Японы гэрэл зургийн ертөнцөд Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөл шиг үнэлэгддэг Тецуро Шимизуг уншигчидтайгаа уулзуулъя. Шимизу сан Монгол орноор 19 жил аялан гэрэл зураг авсан нэгэн. Энэ бол хүний амьдралын бараг нэг үе. Тэр ийм хугацааг анхны төрт улс анх үүсэн бий болсон, өнө эртний түүхийг өөртөө гүн шингээсэн тал нутгийнхны дунд өнгөрүүлсэн нь сонирхол татаж байгаа биз. Түүний Улаанбаатарт авсан “Гудамжны хөвгүүд” цуврал зураг 2005 онд мянга мянган жуулчдыг татсан гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдаж, Японы Гэрэл зургийн холбооны “Ирээдүйтэй гэрэл зурагчин” шагналыг хүртэж байв. Энэ агшин түүнийг гэрэл зургийн салбарт өөрийн өнгө төрхөө тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Шимизу сан 2012 онд монголчуудын амьдрал, аж байдлыг харуулсан гэрэл зургаараа “Өөрчлөлт”, 2015 онд “Шинэ аялал” фото альбомоо гаргасан байгаа. Альбомууд монголын хөдөөгийн аж амьдрал, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөлийг харуулсан агшин болон ховор ан амьтны зургаас бүтжээ. Гэрэл зурагчин “Olympus”-ийн камераар зураг авдаг. Яг одоо сүүлийн үеийн загварыг нь барьж байгаа гэсэн. Хөнгөн, авсаархан, авч явахад бас ашиглахад их эвтэй. Камерын хувьд өндөр хурдтай, дүрс чанарын хувьд сайн. Бороо, цастай ямар ч үед зураг авахад дүрсний бэрхшээлгүй, нэмэлт линз, шүүлтүүртэй. Над шиг хөдөө явдаг хүнд тохирсон эд гэж камераа магтаж байна билээ.
-Шимизу сан эхлээд Таны Монголд ирж байсан анхны зорилго болон анхны сэтгэгдлийг эргэн дурсая. Анхны юм болгон гүнзгий сэтгэгдэл үлдээдэг шүү дээ?
-Энэ тухай дурсах сайхан байна. Миний багш Тoshinobu Takeuchi Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойгоор Улаанбаатарт гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахаар болсон. Энэ бол 1997 он. Тэгэхэд би 22-хон настай байв. Ингэж багшийнхаа туслахаар анх удаа Монголд хөл тавьсан. Ардчилсан хувьсгалаас хойш хэдхэн жилийн дараа ирсэн учраас юм бүхэн л сонин байж билээ. Тэр үед гудамжаар зөрөх автомашин тун цөөн. Хотын өнцөг булан бүрт социалист үеийн ул мөр нэлээдгүй ажиглагдаж байв. Хотын зүрхэнд орших Улсын их дэлгүүр жуулчдын очдог гол газруудын нэг. Гэсэн ч тэнд бараа ч үгүй, үйлчлүүлэгчид ч үгүй хоосон лангуунууд их байсан. Гэхдээ би эндээс танк тулаан, төрийн далбаа дүрсэлсэн “командирский” гэдэг цэргийн цагийг өөртөө дурсгал болгон худалдаж авч билээ. Энэ цаг одоо ч надад бий. Миний сонирхлыг Монгол орон маш их татсан. Багшийн танил гэрэл зурагчид монголын хөдөө нутаг, байгалийн үзэсгэлэн, ховор ан амьтдын зураг хөргийн талаар хэлэлцэж байхад цоохор ирвэс миний анхаарлыг татсан. Эндээс дахин Монголд ирж энэ ховор амьтны зургийг авна гэсэн бодолтой буцсан хүн шүү.
-Сонирхолтой л юм. Хоёр дахь удаагийн аялал хэзээ байв?
