Хүн төрөлхтөн хүний сэтгэл зүй, мэдлэг оюуны асуудлуудыг сонирхон судалж, эрдэмтэд өөр хоорондоо харилцан адилгүй байр суурьнаас тайлбарласаар ирсэн.
Дорно дахины ард түмэн олон гайхамшигтай сургаал номлолыг дэлхий дахинаа түгээсэн. Энэ нь өнөөг хүртэл гүн ухааны гол судалгааны чухал сэдэв болж байна.
Буддын сургаалыг 2550 гаруй жилийн өмнө айлдаж, энэ нь олон зуун жилийн явцад мандан, буурсаар өнөөг хүрч ирсэн ухаан юм. Монголчууд бид эртнээс нааш буддын гүн ухааныг судлан суралцаж, төрийн шашнаа болгож ирсэн билээ. Гэвч он цагийн явцад бурханы шашин, соёлоосоо дал гаруй жил хол байсан түүх бий. Энэ үед бурханы шашныг буруу номлол, мухар сүсэг хэмээн дээдэс лам нарыг хэлмэгдүүлэн, түүгээр дамжуулан оюуны дархлааг нь сулруулах арга хэмжээ авч байсныг түүх гэрчилдэг.
Далан жилийн явцад уламжлалт шашин, соёлоосоо хөндийрч, хаагдмал, буруу номлол хэмээн тухайн үеийн урлаг, уран сайхны киногоор сурталчилан таниулж байсан урлагийн бүтээлүүд нэлээдгүй бий. Тиймээс түүнийг үнэн зөвөөр сэргээн таниулах нь орчин цагт зайлшгүй чухал болж таарч байна.
“Монголчууд ихэд ч эв хэрэгтэй
Багад ч эв хэрэгтэй”
Уламжлалт соёл, ёс заншил, эрдэм боловсролыг сөхөн үзэж, суралцан, өвлүүлж үлдээхгүй бол хуучирч, хэрэггүй болсон эд адил мартагдах юм.
Монголын Говийн V ноён хутагт хэмээн алдаршсан Данзанравжаа бээр (1803-1856): “Ичиг ичиг” шүлэгтээ: “Аяа, бас сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг…” хэмээн шүүмжлэхийн хажуугаар сануулан сургасанг залуус анхааран авах хэрэгтэй.
Үүний тулд анханд бид дотоод сэтгэлийн тухай үзэл, онолыг судлан танин мэдсэн байх зайлшгүй шаардлагатай.
Буддын гүн ухааны үзлээр:
“Муу сэтгэлээс болж зовлон үүсдэг” гэж үздэг.
Сэтгэлийн гурван зүйл буянт үйлийг сайтар мэдэх хэрэгтэй.
Эдгээр нь:
Ш Хомголзохуй үгүй сэтгэл (Мунхаглалгүй)
Ш Хорт сэтгэл үгүй (хорлохгүй, энэрэх)
Ш Үнэн үзэл (зөв үзэл) болой.
Үүний эсрэг сэтгэлийн гурван зүйл буян бусын үйлийг сайтар тэвчих хэрэгтэй.
Буддын сургаалд атаат муу сэтгэл гэж юу болох талаар зүйрлэн үлгэрлэсэн нь:
“Хималайн ууланд хоёр толгойтой шувуу амьдарч байжээ. Нэг толгой нь нөгөө толгойгоо амтат жимс зооглож буйг үзээд атаархахдаа хортой жимс идэхээр шийдэв. Чингээд хортой жимсээ ч идэв, хоёулаа үхэв” хэмээснээр атаат сэттэл нь өөр болоод бусдад хорлол ихтэй юм гэдгийг тус үлгэр тодорхой харуулсан. Монгол ардын үгэнд ч “Муу хүн атаач, мухар үхэр сэжээч” хэмээн ярьдаг билээ.
Тиймээс юун түрүүнд, өөрөөсөө эхлэн дотоод сэтгэлээ ариусган, амар амгаланг өөрийн дотоодод бүрдүүлэх аргад суралцахад нь эрхэм юм. Тэр төдийгөөр зогсохгүй цаашид хамаг амьтан гэгээрлийн зам мөрөөр замнан, амгалантайгаа учраасай хэмээн бие, хэл, сэтгэлээ бусдын тусын тулд зориулдаг.
“Дүрэлзэж буй бамбарын галаас хэдэн мянган хүн бамбараа асаасан чтэр нь ул дуусах лугаа адил”
Тухайлбал: Монголын их эзэн Чингис (1162-1227) хаан бээр: ‘’Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн сургасан. Энэ нь өөрийн сэтгэлээ засаад, өрх гэр улмаар нийгэм, төр улс руу анхаарлаа хандуулж, улс орны хөгжлийн төлөө, ард иргэдээ амар жимэр, аз жаргалтай амьдруулахын тулд төрийн их хэргийг удирдан зохион байгуулж байснаас тодорхой харагддаг. Тийм ч учраас өдгөө бидний амьдран буй тусгаар тогтносон Монгол улсыг дэлхий дахинд тунхаглан, нэр алдрыг цуурайтуулж, өндөрт өргөсөн түүхэн их хүмүүн билээ. Өнөө хэр нь түүний улсаа удирдах мэргэн арга ухаан нь хойч үе бидний зайлшгүй судлан, суралцах их үйл юм.
