийн амтлагчаар амталдаг болсон. Баяраар буузны хажуугаар айраг, цагаан идээ идээд явдаг. Бууз, цагаан идээ хоёр хоорондоо зохицдог. Мөн бууз идэхдээ ногоо идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
Ногоо идэхдээ анхаарах хэрэгтэй зүйлс олон. Сүүлийн үед салатыг олон хэлбэрээр хийдэг болсон. Хүмүүс мэдэхгүйгээс болж зохицохгүй хүнсээр салат хийх нь их байдаг. Жишээлбэл загас, өндөг хоёр хоорондоо зохицдоггүй. Гэтэл бид өндөг, загасны салат гээд л янз бүрийн юм холиод л хэрэглэдэг. Тэрийг маш болгоомжтой анзаарч идэх нь зүйтэй. Хэрэв загастай салат идвэл өндөг орсон салатнаас татгалзах хэрэгтэй.
Хоолоо шингээнэ гэж архи уудаг нь хамгийн буруу. Мах идээд, архи уудаг нь тун аюултай. Мах халуун чанартай. Дээр нь нэмээд архины 38-40 градусын халуун нэмэгдэнэ. Халуун дээр халуун нэмэгдэхээр ходоод цочирно. Энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх эрхтэн бол ходоодноос гадна зүрх байдаг.
Сар шинийн баяраар “ядарсан” ходоодоо амрааж байгаа нь энэ хэмээн ходоодоо угаах гэж яарах хэрэггүй. Өвөл ходоод угаах нь бөөрний үйл ажиллагааг гэмтээдэг аюултай. Сүүлийн үед хүмүүс 25 процентын магни сулфатаар ходоодоо угаагаад байдаг. 25 процентын магни сульфат ходоодонд ороход ходоодыг цочроодог. Тиймээс шар сүү, гүүний саамаар ходоод гэдсээ угааж болно. Энэ нь зөөлөн чанараар гүйлгэж угаахыг хэлж байгаа хэрэг.
-ХОДООДОО ЦЭВЭРЛЭСНИЙ ДАРАА МАХАН ХООЛОО БАГАСГАХ ЁСТОЙ-
Хавар ходоодоо цэвэрлэсний дараа махан хоол, тэр тусмаа хонины махаа багасгах ёстой. Хонины мах нь хий дардаг дээд зэргийн чанартай мах. Хавар үхрийн мах, борц хэрэглэх нь зүйтэй. Зун сэрүүн чанартай учраас ямаа, тэмээний мах идэх хэрэгтэй. Хавар, зун үргэлжлүүлээд хүнд хоол идээд байвал ходоодны тамир муудан, ачааллаа дийлэхээ больдог.
Хүн ходоодоо хаврын улиралд хамгаалж элэг, дэлүүгээ эмчлэх ёстой. Элэг дэлгэрэх цаг хэмээгддэг хаврын улирлыг модон махбодтой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Модыг хүн тарьж ургуулдагтай адил бие махбодыг тэгж тордох хэрэгтэй. Энэ үед элэгний эмчилгээ хийвэл үр дүнтэй. Хаврын улиралд шороон бие махбодтой ходоод өвдвөл хүндэвтэр өвддөг. Өвлийн улиралд халуун эдүүд дотогшоо нуугдсан байдаг учир бид гүйлгэх, туулгах эмчилгээ хийдэггүй. Хавар ирж байгаа учраас одоо гүйлгэх, туулгах эмчилгээг хийж болно гэж ойлгох ёстой. Энэ үед элэг, цөсөө угаах нь хамгийн зөв. Гэхдээ заавал эмчийн хяналт дор угаах хэрэгтэй. Цөс угаахад ходоодоор дамжуулж угаадаг. Үүнийг мэргэжлийн эмч хянадаг байх ёстой.
-Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уух хэрэгтэй. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүс төдий чинээ ихээр уу. Зовиур арилаад ирэхээр уух хэмжээгээ багасгах нь зөв. Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уувал тустай.
-Гэдэс, ходоодны хүч сулрах, ходоод өвдөх, хоолны шингэц муудахад зуун наст 150 гр, зөгийн бал 250 гр, таван салаа 100 гр-ыг холиод сэрүүн газар шилэн саванд хийж, долоо хонуулаад, хоолны халбагаар өдөрт гурван удаа нэг сарын турш хэрэглэх нь зөв.
-Ходоодны архаг өвчнийг анагаадаг хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбагаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж, дараа нь мөсөн чихэр юм уу, эсвэл гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй. Тэгээд асгаж амаа цэвэрлэнэ. Тос өтгөн байснаа шингэн болно. Тос нь амны хөндийд байгаа хамагхорыгөөртөө шингээнэ. Энэ аргыг 10-20 удаа өлөн элгэн дээрээ хийгээрэй. Энэ арга нь астма бөглөрөлттэй хүмүүст илүү үр дүнтэй.
-Түүхий сүүний ээзгий, ааруулыг орой унтахдаа зөгийн балтай усанд дэвтээж, өглөө зөвхөн шүүсийг нь сайн уух хэрэгтэй. Ийм байдлаар олон өдөр уувал нэн сайн.
www.medee.mn