-1998 онд эргэж ирсэн. Хүссэн зургаа авахаар буцаж ирэхэд зургаар орлого олох боломжгүй залуу зурагчин надад мөнгө маш чухал хэрэгтэй зүйл болохыг ойлгож байна уу. Тийм болохоор би Япондоо очоод цалин хөлс ахиухан олох ажлын эрэлд гарсан. Өндөр цалинтай ажлын мэдээ аваад баярлаад компани дээр нь яваад очлоо. Тэгээд нас барагсдыг япон заншлаар үддэг оршуулгын газрын ажилтан болчихсон. Тэнд тохиолдлын гэмээр ч юм уу, сонирхолтой амьдрал намайг угтаж байсан юм билээ. “Үдэгсэд” гэдэг Японы уран сайхны кино бий. Тэр киноны гол дүр болох хөгжимчин залуу хөдөө очоод ажил хайж яваад аяллын компанид ажилд орлоо гэж ойлгосон чинь үдэгсдийн хувцасыг сольж кимоно өмсгөн, нүүр будалт хийдэг ажилтай болчихдог юм. Харин надад ногдсон ажил бол нас барагсдыг үдэж, газарт хийх. Манай гэрээс тэр компани хүртэл 16 км зай бий. Би байнга л дугуйгаар явдаг байв. Бас хүнд юм өргөөд бие ч нэлээд чангарсан учраас Монголд ирээд уул хад руу их сайн алхаж байсан даа.
-Таны авсан хэрээний цуврал зураг Японд нэлээн алдартай бүтээлд тооцогддог гэсэн. Тэр зургуудаа хэзээ авсан юм бэ?
-Энд, оршуулгын газарт. Тэнд хэрээ шувуу их ирдэг. Ажлаа хийж дууссаныхаа дараа би дуртай зургаа авдаг байсан. Миний ажлын хувцас дан хар өнгөтэй. Миний хувцасны стиль ч хав хар. Гутал, футболк хар, жинс ч хар. Хэрээ шувуу бас хар. Энд хар цагаанаар авсан хэрээний цуврал зургаараа шагнал авч Токиод анх танигдсан. Үдэгсдийн компанийн ажил маань өндөр цалинтай. Мөнгө нэлээн хураасан. Тэгээд 1998 онд Монголд дахин ирж байв.
-Цоохор ирвэсийн зургаа авахаар уу?
-Тийм ээ, ирвэсийн зураг авах бодол л намайг Монгол руу татдаг байсан. Тэгээд Улаанбаатарт ирээд Өмнөговь руу цоохор ирвэсийн зурганд явсан. Надад газарчин хийсэн хүнтэйгээ уулыг хэд тойрч байж ирвэсээ олж хардаг юм. Тэгээд хүссэн зургаа авлаа. Их чухал зураг авлаа гэсэн бодолтой маш баяртай Токиод ирээд хальсаа үзүүлэхэд багш маань шууд л голж билээ. Бүр “Чи юу ч авч чадаагүй байна” гэж хэлсэн. Би их хичээсэн, гайгүй зураг авчихлаа гэж бодсон шүү дээ. Тэгээд багшдаа зэмлүүлсэн учраас дахин очиж сайн үнэлгээ авах маш сайн зураг авна гэж бодлоо. Сүүлд харахад багшийн зөв байсан. Яагаад гэвэл би ирвэсийн зургийг их холоос авчээ. Ирвэс гэрэл зурагт тун жижигхэн буусан байж билээ.
-Та нэг ярилцлагадаа хүсэл мөрөөдөл болсон ирвэсийн зургаа авч чадаагүй байгаа гэж дурдсан байсан. Боломж гараагүй юм уу?