Суут богд Чингис хаан дөрвөн хөвгүүддээ зарлиг болгон сургахдаа:
“Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун” хэмээсэн байдаг.
Тэрээр сэтгэлийн талаар: “Мах идэх шүд аманд аж, хүн идэх шүд сэтгэлд аж”, “Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу” хэмээн өгүүлсэн байдаг.
Мөн тэрээр:
“Биеийг нь хураатлаа
Сэтгэлийг нь хураагтун,
Сэтгэлийг нь хураавал
Бие нь хаа очих” хэмээн сургасан.
Энэ бүхнээс үзэхэд тэрээр сэтгэл зүйн өндөр боловсролтой байсан нь илэрхий. Тиймээс бид өмнөх үеийн мэргэдээс суралцаж, сэтгэл зүйн боловсролыг хувь хүн бүр өөртөө дадуулах зайлшгүй шаардлага өнөө үед тулгараад байна.
“Зовохын цагт зоригоо чангал
Жаргахын цагт сонороо нэм”
Орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд сэтгэлийн хямрал буюу стресс хэмээхийг тодорхойлохдоо: “Сэтгэлийн хямрал гэдэг нь бие сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдахыг хэлдэг” ажээ.
Хүнд хоол хүнс, нойр, амьдрах орон байр зайлшгүй хэрэгцээтэй байдгийн адилаар оюун санааны тааламжтай байдал буюу сэтгэл ханамж мөн гарцаагүй хэрэгцээтэй байдаг.
“Өндөр хөгжилтэй улс орны хүн амын 10-29% нь мэдрэлийн өвчтэй юм уу, эсвэл мэдрэл муутай юм шиг байдаг” хэмээн тэмдэглэсэн байх юм. Мөн тийм хэмжээний архаг ядаргаатай хүмүүс ч цөөнгүй байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Дэлхий нийтээр сэтгэл зүйн өвчлөл буюу сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүс цөөнгүй байна гэж судалгаагаар дүгнэдэг. Тийм ч учраас “Сэтгэл зүйч” мэргэжил нийгэмд зайлшгүй чухал салбар болж байгаа нь илэрхий байна.
Тиймээс сэтгэлээ боловсруулан, хөгжүүлэхэд суралцах нь хувь хүн бүрийн үүрэг юм.
“Эр хүн биеэ эдээр чимэхээр эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээр оюунаар чим”
Судлаачдын судалгаагаар, сэтгэл санаа нэг минут хямраад эргэн тайван болоход хорин минут зарцуулж асар их энерги шаарддаг гэж үздэг. Орчин үед зүрх судасны өвчин үүсгэж байгаа шалтгааны нэгдүгээр байрыг гуниг, гутрал, айдас, түгшүүр гэх мэт сөрөг сэтгэлийн урвуу хөдөлгөөнөөс болж буйг эрдэмтэд судалсан байна.
Хуний амъдрал гэдэг манан будан шиг юм,
Хуний амьдрал ургэлж хувирч, өөрчлөгдөж байдаг
Хүний сэтгэлийн үйл туйлын нарийн ээдрээтэй болохоор айж цочих, баярлаж хөөрөх, гомдож гутрах, зовж гаслах, уурлан хилэгнэх мэт сэтгэл зүйн хурц сэдэлтэнд бие махбодийн үйл ажиллагааны тэнцвэр гэнэт алдагдаж, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, цаашид өвчний эх үүсвэр болох, мөн өвчин эдгэрэлтийг удаашруулж, архагшуулан хүндрүүлдэг ажээ. Тиймээс хэт айж цочих, баярлаж хөөрснөөс хий цусны гүйдэл хаагдаж амь насанд ч аюул учруулж болзошгүй байдаг.
“Уур биеийг зовооно
Уул морийг зовооно”
Тухайлбал: “Германы гүн ухаантан Лейбницийн (1646- 1716) ач охины авга ах нь нас барахдаа дэрэн дороо асар их мөнгө үлдээснийг хараад ач охин нь цочирдон нас барсан баримт байдаг гэнэ.” Мөн бидний өдөр тутмын амьдралд чанга дуу чимээнээс цочирдсоноос болж зүрх дэлсэх буюу савлах, бүр цаашилбал зүрх зогсон хаагдаж төрөл егүүтэн өнгөрсөн хүмүүсийн тухай яриа иргэдийн дунд ам дамжин яригдсаар л байдаг. Тиймээс Монголчууд бид гэнэт цочоохыг цээрлэн, үр хүүхэддээ сурган захидаг нь нарийн учир шалтгаантай.
