НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ хамтран “Улаанбаатар” олон улсын Х кино наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам нь Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулж буй нэр хүндтэй наадамд тооцогдох болжээ.
2013 оноос тус наадмын олон улсын цар хүрээг өргөтгөн зохион байгуулснаар Канн, Берлин, Венец болон бусад нэр хүндтэй олон улсын кино наадмаас шагнал хүртсэн дэлхийн бие даасан арт хаус шилдэг 98 киног танилцуулж, 21000 гаруй үзэгчдэд үзүүлсэн ба нийт 700 гаруй уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, Монгол киночдын чадавхийг дээшлүүлсэн байна.
2018 оны УБОУКН-ын зохион байгуулалтад гарсан дэвшлүүдийн нэг нь наадмын Ерөнхийлөгч, Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм. Наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд, наадмын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, наадмын Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет сонгогдон ажилласныг дуулгахад таатай байна.
Энэ удаагийн наадмаар Онцлох орны кино үзвэр, Монгол кино уралдааны үзвэр, Каннын ОУКН-ын 50 жилийн түүхтэй “Найруулагчийн 2 долоо хоног” хэсгийн кино үзвэр болон олон улсын кино үзвэр зэрэг хөтөлбөрөөс гадна кино урлагийн шинэ төрөл, Virtual Reality киног наадмын хөтөлбөрт шинээр оруулан хүргэсэндээ баяртай байна. Мөн уламжлал ёсоор Монголын кино уран бүтээлчдэд зориулан олон улсын кино форум болон кино салбарын мэргэжлийн сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
Энэ жилийн онцлох орноор ОХУ-ыг сонгож, Оросын Кино Экспортын Агентлагтай хамтран “Орос кино үзвэр”-ийг зохион байгууллаа. Үзвэрт ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн 2018 оны Каннын ОУКН-ын шилдэг киноны хөгжим шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовскийгийн “Үсрэгч” зэрэг кинонуудыг Оросын Кино Экспортын агентлагийн олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Юлия Брагина танилцуулсан юм.
УБОУКН нь “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд ирсэн бүх бүтээлийг Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн шүүгчид шалгаруулж “Нээлтийн кино бүтээл”-ээр найруулагч Л. Бат-Амгалан, Иан Аллардайсын “Од ба Гэгээ” УСК, “Шилдэг богино хэмжээний кино”-ны төрөлд найруулагч Л. Дашдооровын “Хөхөө” бэсрэг кино, “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино”-ны төрөлд найруулагч Б. Тэнгисийн “Чингис Хаан” хүүхэлдэйн кино, “Шилдэг УСК” төрөлд найруулагч Ж. Сэнгэдоржын “Амьдрал” УСК тус тус шалгарлаа. Энэ дашрамд тус уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх уран бүтээлчиддээ талархал илэрхийлээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!
Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет болон УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч, шүүгч Тибу Брак нар хамтран боловсрууллаа. Францын ЭСЯ, Монгол-Францын төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институттай хамтран Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг Монголын 3500 гаруй үзэгчдэд хүргэсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд УБОУКН-ыг тасралтгүй дэмжиж ирсэн Тэнгис кино театр, D-light компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн наадамд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэд нийт зохион байгуулагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Наадмын хүрээнд АНУ-ын өмгөөлөгч, оюуны өмчийн хуульч Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон нар кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явууллаа. Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон Нээлтэй хаалга хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол улсыг онцлон дэмжихээр болсон нь Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй томоохон дэмжлэг, шинэ үүд хаалга нээгдсэн сайхан мэдээ байлаа. Мөн Гүрү медиатай хамтран Швейцарын дууны инженер Бальтазар Юкерийн зохион байгуулсан “Кино зураг авалтын дуу бичлэг” сургалт нь Монголын кино урлагийн салбарынхны талархлыг хүлээсэн чухал сургалт болсон юм.
Ингээд Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, Улаанбаатар олон улсын X кино наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүн, уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Ирэх жилийн наадмаар эргэн уулзъя.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