-Би ирэх тоолондоо цоохор ирвэсээ боддог ч таарсангүй. Увс, Өмнөговь, Баян-Өлгий зэрэг хөдөө аймгаар явахдаа ирвэстэй гэсэн уул болгон руу явдаг. Ирвэс болон бусад ховор амьтны зураг авахад бэрх юм байна. Хүмүүсийн зураг, монголын амьдралын зураг авъя. Монголын тухай нэлээн ойлголттой болъё. Хүмүүст ч монголын тухай зургаа үзүүлье гэж бодоод монголоор тойрч эхэлсэн. Гэхдээ ирвэсийн зураг авах бодлоо хаяагүй л яваа. Энэ бол миний ажил, миний зорилго. Одоо болтол таараагүй болохоор миний энд хийх ажил дуусаагүй юм байна гэж би боддог. (инээв)
-Таны авсан траншейны хүүхдүүдийн тухай цуврал зураг 2005 онд Гэрэл зургийн холбооны “Өсөх ирээдүйтэй зурагчин”-ы шагнал хүртсэн байдаг. Тэр үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?
-Тэр үед миний охин мэндэлсэн байв. Нэг удаа охиныхоо зургийг ширтээд сууж байсан. Тэгэхэд Монголд цөөнгүй таардаг траншейны хүүхдүүд нүдэнд харагдаж билээ. Хүүхдүүд гэртээ тав тухай байж байхад энэ хүүхдүүд тийм биш. Хүүхдүүдэд яаж туслах вэ гэж бодохоор надад мөнгө байхгүй. Тэгээд хүүхдүүдийн амьдралыг зургаараа гаргаж, хүмүүсийн анхааралд оруулж тусалъя гэж бодоод зураг авахаар Монголд дахин ирсэн. 2004 оны есдүгээр сар, 2005 оны нэгдүгээр сард зургаа авсан. Ирээд аппаратгүйгээр, хүүхдүүд хаана ямаршуухан амьдардаг юм бол гэж нэлээд хайсан. Нэг удаа эмнэлгийн хажуугаар явж байхад хэдэн хүүхэд гүйж ирээд “Ахаа, мөнгө байвал өгөөч” гэсэн. Та хэд хаана амьдардаг юм бэ гэсэн чинь энэ хажуугийн траншейнд гэдэг юм байна. Та хэдийн зургийг авч болох уу гэхэд зөвшөөрсөн. Есөн сард бараг зунаараа байсан учраас гадаа авч болсон. Нэгдүгээр сард хүйтэн үед траншей дотор авсан. Бас өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдийн зургийг авсан. Найман настай, 14-15 настай ч хүүхдүүд байсан. Тэр зураг хүмүүст хүрч, монголын хүүхдүүдэд туслах сэтгэлтэй япон хүмүүс, байгууллага олон болоход бага ч гэсэн хувь нэмэр оруулсан гэж боддог. Одоо хааяа тэд нар яаж амьдарч байгаа бол гэж би боддог. Сайн л явж байвал болно доо.
-Таны фото альбомуудаас Монголын хот хүрээний өнгө төрх, өөрчлөлт биш хөдөө хээр, тал нутаг, дөрвөн улирлын өнгө төрх, хүн зоны амьдрал ахуй харагддаг. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-19 жилийн турш Монголыг тойрон аялсан болохоор альбом бүхэлдээ ингэж харагдсан байх. Монголд очиж үзээгүй аймаг, сум надад бараг байхгүй. Хангай, говь хээр гээд бүх нутгаар аялан фото зураг авсан. Анх ирж байхад нэртэй гэрэл зурагчин Ц.Батзориг агсан мэнд сэрүүн байсан. Ц.Батзориг болон С.Цацралт ах зэрэг хүмүүс надад хаана очиж зураг авбал сайхан болох тухай зөвлөж, би явах чиглэлээ тодорхойлдог байв. Харин хөдөө малчин айлд яваад очиход манай энд гоё газар бий, тийшээ оч гэдэг юм. Тэднээс сонсоод сайхан газруудаар явж зургаа авдаг байв. