Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, гавж лам, Азийн буддистуудын бага хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойжамцтай цөөн хором ярилцлаа.
-Удахгүй мичин жилийг үдэж, тахиа жилтэй золгох гэж байна. Сар шинийн баяр буюу цагаан сарын тухай та өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу.
–Улиран одож буй гал мичин жилийг монголын ард түмэн маань сайхан үдэж байна. Тэнгэр бурхан биднийг ивээсэн сайхан жил байлаа. Цаг агаарын хувьд төдийгүй төр шашны үйл ч сайхан байсан. Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна. Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр юм.
-Энэ сайхан уламжлалт баярынхаа өдөр бид юуг анхаарах ёстой юм бол?
-Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. Сар шинийн өдөр бие, хэл, сэтгэл гурав ариун байх учиртай.
Нэгдүгээрт, бие ариун байх. Жилийн сүүлийн өдөр болох 29-нд гэр орноо цэвэрлэж, хир буртагаа арилгах нь шинэ ондоо хир буртаггүй, бие цэвэр орохын билгэдэл байдаг.
Хоёрдугаарт, сэтгэлийн хиргүй байх. Энэ нь хэрүүл тэмцэлгүй, сэтгэлд үлдсэн муу муухайгаа цагаатгах, эв нэгдлийн билгэдэл байдаг.
Гуравдугаарт, хэл ариун байх. Үг хэл уран яруу, амар мэнд айлтгаж, амнаас гарах сонсголонтой үг чихээр дамжин хүний сэтгэлийг тайтгаруулж, баясгаж байх учиртай. Ингэж бие хэл сэтгэлээ ариун байлгадаг. Хамгийн сүүлд нь цагаан сараар хүний таван мэдрэхгүйг баясгах учиртай.
-Таван мэдрэхгүйг баясгахын тулд яах ёстой вэ?
-Гэр орон цэвэр цэмцгэр, тоос шороогүй байх нь нүдэнд тааламжтай байж, дүрсээр нүдийг баясгана, Цагаан сараар хэлэлцэх сонсоголонтой үг чихээр дамжин зүрх сэтгэлд очиж бүлээшрүүлдэг, Амттай сайхан идээ будаагаар ирсэн зочныг дайлах нь аманд амт өргөж буй хэрэг, Баярын өдрүүдэд арц, хүж, тансаг үнэртэн гэртээ үнэртүүлэх нь хамарт нь үнэр өргөж буй хэрэг, Хөөрөг зөрүүлэх, хадаг барин золгох нь хүртэхүйн өргөл юм. Ингэж бид гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлж, ирсэн зочдыг сайхан тайвшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлж, гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал үүсгэдэг баяр юм. Дээрх бүгдийг зөвхөн цагаан сараар биш амьдралдаа үргэлж хэрэгжүүлж байх ёстой.
-Монголчуудын жилдээ бараг ганцхан удаа цагаан сараар л хөөрөг зөрүүлэн, амар мэндээ мэдэлцдэг шүү дээ. Энэ нь ямар бэлэгдэлтэй байдаг вэ?
-Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл төдийгүй ихийг өгүүлдэг. Хөөрөгний амсрыг суллан барьж, бие биедээ хар буруугүй санаагүйгээ илтгэдэг. Харин хөөрөгний толгойг доош дарж өгвөл ахуй амьдралд ямар нэгэн таагүй зүйл тохиосныг илтгэдэг байх жишээтэй. Оны төгсгөлийн битүүний бэлгэдэл болгон хөөрөг зөрүүлдэг нь Өндөр гэгээний үеэс сэдсэн эвсэл найрамдлын утга юм. Эцэж цуцахгүй дайн байлдаан үргэлжилсэн тэр үед мориноосоо бууж, хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь эвцэж өгөхгүй байсан талуудыг хөөрөглөж, тамхилах ёсыг санаачилсан гэдэг.
–Битүүний өдөр хүмүүс юуг анхаарах ёстой вэ, битүүлэх ёсны тухайд?
-Битүүлэх ёс гэдэг нь оны төгсгөлийн битүүний өдрийг сайн сайхнаар үдэх ёс юм. Бусад зарим оронд шинэ жилийнхээ эхний өдрийг л баяр хэмээн угтдаг бол Азийн орнууд тэр дундаа Монголын ард түмэн хуучин оноо сайн сайхнаар үддэг уламжлалтай. Энэ нь монголчууд аливааг төгс төгөлдөр бүтээдэг зан чанартай холбоотой. Өнгөрсөн 365 хоногийнхоо сүүлийн битүүнийг сайн сайхан үдэхийг эрхэмлэдэг. Хуучин жилийн төгсгөл 29-ний өдөр ус цасанд орж, шинэ дээлээ урлаж дуусгадаг байх жишээтэй. Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Таван мэдрэхүйд зориулж өргөл өргөж байгаа юм. Гэрээ сайхан цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг.
Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг. Хүртэхүйн өргөл бол хадаг. Сайхан зөөлөн эд биед хүрэхүйд сайхан байдаг. Энэ ёсоор зочин гийчнээ хүндэтгэн дайлдаг онцлогтой. Айлд бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж орж гэмээнэ тухайн айлд өлзий хутаг оршоодог. Монгол хүн бэлгээрээ гэдэг. Тиймээс айлын эзэд, зочин гийчид хүндэтгэл өргөдөг. Орон хийд болгон Лхам бурхан тахидаг. Лхам бурханд дараагийн жилээ даатган мөргөдөг. Тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Лхам бурхан сүсэгтэн болгоныг даадаг бурхан.
-Цагаан сарыг тэмдэглэх өдрийн тухайд сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эргэлзээтэй зүйлс их яригдах болсон. Зарим иргэд сарын өмнө цагаан сараа тэмдэглэн шинэлсэн. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Цагаан сарыг 1990 оноос хойш ийм байдлаар тэмдэглэх болсон. Үүнд ард түмний эргэлздэг зүйл нь юу вэ гэхээр манай шашин зөв учраас эднийх буруу байх аа л гэж бодож байгаа. 1911 онд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан оны тооллыг олноо өргөсөн он тоолол гээд Төгсбуянтын зурхайг авч хэрэглэсэн гэж эрдэмтэн мэргэд ярьдаг. Би зурхайч хүн биш шүү. Энэ яриа гарах болсноос хойш үүнд их анхаарах болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа хүн төрөлхтний хэрэглэж байгаа зурхай. Хятад тэргүүтэй орнууд энэ шар зурхайгаа хэрэглэдэг. Шар зурхайд зарлигаар тогтоогдсон гэдэг. Тэгэхээр хаан зарлиг гаргаж энэ зурхайг хэрэглэ гэсэн үг. Тэр нь манжийн хаана ч байсан юм уу зарлиг гарган энэ шар зурхайгаар яв гэж. Манжийн хааны гаргасан зарлиг өөрийн эзэлсэн орнууд дээр хэрэгжиж байх ёстой. Тиймээс хаан өөрийнхөө тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж байхын тулд бүх өөрийнхөө эзэлсэн улсуудад энэ шар зурхайг гарган хэрэглэсэн юм шиг байгаа юм. Монголын нөхцөлд бол хоёр зурхай яваад байсан байдаг. Хөдөө аж ахуйтай малчид Төгсбуянтын зурхайгаар Манжийн хааны зарлиг тогтоолыг хэрэгжүүлдэг тэр хүмүүс шар зурхайгаар явж байсан. Яагаад малчид энэ Төгсбуянтын зурхайгаар явсан юм бэ гэхээр шар зурхай сарын 30 өдрийг тухайн сардаа шахаад буюу багтаагаад хийчихдэг. Төгсбуянтын зурхай нь нүүдэлчин ард иргэдэд сар харж шинийн долооны сар гарч дээ гээд хэлбэрийг нь маш сайн мэддэг. Тэд тэнгэр рүүгээ хараад шууд л шинийн таван, шинийн 20 гээд хэлдэг. Хөдөө байдаг малчид бичиг үсэгтэн байгаагүй учраас тэрхүү шар зурхайг байнга өвөртлөн харж өнөөдөр шинийн долоон гээд мэддэггүй, харин тэнгэрээ хараад сараа харан мэддэг байсан. Тэнгэрийн сарны хэлбэр дүрсийг авч явдаг учраас Төгсбуянт бол малчдын зурхай гэгддэг. Яагаад илүү өдөртэй байгаа юм бэ ертөнц хурдасчаа юу, яагаад дутуу байгаа юм бэ цаг хугацаа зогсчхоо юу гэж хүмүүс асуудаг. Энэ дэлхийг сар зууван замаар тойрч эргэдэг. Тэгэхээр зууван замаар эргэж байгаа нөхцөлд сар дэлхий рүү хамгийн ойр цэгт очиход дэлхий сар хоёрын таталцлын хөдөлгөөн ихэсч, сарны хөдөлгөөн удааширдаг. Тэр үед сар дэлхий дээр харагдах байдал нь хоёр өдөр өнгөрсөн ч нэг л хэвээрээ шинийн долооны сар тэр чигтээ байдаг. Мөн сар дэлхийгээс их хол очихоор сар дэлхий хоёрын таталцал сулран сарны хөдөлгөөн хамаагүй хурдан явдаг. Тэр үед сар шинийн таван байснаа зургааны хэлбэр дүрсээ үзүүлэхгүй шууд долооны сар гардаг болохоор хасалт хийдэг. Төгсбуянтын зурхай бол сарны хэлбэр дүрсийн зурхай, харин шар зурхай нь сарны хэлбэр дүрсийг харгалзан үзэхгүйгээр хоногоо шахаад хийсэн.
-Та нийт монголын ард түмэндээ, тэр тусмаа манай сайтын уншигчдад хандан ерөөл айлтгана уу?
-Монголынхоо ард түмэнд бие биенийгээ ойлгон мэдэрч эв зүйтэй, урт настай, удаан жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Т.Гэрэл
Эх сурвалж: ULS.mn