“Ой шатвал бугд харна
Сэтгэл шатвал хэн ч мэдэхгуй”
Сэтгэлийн сөрөг хөдөлгөөн болох уур, мунхаг, шунал зэргээс болж хүний бие дэх хий, шар, бадгана гурвын тэнцвэрт байдал алдагдаж улмаар дөрвөн зуун дөрвөн төрлийн өвчин үүсдэг гэж Буддын тэжээхүй ухаан буюу уламжлалт анагаах ухаанд үздэг.
Энэ талаар “Монгол ухаан гайхамшигт” өгүүлэхдээ:
“Хүний амьдрал гэдэг зовлон, жаргал хоёрын нэгдэл, сэтгэлээр жолоодогдож явдаг бодгаль юм. Үүгээрээ зовлон, жаргал хоёул анагаах ухаантай холбоотой. Ялангуяа сэтгэл гэгч өөрөө Монголын анагаах ухааны цөм хэсэг нь юм.
Орчин үеийн шинжлэх ухааны хийсэн судалгаагаар, хүний бие 90 төрлийн эрдэс бодисоос бүтэж буй. Түүний 60 нь металл чулуулаг эрдэс, 15 нь амин дэм, 12 нь уурагт бодис, 3 нь тосны хүчил юм. Хэрвээ энэ бүгд дутагдвал аль нэг эрхтэнд өвчин эмгэг үүсч байдаг учир Монголын оточ мэргэд “Тэжээнэ” гэж ярьдаг. Түүнтэй холбоотой тэжээхүй ухаан гэж нэрлэсэн.” хэмээсэн байна.
“Өвчний ерэн есөн хувь нъ буруу хооллолтоос эсвэл байгалийн бутээгдэхуунийг хэт чамирхуулж амталснаас үүдэлтэй”
Хүн зөвхөн нэг л удаа хүчтэй уурлахад олон мянган тархины эд эсүүд үхждэг хэмээн Сэтгэл судлалын ухаанд үздэг байна. Иймээс урт удаан хугацаагаар гомдох, айж цочих, гутрах, уцаарлах мөн хэт хөөрөн баясахаас зайлсхийж, аль болох сэтгэлээ амар тайван байлгаж, аливаад хүлээцтэй байж, зовож байна хэмээн хэт гунихгүй, жаргалтай байна гэж бардалгүй, сэтгэлийг тэнцвэртэй, тогтвортой байдалд барихыг өөртөө дадуулахыг хичээх хэрэгтэй. Амьдралд сэтгэл санаа зовоосон таагүй мөч тохиолдох нь элбэг. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Гэхдээ та тухайн эгзэгтэй явдал тохиолдсон үед өөрт тохирох эрүүл мэндэд хохиролгүй, шалгарсан, шилдэг зөв аргад тулгуурлан түүнийг цаг алдалгүй амарлиулж сурах нь чухал билээ. Үүний тулд аль болох инээж, хөхөрч сэтгэлээ тайвшруулж сурахыг гол болгодог. Учир нь баясгалантай байх нь биеийн эд эсийг сэргээж, хамгаалалтын дархлааг сайжлуулдаг нь судалгаагаар нэгэнт батлагдчихсан зүйл билээ.
“Гагцхуу сэтгэлийг л бүү доройтуулж үйлд”
Эрхэм та өөдрөг сэтгэлтэй байх аваас цусны даралт ихсэхгүй, зүрх түгшиж савлахгүй, сэтгэл тайван амгалан байх болно.
Монголын их говийн догшин хутагт Данзанравжаа бээр (1803-1856):
“БАЯН БОЛОН ЯВБАЛ БАРДАМ СЭТГЭЛЭЭ ДАРАЛТАЙ
БАГАХАН БОЛОН ЯВБАЛ ГУНИГ СЭТГЭЛЭЭ ДАРАЛТАЙ” хэмээснээр хэт баярлах, хэт санаашрахаас зайлсхийж, өөрийгөө удирдан тайвшруулахыг сурган шүлэглэсэн байдаг.Ер нь сүүлийн үед стресс хэмээх нэр томъёо ихээр хэрэглэгдэх болжээ. Энэ үг нь бие махбодид өөрчлөлт гарах, сөрөг нөлөө илрэх, ямар нэгэн нөлөөт хүч бие сэтгэлд мэдрэгдэх зэрэг хэвийн бус байдал үүсэхийг хэлнэ.
Ийм байдлаас хэрхэн гарч биеэ хэвийн, тайван амгалан байлгах нь хувь хүнээс өөрөөс нь ихээхэн хамаарна. Өөрийн хүчээ хэрхэн тэнцвэржүүлж, шавхан дайчлахаас шалтгаалдаг.
“Ялихгуй сайн, муугаас
Баясах, хилэгнэхийг тэвч
Ер хэзээ ч хөлддөггуй
Далай мэт явагтун!”
www.Budda.mn