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг миний тархинд хадагдаж. Сонсож байхаар очоод үзнэ гэж л зорьдог болсон. Намайг анх ирэх үед япон-монгол хэлний харилцан ярианы толь бичиг байдаггүй байв. Тэгээд хэрэгцээтэй үгээ өөрөө түүж японоор бичээд, монгол хэл мэддэг япон хүнээр эсвэл япон хэл мэддэг монгол хүнээр орчуулж, бэсрэг толь бичиг хийж байсан юм. 1990-ээд оны сүүлээр Монголд Оросын пургон машин хөдөө хээрийн замд явдаг байсан. Жолоочтойгоо хоёулахнаа, орчуулагчгүй хөдөө явна Талийгаач Ц.Батзориг монголчуудынхаа амьдралыг хамгийн сайхан харуулдаг гэрэл зурагчин байсан. Намайг монголын ховор амьтны зураг авна гэж мөрөөдөөд явж байхад талийгаач Ц.Батзориг өөд болсон. Тэгэхэд Японд байсан над дээр энэ хүний бүх хальс нь ирсэн. Зургуудыг угаалгаад сайхан зураг болгоод аваад ирээч гэж хүмүүс захисан юм л даа. Тэр зургуудыг цэгцэлж байхдаа “Ийм сайн зурагчин бурхан болчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна” гэж бодсон. Би хэдийгээр монголын эгэл жирийн хүмүүсийн амьдралын тухай зургийг хальсандаа буулгадаг ч энэ ажлаа Ц.Батзориг агсны ажлын үргэлжлэл гэж боддог.
-Олон жилийн ажлаа Монголтой холбож, хөдөө орон нутгаар аялаж байсан хүнд монголын ард түмний тухай ойлголт, дүгнэлт бий болсон байгаа. Таныхаар монголчууд хэн бэ?
-Монголын хөдөөний хүмүүс их гэгээн. Хүнээрээ хүн гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л хүмүүс. Би анх ирвэсийн зураг авахаар говь руу явсан. Говьд очоод замд санаандгүй тааралдсан хүнд зорилгоо ойлгуулахад надад газарчин хийгээд хоёр гурван удаа уул тойрч өгч билээ. Тэгэхэд би энэ хүн яагаад надад туслаад байгаа юм бол. Би газарчин хийж өгсөн гээд мөнгө өгч чадаагүй. Бэлэг ч өгөөгүй гэж бодсон. Дараа нь хөдөөгийнхний хүмүүсийн хандлага, зан ааш нь ийм энгийн, тусархаг сайхан сэтгэлтэй юм байна гэдгийг гүн ойлгосон. Эрчүүд нь бол их энгийн, цөөн үгтэй. Эмэгтэйчүүд бол ондоо. Японд хэн нэгэнд загнуулна гэж бодох хэрэггүй. Харин Монголд бол загнуулна. Эмэгтэйчүүд жинхэнээсээ уурлаад загнадаг. Анх ирээд хөдөөний айлын гэргийд загнуулаад их гайхаж бас баярлаж байсан. Тэр айл гэрээ буулгаад барьж байсан юм. Би хараад сууж байтал эзэгтэй намайг “Чи энэ ажилд тусал л даа. Жаахан хүүхэд хийж чадаж байгаа ажлыг чи чадахгүй байхдаа яадаг юм” гэж загнасан. 23 настай, өөрийгөө насанд хүрсэн том хүн гэж бодож явдаг хүн загнуулсан чинь гоё ч юм шиг санагдсан. Хөдөөгийн айлуудаар явах сайхан. Тэнд яг л гэртээ очсон юм шиг байж, нэг гэр бүлийнхэн шиг харьцаж болдог. Тийм болохоор миний зураг зүгээр нэг жуулчин очоод авч чадахгүй, яг монголчуудын амьдралыг гадаад хүний нүдээр харсан тийм зураг болж чаддаг байх.
-Энд байх ихэнх цаг хугацаагаа хөдөө өнгөрөөдөг хүний Монгол руу явна аа гэсэн мэдээ ойр тойрныхон болон бусад хүнийг “Шимизу нутгаа зорьж байна” гэж хэлмээр болгодог байх гэсэн бодол төрөх юм?
-Яг тийм, миний танилууд намайг Монгол явна гэхээр “өө чи харих гэж байна уу” гэдэг юм. Монголоос очоод Японд зөндөө удаж байхад уулзаад “өө чи чинь Японд байгаад байгаа юм уу” гэдэг. Монгол бол Япон хүний хувьд төсөөлшгүй тийм сонирхолтой орон. Элсэн цөл говиос эртний амьтан үлэг гүрвэлийн чулуужсан яс олдох жишээтэй. Энэ нутаг тэгээд хэн нэгний өмч биш. Хэн ч очоод үзэж болно гээд бод доо. Энэ бол дэлхийд гайхагдах аялал жуулчлалыг татаж чадах сонирхолтой орчин. Миний төрөлхийн сониуч зан намайг дандаа Монгол руу хөтөлдөг. Эндээс би цоо шинэ гайхалтай мэдрэмжийг авдаг.
-Монголд авсан гэрэл зургаар бүтээсэн хоёр альбомын санаа шийдлээ яаж олсон бэ?
-2011 онд Японд цунами болсон. Тэгэхэд хүмүүс цунами Токиод орж ирж магадгүй гэцгээж байв. Би бүх хальс, гэрэл зургуудаа гэртээ хадгалдаг. Цунамид өртсөн нутгийн комьпютер хардууд бүгд устсан байдаг. Тэгээд Монгол хамгийн аюулгүй, Монголд авсан зураг Монголдоо үлдэх ёстой гэж шийдээд “Өөрчлөлт” альбомоо Улаанбаатарт хэвлүүлсэн. Миний дуранд монголчуудын амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтүүд он жилээрээ бий. Анх ирж байхад цахим ертөнц, гар утас, хэрэглээний бусад электрон бүтээгдэхүүн зэрэг юмс байхгүй байсан. Тэгэхэд хүмүүс маш их аз жаргалтай, амьдаръя, зүтгэе гэсэн бодолтой байсныг энэ альбомоос харагдана. Анх ирэхдээ би өөрийгөө хоол хийнэ, гал асаана бүгдийг чадна гэж бодож байсан ч яг Монголд ирээд чаддаг гэж бодсон бүх юмаа хийж чадахгүй байсан. Тэгэхэд хөдөөний малчин айлын гурван настай хүүхэд өөрөө хувцасаа өмсөөд, бакиалаа тосолж байгааг хараад энэ улсаас сурах юм их байна даа гэж бодож байлаа. Хүмүүс ажлын багаж нь ихсэх тусам юу ч хийж чадахаа больчихдог юм шиг. Орчин үед амьдралын бүх хэрэгцээ нэвтэрсэн байхад хүмүүс их тайван хүсэх юмгүй болчихсон юм шиг. Түүнийг харуулах гэж хоёр дахь альбомоо гаргасан. Гадны жуулчид Монголоос буцахдаа “Би заавал дараа дахин ирнэ” гэж ёс юм шиг хэлдэг. Гэвч ирдэггүй. Би бас буцахдаа “дараа ирнэ ээ” гэдэг. Хүмүүс энэ ч ирэхгүй дээ гэж боддог гэсэн. Тэгээд дараа жил нь хүрээд ирэхээр “Хүүе чи хүрээд ирсэн үү” гээд бараг цочдог. Тэгээд бүр сайн найз болдог. Монголын хаа сайгүй ийм найзууд бий. Гаднаас ирсэн зурагчид өөртөө хэрэгтэй зургаа аваад явдаг. Би зургаа зураг авахуулсан хүн, тэр айлд хамгийн гоё гэж тооцогдохоор авахыг хичээдэг. Зургуудаа монголд үлдээсэй үлдээе гэж номоо хийсэн.
Эх сурвалж: Айсуй цагийн төрх сэтгүүл
Жич: Бусад сайтууд хуулбарлаж авах бол "Айсуй цагийн төрх" сэтгүүлийн нэрийг заавал дурдана уу.